Хөвдний түймэр шиг хэзээ ч унтардаггүй, нуугдмалаар газар авч байдаг зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн монголд бус бусад улс оронд ч тулгамдсан асуудалд тооцогддог. манай улсад саяхан нэгэн жигшүүрт хэргийг илрүүлсэн байна. 

Өсвөр насны хоёр дагавар охиноо дөрвөн жилийн турш хүчирхийлж байсан хойд эцгийн хэрэг өдгөө хуулийн байгууллагад шилжээд буй. Том охин нь хойд эцгийнхээ хүүхдийг тээж байгаа аж. мөн 13 настай дагавар охиныхоо биеийг хүчээр үнэлүүлж, орой гэртээ харихад нь гарыг хутгаар зүсэж яргалдаг байсан гаж үйлдлийг ч төрийн бус байгууллагынхан илрүүлжээ.

Байнгын дарамтад байдаг өсвөр насны охид айдастай, сэтгэл гутралтай, эсрэг хүйсийнхээ хүнтэй харьцах хүсэлгүй болдог тул ирээдүйд ээж, хүний эхнэр болно гэдэг маш хүнд гэж судалгаа хийдэг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ бол ердөө л захын хоёр жишээ. Алслагдсан аймаг, суманд 20 жил гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан эмэгтэйн тухай ч нэгэн шинжээч ярьсан юм.

Хохирогчид сэтгэл гутралын гүн хямралд орж, эрүүл мэндээрээ золиослогддог

Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь голдуу охид, эмэгтэйчүүд байдаг. Зарим хүний адгууслаг зан даамжрахаараа заналхийлэгч, хүчирхийлэгч болж хувирдаг аж. Тиймээс хуулиар хүлээлгэн шийтгэл чанга байх ёстой гэсэн үгийг ч сэтгэл зүйч, шинжээчид хэлж байсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл хоруу чанартай байдаг. Учир нь хохирогч зөвхөн сэтгэл санаагаар бус эрүүл мэндээрээ хохирдог. Энэ төрлийн хүчирхийлэл нь нэг циклээс эхэлдэг бөгөөд хохирогч байнгын стресст өртөж явсаар эцэстээ гүн хямралд ордог. Тодруулбал, асар их стресс хуримтлагдсаар эцэстээ депресс болж, сэтгэл гутралын гүн хэлбэрт шилждэг байна. Иймээс гэр бүлийн хүчирхийллийг дэлхий нийтэд терроризмоос ч аюултай асуудал гэж үздэг болсон. Хэн нэгний дарамтад 10 жил амьдрахад л ходоодны шарх, элэгний архаг үрэвсэлтэй болдог талаар эмч нар ч хэлж байгаа. Иймээс далд хүчирхийлэл нь эрүүл мэндийн хамгийн том дайсан юм.

ТАВАН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХҮЧИРХИЙЛЭЛ

НҮБ-ын Жендерийн хөтөлбөрийн мэргэжилтэн “АНУ-д гэр бүлийн хүчирхийллээс болж хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ хүчирхийлэгчээс болж ямар нэгэн шарх сорвитой болсноос хохирогч амиа алдаагүй. Олон жил дарамтлуулснаас болж бамбай булчирхай нь томорч даамжран, гүн хордлогод орсноос хохирогч амиа алдсан байсан. Мөн хүүхэд нь ч бамбай булчирхайн хурц хордлоготой болсныг эмч нар хэлсэн. Өндөр хөгжилтэй оронд хүртэл гэр бүлийн хүчирхийлэл дийлдэшгүй асуудал болсны нэг илрэл энэ” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2017 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн 570 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас 581 иргэн хохирч, таван хүн амиа алдсан байна. Зөвхөн хүчирхийлэл хэр хэмжээгээр гарч байна гэдгийг тандах судалгаа хийдэг ч хэчнээн хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироод байгааг нарийн судалж гаргасан баримт Монголд байхгүй. Хүчирхийллийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон тухай судалгаа Монголд хамгийн хэрэгтэй байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолсон. НҮБ цаашдаа ийм судалгаа хийхээр бэлтгэж буй юм байна. Хэрэв ийм төрлийн судалгаа хийчихвэл манай улсын хувьд нэлээд ноцтой асуудал гарч ирж болзошгүй байгаа юм.

