Монголын нүүрсийг үнэ цэнэтэй байлгаж  эдийн засгийн өсөлт авчирч, экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулдаг газар бол Гаалийн ерөнхий  газар, Гашуунсухайт боомт, Цагаан хадны  гаалийн хилийн бүс юм. Манай улс жил бүр  урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөдөг. Энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл III улирал дуусах гэж байхад дөнгөж 11.5 сая тонн нүүрс гаргажээ.Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж  нүүрс тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 100-200 орчим км-т машины цуваа үргэлжилж, жолооч нар болоод нүүрсний компаниуд эдийн засгийн хохирол амсч  асуудал дагуулсаар байна. Хятад улс манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн нь экспортод муугаар нөлөөлж буйг хил гаалынхан хэлж буй.

 

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрэв төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай.

 

САЙТЫН МЭДЭЭЛЛЭЭР АЛБАН ТООТ ҮЙЛДЭЖ БОЛОХ УУ?

 

Нүүрс тээвэрлэлтэд урд хөршийн хориг нөлөөлж байгаа ч дайран дээр давс нэмэв гэгчээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишигийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Цагаан хад дахь гаалийн бүсүүдийн үйл ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 4-нийг хүртэл нэмж нүүрс оруулахгүй байх тухай 2017 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 03/3432 тоот, Гашуунсухайт дахь гаалийн газарт хүргүүлсэн албан бичиг гай тарьсан гэж “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох хэлж байв.

 

Учир нь Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар нүүрсний тээвэрлэлтэд учирч буй хүндрэлийн талаар хэлэлцсэн байна. Хуралдааны тэмдэглэлийн мэдээлэл www.zasag.mn сайтад тухайн өдрөө тавигджээ. Үүнд  “экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай  ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн  сайд нарт, богино эргэлтийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосон” гэжээ. Гэвч хуралдаанд яригдсан асуудал албажиж албан ёсны бичиг тоотоор Гаалийн ерөнхий газарт очоогүй байна. Харин Гаалийн ерөнхий газрын  дэд дарга Б.Батхишиг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нэмж нүүрс оруулахгүй байх, хяналтад байгаа нүүрсийг гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулах арга хэмжээ авах тухай албан бичгээр мэдэгдсэн нь өнөөдөр энэ урт дараалал үүсгэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэл байна. Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй байхад хэрэгжүүлэгч агентлагын эрх бүхий албан тушаалтан албан тоот үйлдэх эрхгүй баймаар юм. Нөгөө талаар Гашуунсухайт дахь гаалийн орлогч дарга Б.Есөн-Эрдэнэ албан тоотоор мэдэгдсэн асуудлыг хэрэгжүүлэхдээ “Цагаан хадаар нүүрсээ тээвэрлэдэг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой”-д танайхаас нүүрс нэмж оруулахгүй гэж мэдэгдсэн. Харин гаалийн бүсийг хаагаагүй. Гэхдээ энэ дараалал долдугаар сарын 20-ноос эхэлсэн. Учир нь Хятадын тал дөрвөн урсгалаа хоёр болгосонтой холбоотой. Энэ тухай Хятадын Ганцмодны гаалиас тодруулахад гаалийн хилийн цэрэгт  хил гаалиа чангатгах үүргийг Хөх хотоос өгсөн гэсэн хариултыг тухайн үед өгч байсан” гэв. Харин “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох Цагаан хадны гаалийн бүсийг хаах тухай урьдчилж мэдэгдэлгүй  шууд хаасан нь тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөөд зогсохгүй экспорт тасалдахад хүрсэн гэсэн юм. Тэгэхээр албажаагүй шийдвэрийг харгалзан сайтын мэдээллээр албан тоот үйлдэж болох уу гэдэг асуудал эндээс үүсч байна.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ЦАГААН ХАДНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ГЭВ

 

