ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын ЭЕШ /элсэлтийн ерөнхий шалгалт/ орон даяар энэ сарын 14-ний өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж, өнгөрөгч ням гарагт Нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөлөө. Энэ жил 40388 шалгуулагч бүртгүүлснээс хөдөө орон нутагт 22889 шалгуулагч ЭЕШ-аа өгөх байв. Гэвч гурван сурагч бүртгүүлсэн атлаа шалгалтаа өгч чадсангүй. Учир нь тэд аймгийн төвд очиж, шалгалтаа өгөх ёстой гэсэн боловсролын салбарын арилж өгдөггүй хуучин тогтолцооны дагуу замын унаанд дайгдаж явахдаа авто осолд орж, хорвоог орхижээ.

Тэднийг аав ээж нь автобусанд суулгасан ч найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд автобуснаасаа хоцорсон тэд замын таксинд сууж яарч явахдаа ийн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл ч гарч байгаа юм. Хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сурагчид байсан бөгөөд ирээдүйн мэргэжлээ сонгохоор аймгийн төв рүүгээ давхиж яваад ийн осолд оржээ. Таван хүүхэд осолд орсноос гурав нь жолоочийн хамт амиа алджээ. Тэдний хүсэл мөрөөдөл хэчнээн гэгээн байсан бол.

Ирээдүйд сайн хуульч, эсвэл сайн багш, магадгүй сонирхлоо дагаад хөлбөмбөгчид ч болох байсан юм билүү. Гэсэн ч, золгүй байдлаар гурван мөрөөдөл, гурван хүсэл эздийнхээ хамт хорвоогоос буцлаа. Гурван ээж халуун нулимсаа урсгаж, гурван гэр бүл хагацлын гашууныг мэдэрлээ. Тэдний үхэлд хэн буруутай вэ. Цэл залуухан, бүр дурлаж ч үзээгүй хүүхдүүдийн амины төлөөсийг хэнээс нэхэж, бас бурууг хаанаас эрэх хэрэг вэ.  Шалгалтын материал задарсан гэх хэргээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь огцорч, түүний оронд Г.Чулуунбаатар томилогдоод удаагүй байна.

Гэтэл хүүхдийн амь эрсэдсэн байхад хэн хариуцлага хүлээх нь өнөө хэр асуулт дагуулсан хэвээр байх юм. Сонгуулийн бараан мэдээлэл дунд гурван хүүхдийн харамсалтай үхэл дарагдаад өнгөрөх бололтой. Ингэж боломгүй байлтай. Тестийн хариу задрахад огцруулж болдог атлаа хүний амь эрсэдчихээд байхад хэнд ч хариуцлага тооцдоггүй гажиг тогтолцоо ганцхан манай улсад л байдаг биз.

ОСОЛ ГОЛ ШАЛТГААН БИШ

Уг нь Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдүүдийг аюулгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой гэж заасан байдаг юм билээ. Тэгвэл ослын тухайд салбарын шинэ сайд Г.Чулуунбаатар “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс