Иргэн хүн газар авах гэж асар их явдал чирэгдэл болж 0.07 га газраа өөрийн болгож байгаа. Харин зарим нэгэнд нь 0.07 га газар олдохгүй байхад гадаадын иргэнд нэг биш нилээн хэдэн айлын газрыг хурган дарга асан хүмүүс өгсөн байх юм. Ингэхдээ хэдэн сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй бөгөөд уг хэргийг хуулийн байгууллага шалгаж дууссан. Өдгөө шүүхээр шийдвэрлэхээр болоод байна. 

2016 оны 07-р сарын 29-ны өдөр   Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Т.Пүрэвхатан, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авилгын хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Тэдэнтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргал Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга С.Бямбадорж нарыг мөн саатуулсан байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Улмаар Б.Цэен Т.Мөнхчулуун Д.Наранчимэг, И.Наранцэцэг М.Энхтүвшин Н.Батжаргал Б.Оюунчимэг Б.Өнөржаргал С.Оюунсүрэн, Э.Наранбат Л.Ариунжаргал Б.Наранбат Б.Мөнхболд Р.Мөнхзаяа, Г.Багахүү, Я.Даваадорж Б.Эрдэнэбат Н.Нарантуул Ч.Эрдэнэбилэг Б.Оюун-Эрдэнэ Д.Сүхбаатар, Д.Сүхбаатар Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн Г.Бат-Амгалан Я.Хишигдорж Д.Жавзандулам Ц.Болдбаатар А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар Н.Алдарсайхан Ц.Алтанцол Д.Мөнхбаяр, Э.Батсүмбэр нарыг гэм буруутай гэж үзэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн

263.2 -Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

 268.1- Хээл хахууль авах

268.2- Хээл хахууль авах

269.1- Хээл хахууль өгөх

269.2- Хээл хахууль авах

254.1- Худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг прокурор эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна. 

Хурган байж болзошгүй хэргийн талаар хүн нэг бүрчлэн дэлгэрүүлэн хүргэе.

  1. Сүх-Очирын Бямбадорж- Баянгол дүүргийн Өмч, газрын албаны дарга асан

С.Бямбадорж нь Эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байгаад арга хэмжээ авч халагдсан нэгэн. Баянгол дүүргийн Өмч, газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2016  онд тус дүүргийн 10-р хороололд баригдах 6 давхар автомашины газрыг чөлөөлж С.Баасанхүүгээс 25 000 000 үнэтэй автомашины зогсоолыг хээл  хахуульд авсан.

Мөн С.Бямбадорж, Н.Батсүх нар нь бүлэглэн “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандоржид Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн Их Цуурайтын аманд 90 айлын газар авч өгнө гэж түүнээс тус компанийн барьсан “Хадат Вилла” хотхоноос 178 000 000 төгрөгийн үнэтэй хаусыг залилан мэхэлж авсан.

  1. Нямаагийн Батсүх Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга асан

 

Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Т.Пүрэвхатан, С.Чулуунцэцэг нараар зуучлуулж БНХАУ-ын иргэн Ли Шин Линээс  2016.07.09-ны өдөр 50 000 000 төгрөгийн хээл хахууль авч БЗД-ийн 20-р хороо  Улиастайн Их Цуурайтын аманд 60 айлын газрын гэрчилгээ гаргаж өгч, кадастрын зургийг ажлын бус цагаар компьютерт шивж оруулсан. Тэдний энэ үйлдэл АТГ-ын албан хаагчдад үйлдэл дээрээ баригдсан юм.

  1. Батчулууны Амаржаргал- Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын захиргаа удирдлагын  газрын дарга асан

Б.Амаржаргал нь Н.Батсүхтэй бүлэглэн Г.Мөнхбаатар, А.Булган нараар зуучлуулан БНХАУ-ын иргэн Ли Шин Линээс 2015 оны 10-р сард 100 000 000 төгрөгийн хээл хахууль авч Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн Их цуурайтын аманд 50 айлын  газрын гэрчилгээ гаргаж өгсөн.

Б.Амаржаргал нь Нийслэлийн Өмч, газрын харилцааны гарын захиргаа удирдлагын  газрын даргаар ажиллаж байхдаа БЗД-ийн 26-р хороо Нийслэлийн соёл, амралтын  хүрээлэнгийн автомашины зогсоолыг  өөрийн нөхрийн компанид хууль бус сонгон шалгаруулалтаар олгосон. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зурагтад  хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий байрыг  нөхрийн компанид шилжүүлсэн байна.

Үүнээс гадна Эко констракшн ХХК-ийн барьсан Кинг таувер хотхонд 5 өрөө хаус, 2 давхар зуслангийн хаус, лексус 570 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авсан. Гол нь дээрх хөрөнгийг хаанас ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Улмаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Үүнийг шүүх хуралд оролцогчид эсэргүүцэл бичсэн тул Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ. 

Ямартай ч газар зарсан байж болзошгүй хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо. Тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтоох болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа