“Туул голоо аваръя” уриан дор нэгдсэн залуус энэ сарын 1-ний өдөр Туул гол орчмын хогийг цэвэрлэж байгаа талаар мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Цэвэрлэгээнд 120 гаруй залуу оролцож, Туул голынхоо хогийг цэвэрлэсэн юм. Тэр мэдээллийн зургийг нь уншигч авхай та анзаарсан байх. Туул голоор дүүрэн гялгар уут, цаасан хаягдал. Цаашлаад хүүхдийн живх, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл буюу “дамск” байх жишээтэй.

Мөн хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэлийг бөөгнүүлээд ой модонд хаячихсан зураг фэйсбүүк хуудсаар “явж” байсныг ч хүмүүс харсан л байх. Хөдөө гадаа явахад хаа сайгүй тааралддаг зүйлийн нэг нь хүүхдийн живх. Хүмүүс хүүхдийнхээ живхийг солиод, шууд л байгальд хаячихдаг.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг ч энд мартаж болохгүй. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүнд хог гэхээсээ илүүтэй бай­гальд онц аюул учруулдаг гэд­гийг л анхааруулах гээд бай­гаа юм. Хүүхдийн живх, эмэг­тэй­чүү­дийн ариун цэврийн хэрэг­лэл, нойтон салфетка зэрэг бүтээг­дэ­хүүнүүд 100 жил болж байж байгальд шингэж, ус­таж алга болдог гэж байгаа.  Монголд “Макс”, “Таванбогд”, “Номин”, “Анунгоо”, “MSM” зэрэг то­моо­хон компаниуд хүүх­дийн живх гаднаас оруулж ирж, худал­даж байна. Бас цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчид живх үйлдвэрлэж эхэлсэн юм билээ.

Мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг ч оруулж ирж байгаа олон компани бий. Тэгвэл нэг бяцхан тооцоо хийгээд үзье. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2000-8000 живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж.  Жилдээ дунджаар 60-70 мянган хүүхэд төрдөг гэвэл байгальд 350 сая живх байгальд хаягдаж байна гэсэн үг. Дунджаар тооцвол шүү дээ.  Ингээд л устахгүй олон сая живхэндээ даруулах нь.  Тийм болохоор нэн яаралтай энэ асуудлыг шийдмээр байна.  Зарим хүмүүс живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн импортын татварыг нэмэх хэрэгтэй гэсэн санаа гаргасан байна билээ. Тэглээ гээд живх хэрэглэхгүй байна ч гэж юу байхав.

Харин ч үнэ нь нэмэгдэхээс цаашгүй. Тэгээд ч өнөө үед живх, ариун цэврийн хэрэглэл хэрэглэхгүй байна гэж байхгүй. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болчихсон. Хүүхэддээ живх битгий хэрэглүүл, байгальд хортой гэж уриалаад, үглээд ямар ч нэмэргүй. Дэлхий нийтээрээ л хэрэглэж байна. Тийм болохоор живх, ариун цэврийн хэрэглэлийг устгадаг үйлдвэртэй болох цаг болсон. Тэртээ тэргүй живх, ариун цэврийн хэрэглэл устдаггүй нь тодорхой байгаа шүү дээ.

Шатаагаад шатахгүй, дээрээс нь хамгийн аюултай хог хаягдал болчихоод байна. Ерөөсөө л бүх хогноос хамгийн сүүлд ялгарч үлдээд байгаа нь живх, ариун цэврийн хэрэглэл. Тиймээс нэн яаралтай живх, ариун цэврийн хэрэглэл, бусад шатдаггүй хогийг устгах үйлдвэр хэрэгтэй байгаа юм. Улс нь ийм үйлдвэр барьж дийлэхгүй байгаа бол импорлогчидтойгоо хамтраад ажиллаж байгаад болохгүй гэж.

Ер нь бол хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл импортолж байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, устгах үйлдвэр бариулахад яах вэ дээ. Та нар нийлээд устгах үйлдвэрээ барь, бид татварын бодлогоор дэмжээд өгье гэж тохиролцоод ажиллаж байгаад болохгүй гэж. Төр засаг гэж байдаг юм бол. Байгаль орчны яам энэ асуудалд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах цаг болсон бус уу.

Байгаль орчноо, гол усаа, ой модоо живх, ариун цэврийн хэрэглэлд даруулах аюулаас аврах хэрэгтэй байна. Ердөө нэг том үйлдвэр байхад л болно шүү дээ. Тэр нь хэчнээн үнэтэй байсан ч гэсэн олон импортлогчид хамтраад барьвал хямд тусах байлгүй. Хэрвээ импортлогчид дангаараа барьж чадахгүй, хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй гэвэл төртэй хамтарч ч болно.

 

үргэлжлэлийг эндээс