Засгийн газрын албажаагүй тоотоос болж, Цагаан хадны  үйл ажиллагаа зогсч тэнд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулдаг 3000 иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тул “Цагаан хад хөгжлийн гарц”  ТББ наймдугаар сарын 25-ны өдөр  Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтод шийдвэрээ эргэн харахыг хүссэн бичиг илгээжээ. Гэвч  ХЗДХЯ-наас өнгөрсөн есдүгээр сарын 6-нд буюу нэг сарын дараа Гаалийн дэд даргын гаргасан тоот үйлчлэх хугацаа дууссаны дараа хариугаа ирүүлжээ. Ингэхдээ Засгийн газрын наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Одоогоор тус гаалийн бүс хэвийн ажиллаж байна гэж мэдэгджээ.Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишигээс энэ тухай тодруулахад “Наймдугаар сарын 21-нд Гаалийн ерөнхий газрын өглөөний шуурхай дээр Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадыг зогсоох тухай хэлэлцсэн байна. Энэ тухай www.zasag.mn сайтад мэдээлсэн учраас Гашуунсухайт руу албан тоот явуул гэж ГЕГ-ын дарга Б.Асралт чиглэл өгсөн. Энэ үүргийн дагуу дээрхи албан тоотыг явуулсан. Тэр үед боомт хариуцсан дэд дарга Е.Бат-Эрдэнэ ээлжийн амралттай байсан тул би орлож байсан. Гэхдээ би ч мөн ялгаагүй боомтын хөгжлийн хэлтсийг эрх хэмжээний хувьд хариуцдаг учраас тоот явуулах эрхтэй. Гэхдээ хаах тухай шийдвэрийг ГЕГ-ын даргын тушаалаар зогсоодог” гэсэн юм.  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа дээд байгууллагын албан ёсны шийдвэрийн дагуу үүрэг чиглэл өгч  албан тоот гаргадаг гэдгийг ГЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан уг нь мэдмээр юм. Нөгөө талаар  Гаалийн ерөнхий газрын дэд дарга  Е.Бат-Эрдэнэ тэр даруй албажаагүй бичгээ өөрчлөх талаар санаачлага гараагүй гэдэгт хариуцлага тооцох асуудал энд сөхөгдөж байна. Тэрээр есдүгээр сарын 20-нд  Цагаан хадны гаалийн бүсээр нэмж нүүрс оруулах тухай албан тоотоо явуулсан байв. Уг нь сарын дараа биш  тэр даруйд нь  явуулсан бол асуу­­дал дороо намжих байв.

 