ХУУЛИЙН ЗААЛТ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХАЗААРЛАЖ ЧАДАХ УУ

Хуулийн байгууллагад нэгэн эмэгтэй ханджээ. Тэрбээр “Манай нөхөр байнга согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Нэг удаа архи хэтрүүлэн хэрэглэж ирээд тавгүй байдал үүсгэхэд манай хөрш цагдаа дуудаад өгчихлөө. Гэтэл баривчилж хорихоос гадна торгодог болсон юм байна. Зөрчлийн тухай хуулиар 7- 30 хоног баривчлах, шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байхаар заасан гэж цагдаа тайлбарлалаа. Энэ талаар одоо л мэдэж байна.

Ийм удаан хорино гэж бодоогүй. Гомдолгүй болохоор асуудлыг шийдэж өгөөч” гэжээ. Бас нэгэн эмэгтэй “Би нэг удаа нөхрөө эрүүлжүүлэхэд өгч байсан. Маргааш нь эрүүлжүүлэх байранд хонуулсны төлбөрийг би төлсөн. Харин одоо хуулийн шийтгэл чангараад хорьдог болсон байна. Дээр нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа юм билээ. Нөхөр согтуу ирээд агсам тавилаа гэхэд би хуулийн байгууллагад мэдээлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгуулах болоод байна. Энэ заалтыг нэг л сайн ойлгохгүй байна” хэмээн ярив.

Үнэхээр ч түүн шиг хуулийн заалтыг ойлгохгүй байгаа хүн нэг биш тааралдав. Хэдийгээр Зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй бол торгоно гэж заасан ч хөрш нь гэж тодорхой нэр заагаагүй, эсвэл хохирогч өөрөө мэдээлээгүй бол гэж бас тодорхой тусгаагүй учраас энэхүү бүрхэг заалт ойлгоход хялбар биш байгаа бололтой.

  • Хэн нэгний дарамтад 10 жил амьдрахад л ходоодны шарх, элэгний архаг үрэвсэлтэй болдог.
  • 2017 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн 570 тохиолдол бүртгэгджээ.
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг 50 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн хуулиар бол гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн хүн бүр цагдаад мэдэгдэхгүй өнгөрөх эрхгүй болж байна. Хэрэв мэдээлэхгүй өнгөрвөл 50 мянган төгрөгөөр торгуулах шийтгэлтэй.

Гэхдээ ингэж шийтгэлээ гээд хүчирхийллийг хазаарлаж, таслан зогсоож чадах, эсэх нь эргэлзээтэй. Уг нь хүчирхийлэл үйлдэгчдийг хуулиар шийтгэж, сануулга өгөх нь хамгийн зөв алхам. Харин хуулийн бүрхэг заалтаар бол зарим тохиолдолд хохирогч өөрөө цагдаад мэдэгдээгүйн төлөө торгуулж болзошгүй болох нь. Тиймээс хэн цагдаад мэдээлэх вэ гэдэг заалтыг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд сар ч болоогүй байгаа учраас цагдаа нар ч өөрсдөө нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй гэсэн тайлбар өглөө. Аливаа зүйл шинэ дээрээ алдаа оноо нь харагддаг болохоор цаашдаа хуулийн ямар заалтууд болохгүй байгаа нь анзаарагдана гэдгийг хуульчид хэлж байв.

Дийлдэшгүй далд бугшмал үзэгдэл болсон гэр бүлийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхгүй бол охид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, золиослогдсоор байна. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэсэн үг бий. Охид бие махбодь, сэтгэл санааны хохирол амсаад өнгөрдөг бол хөвгүүд тийм биш байдаг аж. Насанд хүрээд заавал хариугаа авна хэмээн өширхөх байдал ажиглагддаг талаар сэтгэл зүйч онцолсон юм.

