Засгийн газар баталсан хөтөлбөрийнхөө эхний хуудсыг ч орчуулж чадаагүй сууна

Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр өө, та бүхний өнгөрсөн гуравдугаар сард баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын хар тамхи, мансууруулах бодистой үндэсний хэмжээнд тэмцэж эхэлжээ гэж баярлаж суусан энэ хөтөлбөр цаас төдий байна, одоогоор. Засгийн газрын 77 тоог тушаалаар “Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар буюу 2017-2019, 2019-2021 гэсэн онуудад хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Гэтэл 2017 он дундаасаа хэтэрчихээд байхад энэ хөтөлбөрөөс нэг ч ажил урагшилсангүй, ямар ч арга хэмжээ авсангүй.

Бүр хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийнхөө англи хувилбарыг монгол хэл рүү бүрэн орчуулж ч чадаагүй сууна гэвэл та итгэх үү.

Уг нь бол хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу нийслэл, орон нутагт хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ажлын шинэ арга замыг тодорхойлох, Хууль сахиулах, тагнуул, гааль, эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлж, ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг иргэдэд тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулах” гэсэн ажлыг хийж гүйцэтгэхээр заажээ. Гэвч эдгээрийг эхлүүлэх битгий хэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн загвараа ч орчуулж дуусаагүй байгааг дээр дурдсан.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” бол Шри Ланка Улсын Коломбод төвтэй АНУ-ын төрийн департаментээс санхүүждэг Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн орнууд, Африкийг хариуцсан хар тамхи, мансууруулах бодисын эсрэг арга хэмжээ авч, хэрэгжүүлж, үр дүнд хүрч чадсан олон улсын хөтөлбөрийг Монголдоо суурьшуулах гэж буй хувилбар. Ийм учраас л дээрх хөтөлбөрийг эх хэл рүүгээ орчуулж байж зүг чиг хийгээд үр дүнд хүргэх арга зам, авах, хийх арга хэмжээнүүд тодорхой болох учиртай юм. Өөрөөр хэлбэл, гарын авлага нь ч бэлэн болоогүй хэрэг. Гаднаас хуулбарлаж, үлгэрлээд ч хамаагүй хамгийн гол нь цаг алдалгүй, нэн даруй энэ хөтөлбөрийг эхлүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа нь гол асуудал юм. Үүнд Монгол Улсын Засгийн газар хийгээд хөтөлбөр боловсруулагчид “Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, мэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, халбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ” гэсэн баримтыг түшиглэн дээрх хөтөлбөрийг баталж байв. Харин сэтгэцийн эмч нар болоод хуулийнхан үүнээс илүү шалтгаан олныг өгүүлж байгаа юм. Тухайлбал, СЭМҮТ-ийн их эмч Ө. Анхболд “Одоо ч хүчрэхээ байлаа л даа. Ядаж таван жилийн өмнө эхлүүлсэн бол хар тамхи, мансууруулах бодисын хзрэглээг өнөөдрийнхөөс хамаагүй илүү хянаж байхгүй юу. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд хоногт хоёр тэрбум гаруй төгрөг хар тамхи, мансууруулах бодисын эргэн тойронд эргэлдэж байна гээд бод доо. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, үүнд донтогчийг бүрэн эдгэрүүлсэн тохиолдол Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Нэр бүхий зарим хүн мансууруулах бодист донтсон, хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг бүрэн эдгэрүүлж, дахин хэрэглүүлэхгүй болгосон хэмээн нийгэмд худал цуурхал тарааж байгаа нь аюултай. Дэлхий дахинд энэ төрлийн удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн нийт хүний 3-5 хувь нь хорт зуршлаасаа татгалзах сэтгэл зүйн чадамжтай болдог туршлага л бий” гэсэн юм. Мөн “Манай эмнэлгийн хувьд тухайн донтогчид хордлого тайлах эмчилгээ л хийдэг. Түүнээс өөрөөр эмчлэх боломж, нөхцөл манайд алга. Гэтэл хэрэглэгч, донтогчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, өвчлөл нь улам бүр хүндэрч байна. Тиймээс энэ хөтөлбөрийг нэн даруй хзрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Гол нь хөтөлбөрийн хүрээнд олон үе шаттай сургалт, сэтгэл заслын арга хэмжээнүүд, урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх ёстой. Хоног хугацаа алдах тусам л залуус мэдэхгүйгээсээ, саваагүй, юм юм сонирхсон зангаасаа болж бусдын өгөөш болж, хар тамхи, мансууруулах бодист орсоор, донтсоор байна” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛСАН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЯАГААД ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА ВЭ

Хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй. Тодруулбал, уг хөтөлбөрийг 2017 оны төсөв баталсны дараа баталсан учраас энэ хөтөлбөр олон улсад хэрэгжиж буй нэртэй, бодит байдал дээр огт салхи оруулаагүй сууж байна. Хөтелбөрийн нэг жилийн төсөв таван тэрбум төгрөг аж.

Өдгөө хэрэгжиж байх учиртай хөтөлбөр яагаад зогсонги байдалтай байгаа талаар СЭМҮТ-ийн их эмч Ө.Анхболдоос тодруулахад “Бид цөөнгүй жил хөөцөлдөж байж Коломбо план гэх олон улсад үр дүнтэй хэрэгжсэн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх энэ хөтөлбөрийг Монголдоо нутагшуулан хэрэгжүүлэхээр үндэсний хөтөлбөр болгон батлуулсан. Гэвч энэ оны төсөвт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв цаг хугацааны хувьд хоцорсон учраас бид ирэх 2018 оны төсөв хэлэлцэх үеийг хүлээж байна. Тэр үед манай хөтөлбөрийг дэмжиж, төсөвт шаардлагатай санхүүжилт суух байх. Бид санхүүжилтгүйн улмаас нэг ч юм хийж чадахгүй байна. Өөрсдийнхөө чадал, боломжийн хэрээр хөтөлбөрийнхөө дэд хөтөлбөрүүдийг орчуулах гэж оролдож үзсэн. Гэтэл эмч нар ажлынхаа хажуугаар орчуулга хийх нь үр дүн бага, маш их хугацаа шаардахаар байсан. Энэхүү эмчилгээ, урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр маань нийт 36 цувралтай том хөтөлбөр. Нэг цуврал нь л гэхэд 500 гаруй хуудас хичээлтэй. Үүнийг орчуулахад багагүй цаг шаардаж байгаа юм. Энгийн хүн орчуулж чадахгүй. Мэргэжлийн үг хэллэгээс эхлээд асуудал их бий. Гэхдээ цаг хугацаа хожих, хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлтгэх зорилгоор хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй ХЗДХЯ-ны мэргэжилтнүүдэд орчуулуулахаар өгөөд байгаа. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, чиг үүрэг байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороог Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан байгаа. Үүнээс гадна хөтөлбөр эхлэхэд сургагч багш нар, мэргэжилтнүүд бэлэн байх ёстой. Гэтэл тэднийг сургах, сургалтад хамруулах мөнгө алга. Үнэндээ санхүүжилт шийдэгдсэний дараа эмч, мэргэжилтнүүд, сургагч багш нарыгаа боловсруулна, дараа нь гол ажилдаа орно гэх мэтээр цаг их алдахаар байгаа. Асуудал нь яг одоо эхэлж, арга хэмжээ зайлшгүй авах ёстой зүйл мөн. Энэ хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх шаардлага байгаагийн адил бид мөнгөтэй болохыг хүлээхээс өөр аргагүй” гэсэн юм.