ЦАГААН ХАДНЫ ГААЛЬ  НҮҮРСЭЭ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙЛГАХ БҮС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүсийг Гашуун сухайт боомтоор Таван толгойн нүүрсний уурхайн экспортод зориулан  2006 оноос бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд Гаалийн ерөнхий газрын зөвшөөрөлтэй үндэсний 22 компани гаалийн хяналтын бүс ажиллуулж байгаа бөгөөд нийт 700 гаруй хүн ажлын байраар хангагддаг. Гаалийн хяналтын талбайгаар орон нутгийн “Таван толгой”  компани  экспортод гаргаж буй нүүрсээ дамжин тээвэрлэдэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн  нүүрс борлуулсаны 70 хувь нь энэ гаалийн хяналтын бүсээр дамжсан байна. Гаалийн хяналтыг энэ бүсэд хийснээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэдэг бөгөөд гаалийн хяналтыг бүрэн дүүрэн тавих боломжтой байдаг ажээ. Уурхайгаас Цагаан хадны гаальд нүүрсээ буулгахад үйлчилгээний хөлсөнд тонн тутамд 190 юан, Гашуунсухайтын  хилээр Ганцмодны гааль хүртэл ачихад 270 юан тус тус төлдөг. Дээр нь манай нүүрсний компаниудтай гэрээ хийж урьдчилгаа мөнгөө төлсөн хятад компаниуд Цагаан хадны гаалийн бүсээс нүүрсээ хурдан ачих сонирхол нь давамгай. Тиймээс манай Засгийн газар энэ бүсээ дэмжиж хөгжүүлэх нь манайд эдийн засгийн хувьд өгөөж­тэйг тэд онцолж байн­а. Нөгөөтэйгүүр нүүрс тээвэрлэлтийн урт цуваа үүсэхгүйгээс гадна Хятад гаалийн урсгалаа нэмэгдүүлэх хөшүүрэг болох сайн талтайг тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор хуяг” компанийн жолооч нар ярьж байв.      Уурхайгаас БНХАУ хүртэл шууд ачилт хийхэд  245 км замыг туулна. Энэ замыг  уртын урт тээвэр гэдэг. Харин  уурхайгаас Цагаан хадны  хяналтын бүс хүртэл 210-215 км.Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал 20-25 км үүнийг богино тээвэр гэж ангилдаг. Одоогийн байдлаар уртын урт замд нэг жолооч 14 хоног орчим явж байна. Харин Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд буулгаснаар 1-3 хоногт нэг удаа эргэлт хийх боломжтой байдаг. Ингэснээр жолооч нарын эрүүл мэнд, гэр бүлийн байдал, цалин хөлс, амрах ажиллах боломж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, засвар үйлчилгээг цаг хугацаандаа хийх, осол аваар буурах зэрэг олон давуу талыг бий болгодог. Тэгвэл уртын урт тээвэрлэлт хийлгэдэг аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь хятад эзэнтэй компаниуд байдаг ба тэд жолооч нарын  нийгмийн асуудлыг огт хайхардаггүй, ажил, амралтын хуваарийг зохицуулдаггүй аж. Үүнээс болж осол аваар гардаг бөгөөд ажил олгогч компани хариуцлага хүлээдэггүй гэж наадмаас хойш гэртээ хариагүй жолооч нар ярьж байсан. Түүнчлэн уртын урт тээвэрлэлтийн дарааллаас шалтгаалан жолооч нар дуртай газраараа явж, шороон зам үүсч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жолооч нар олон хоногийн тээвэрлэлтэд явснаар ядаргаанд орж  улмаар сэргээш болгон “мими” гэх хориотой бодисыг хэрэглэх болон бусад сөрөг үр дагавар гарсаар байна. Нөгөөтэйгүүр уртын урт тээвэр хийж буй жолооч нар нүүрсээ буулгаж чадахгүй хилийн цаана олон хоногоор саатаж,  эд зүйлсээ алдаж, хятадуудад дээрэмдүүлэх явдал  ихээр гардаг болжээ.Энэ тохиолдолд Ганцмодны боомтод монголчуудын эрхийг хамгаалах консул байхгүйгээс иргэд хохирсоор байгааг тэд ярьж байсан.

 

ГААЛИЙН ДЭД ДАРГЫН АЛБАЖААГҮЙ ШИЙДВЭРИЙН ГАЙ

 

 

