Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд иргэд даатгуулагчид руугаа чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал  төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаггүй боловч шимтгэл төлөх төлбөрийн чадамжгүй, зорилтот бүлгийн 75 иргэний өмнөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг удаа хариуцан төлөх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зорилтот бүлгийн гурван иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөр болох 172 800 төгрөг/хүн тус бүр 57 600 төг/-ийг даатгуулагчийн өмнөөс төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нь гардуулан өглөө. 

БГД-ийн 23-р хорооны иргэн Ч.Отгончанрав:

Би төрөөс эрүүл мэндийн даатгалыг  нь хариуцан төлөх иргэдийн жагсаалтад багтдаггүй, гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө ажил хөдөлмөр эрхэлж чадахгүйгээсээ болоод 2013 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүй тасарчихаад байсан юм. Эрүүл мэндийн даатгалгүй болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, биеэ эмчлүүлж чадахгүй маш хүндрэлтэй байсан.  Нийгмийн даатгалын байгууллага 75 жилийн ойнхоо хүрээнд ийм сайхан ажил хэрэгжүүлж байгаад талархаж байна. Цаашдаа эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлнө гэдгээ хэлмээр байна.

БГД-ийн 21-р хорооны иргэн Д.Одгэрэл:

Эрүүл мэндийн даатгал төлөөгүй гээд хөнгөлттэй үнээр эм, тариагаа авч чаддаггүй, эмнэлэгт ч үзүүлж чаддаггүй байлаа шүү дээ. Энэ ажлын буянаар шууд л эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхэллээ. Өглөө бид эрүүл мэндийн төв дээрээ дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд ирсэн. Харин одоо нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчтэйгээ хамт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явах гэж байна. Ард иргэдийнхээ нийгмийн болон эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, тусалдаг та бүхний ажилд амжилт хүсье.

 Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тухайд дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй хамтран дээрх иргэдийг нэг удаагийн дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулсан юм.

  Энэхүү арга хэмжээ 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны үр дүнд 75 иргэн цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, эрүүл мэндийн даатгалын үр шимийг ойлгож, шимтгэлээ тасралтгүй төлөх ажлын эхлэл болно гэж үзэж байгаа юм.