САНУУЛГА ӨГӨХГҮЙ БОЛ ХҮЧИРХИЙЛЭГЧ ДОГШИРДОГ

Хүчирхийлэгчийг ямар нэгэн байдлаар шийтгэхгүй бол гэмт хэрэг дахин давтагдсаар эцэстээ хүний амь хохирох хэмжээнд хүрдэг байна. Сэтгэл зүйн үүднээс нь авч үзвэл гэмт хэрэг үйлдэгч нь би гэсэн байр сууринаас бүх зүйлд хандаж, бүхнийг эрхшээлдээ оруулж, өөрийн түрэмгийллийг тогтоогоод зогсохгүй өршөөгдөх бүртээ надаас эмээж байна хэмээн ташаа ойлгож улам илүү дарамталдаг болдог байна.

Хүчирхийлэл даамжрахаараа хоруу чанартай болдог

Тиймээс аливаа хүчирхийллийг газар авч, түрэмгийлэгчийг эрхшээлдээ оруулахаас нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ хуулиар далайлгахаас илүү хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад хамруулах, сэтгэл заслын эмчилгээнд явуулах гээд олон арга бий. Зарим хүн сургалтад хамрагдаад засардаг. Гэр бүлээ дарамтлахаа больдог. Гэтэл зарим нь заавал хуулийн хариуцлага хүлээж байж дахин гэмт хэрэг хийхгүй болдог онцлогтой гэж хүний эрхийн байгууллагын мэргэжилтэн онцолсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй олон жил тэмцэж байж үр дүн гарах байх. Түүнээс одоо бол хүнд байна гэсэн тайлбарыг төрийн бус байгууллагын төлөөлөгчид ярьж байсан. Хорвоод хүн болж төрөөд өсөх бага наснаасаа бусдын эрхэнд орж, бие махбодиороо хохирч амьдрах золгүй хувь тавиланг охид амсах учиргүй. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэмээр байна.  

Г.ГАНБАЯСАХ: АЛИВАА ЯЛ ШИЙТГЭЛ ОНОВЧТОЙ БАЙЖ ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ

Бид “Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясахтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай байгууллагад хүчирхийлэлд өртсөн хүмүүс хэр ханддаг вэ? 
-Ер нь хүчирхийлэлд өртсөн хүмүүс цөөнгүй ханддаг. Голдуу хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид туслалцаа авахаар ирдэг. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг их гардаг боллоо. Үүнээс гадна гэр бүл салалт нэмэгдсэн.

-Зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ хэр оновчтой вэ? 
-Юуны түрүүнд торгох баривчлахаас илүү хүчирхийлэгчид хариуцлага оногдуулах олон сонголт бий. Эхлээд сайн дураар нь сургалтад хамруулах хуулийн зохицуулалт байгаа. Сайн дураараа сургалтад хамрагдахгүй бол албадан хамруулах заалт бий. Үнэхээр торгохоос өөр гарцгүй байдаг бол хүчирхийлэгчээс өөрөөс нь торгуулийн мөнгийг авах ёстой. Нөхрөө согтуу ирэхээр цагдаад өгчихдөг.

Маргааш нь эхнэр нь өөрөө эрүүлжүүлэхийн мөнгө төлөх хэрэг гардаг. Хүүхдийнхээ хоолноос хэдэн төгрөг хумсалж эрүүлжүүлэхийн төлбөрт өгдөг байсан дээр нь дахиад торгуулийн мөнгө нэмэгдвэл тухайн гэр бүлд хүнд ачаа болох байх. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэхэд ч гэсэн хүндрэл учирч болзошгүй. Аливаа ял шийтгэл оновчтой байж хууль хэрэгждэг. Хууль хяналтын байгууллагынхан гэр бүлийг давхар шийтгэлд унагахгүй байх талаар бодолцох ёстой.

-Хүний наймааны хохирогчид гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон байдаг уу, эсвэл өөр шалтгаанаас болдог уу? 
-Бид анхандаа гэр бүлийн хүчирхийллийн талаар дагнан ажиллаж байсан. Сүүлийн 10 гаруй жил хүний наймааны хохирогчидтой ажиллаж байна. Янз бүрийн шалтгаан бий. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд хүний наймааны золиос болдог. Эдийн засгийн хүнд нөхцөлийн шалтгааныг нь судлаад үзэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ийм алхам хийсэн байдаг. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс голдуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Манайд хандаж байгаа хүүхдүүдийн 97 хувь нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байдаг.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