Энэ хөтөлбөрийг Засгийн газар баталсан нь сайн хэрэг. Гэхдээ ямар ч бэлтгэлгүй, ядаж жижиг сажиг урьдчилсан асуудлуудыг нь ч шийдэх боломжгүй, гар хөл нь эдийн засгийн тушаатай ийм шийдвэр баталчихаад сууж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлж буй, гамшгийн хэмжээнд аль хэдийнэ хүрснийг зарлаж чадсан шигээ санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэх эрх мэдэл, чадал, зангараг Монголын төрд байсангүй. Ядаж салбарын сайдад нь эрх мэдлийнхээ хөрөнгөнөөс хөтөлбөрийн бэлтгэл ажпын төсвийг хэнээр ч шаардуулалгүй гаргачихаад бусдаасаа илүү оноо авчих сүйхээ ч алга.

Үүнээс гадна Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргалтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалтгай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвен-цид 2008 онд нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтгэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Үүгээр бол хэрэгжүүлэх ажлыг нь баталчихаад, олон нийтэд хэрэгжиж байгаа мэтээр зарлачихаад ганц хуудас цаас ч хэвлэх төсөвгүй харь хэл дээрх хөтөлбөртэй сууж байгаа нь манай улс олон улсын өмнө хариуцлага хүлээх хэмжээний хариуцлагагүй байгаагийн том баталгаа биш гэж үү. Тэгээд ч үндэсний хэмжээний хөтөлбөрөө төсөвгүй баталчихаад, олон нийтэд хэрэгжүүлэхээр боллоо хэмээн зарласан анхны улс нь манайх, анхны Засгийн газар нь манайх байх.

ГАМШИГ БОЛСОН МАНСУУРЛЫН АСУУДАЛД ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ ТА АНХААРАЛ ХАНДУУЛААЧ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 9-нд болсон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Хар тамхи, мансууруулах бодис гамшгийн хэмжээнд хүрсэн. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд эхлэл гэж байхгүйтэй адил төгсгөл ч гэж байхгүй. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд ялагдах эрх дэлхий нийтэд, ялангуяа гуравхан сая монголчууд бидэнд байхгүй. Хэрвээ ялагдвал бидний ялагдалтай хамт монгол үндэстэн, монгол удмын сан мөхөх ч аюултайг монгол хүн бүр цаг ямагт санаж явах учиртай” гэсэн. Түүнээс гадна эмч нар, эцэг, эхчүүд, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан урлаг соёлын одод, хууль, хяналтынханд баригдсан мансуурагчид “Хар тамхи Монголын хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн. Хэрэглэгчдийн тоо цагаар нэмэгдэж байна” хэмээнхар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрснийг нотолсоор байгаа. Улс, эх орны аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудал гамшгийн хэмжээнд хүрвэл Монгол Улсын Шадар сайд эрх, үүргийнхээ хүрээнд уг асуудалд анхаарал хандуулж, гамшгийн нөхцөлд арга хэмжээ авдаг. Тэгвэл өдгөө Шадар сайдын албан тушаал хашиж буй УХүрэлсүх та, Моншлын ирээдүй болсон хүүхэд, залуусыг цаг цагаар залгиж буй хар тамхи, мансууруулах бодис хэмээх хар тахлыг хэрэглэгчдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хор уршгийг олон нийтэд таниулах ажилд гар бие оролцож, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг хамгаалах Шадар сайдынхаа хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслаач. Шийдвэр гаргах түвшнийхөн, эрх мэдэлтнүүд юу ч хийлгүй нэг өдөр өнгөрөхөд магадгүй хэн нэгэн нь мансуурагчдын эгнээнд шилжиж байгаа ч юм бил үү. Яг өдийд ган, зуд, байгалийн гамшиг, элдэв ослоос илүү гурван сая гаруйхан хүн амыг хэзээ мөдхөн бүрхэж мэдэх цагаан тахлын аюулаас сэргийлэх, хамгаалахад таны үүрэг, оролцоо, сэтгэл юу юунаас илүү хэрэгтэй байна.

2021 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” гэх Эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн цогц хөтөлбөр хэр үр дүнтэй байх вэ. Коломбо план хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гаднын орнууд ямар үр дүнд хүрч байсан талаар дараагийн дугаарт хүргэх болно.

 

Үргэлжлэл бий.

Б.ЭНХ

 /ҮНДЭСНИЙ ШУУДАН/