Сар гаруй хугацаанд нэмж  нүүрс оруу­лаа­гүйгээс улсын төсөв тасрахад хүрчээ. 2016 онд Тавантолгой компани  54 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж,  Өмнөговь аймгийнхаа төсөвт ногдол ашиг болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тэг­вэл нүүрс нэмж оруу­­лаагүйгээс үүдэж аймгийн болоод улсын төсөвт нүүрсний экспортоос орох орлого буурч энэ оны төсөв тасрахад хүрч байна гэж орон нутгийн “Тавантолгойн” эдийн засагч Ч.Төрмандах хэлэв. Мөн Гаалийн хяналтын бүсүүд байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөгийн  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй болсон байна. Түүнчлэн Хайрхан багийн засаг захиргааны анхан шатны нэгжийг байгуулах, төрийн үйлчилгээний байгууллагад зарцуулсан төсвийн олон тэрбум төгрөг үр ашиггүй болох нөхцөл үүссэн ажээ. Мөн бензин түлшээ зөвхөн БНХАУ-аас худалдан авч  Монгол Улсад үлдэх нэмүү өртөг, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн  мөнгөний эргэлт саарсан байна. Энэ хугацаанд  орон нутгийн олон иргэн ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тус гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа  тээвэрлэлтийн орлогоос орж буй гадаад валютын урсгалыг Монголдоо авч үлддэг байдал зогсонги байдалд оржээ. Өөрөөр хэлбэл, Цагаан хадны гаальд хязгаарлалт тогтоосноор  жолооч нар тээврийн хөлсөө хилийн цаана зарцуулах нөхцөл үүсч нүүрс буулгасан хоосон машиныг 4-7 хоног хилээр буцааж гаргалгүй саатуулдаг  юм байна. Энэ хугацаанд нэг  жолооч дор хаяж тээврийн хөлснийхөө 70-80 хувийг урд хөршийн зочид буудал, хоол хүнс бусад хэрэглээндээ зарцуулдаг аж. Үүнээс хамаарч тээвэрлэлтийг дагасан техникийн бүх үйлчилгээ зог­сох эрсдэлтэйгээс гадна  жолооч нар амрах, хооллох, эмнэлэг үйлчилгээ авах боломжгүй бо­лох зэргээр олон асуу­дал үүсдэг талаар “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ынхан ярьж байв. Тээвэрлэлт удаа­ширсантай холбогдуулан нүүрсний компаниудад квот тогтоосон. Одоогоор өдөрт 650 машин хи­лээр гаргана гэхэд Орон нутгийн өмчит  “Тавантолгой” компанид өдөрт үүний 15 хувь нь гэхээр  90  машин нүүрс гаргах л болж байна. Иймээс Засгийн газар нь гаргасан шийдвэрээ эргэн харах нь зүйтэй юм. Мөн Засгийн газрын албан ёсны шийдвэр гараагүй байхад албан бичиг үйлдсэн даргад хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулж байна.

 

Б.Наранбаатар: 12 кг “мими”-г илрүүлж цагдаагийн байгуулагад шилжүүлсэн

 

 

10-26-5Ц.БАЯР

 

МХЕГ–ын Гашуунсухайт боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн  хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатартай ярилцлаа.

 

–Хяналтыг хэрхэн тавьж байна вэ?

 

– 2007 онд манай улс Женевийн конвенцид нэгдэн орсон. Энэхүү конвенцийн дагуу мал эмнэлэг, ургамал хорио цээр, эрүүл ахуйн стандартыг олон улсын хэмжээнд мөрдөж ажилладаг. Хүн ба мал амьтаны гоц халдварт өвчнийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэг­сэлд ариут­гал халдвар­гүйжилт хийх, хүний халууныг хэмжиж  эрүүл мэндийг тодорхойлох замаар сэжиг бүхий хүн тээврийн хэрэгсэл, барааг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Байгууллагдсан цагаас хойшхи хугацаанд ийм тохиолдол нэвтрээгүй, тайван байна.

 

–Бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?

 

–Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Хятад улсад импортолдог. Гэхдээ манай боомтоор хүнсний бүтээгдэхүүний импорт байхгүй. Замын–Үүд, Алтанбулаг боомтоор бий. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн алба чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Түүнчлэн химийн бодис, цацаргын болон барилгын материалд хяналтаа тавьж байна.

 

– Жолооч нар “Мими”-г хэрэглэх байдал гарсаар байна гэдэг үүнд ямар хяналт тавьж байна вэ?

 

–Мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон эмийн ургамал, самар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан. Үүнийг тухай бүрт нь илрүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Хүний сэтгэцэд нөлөөлөх “мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан. Гааль болон манай байгууллагын хамтарсан шалгалтын үр дүнд 12 кг “мими”-г илрүүлж цагдаагийн байгуулагад шилжүүлсэн. 2012,2013 онд нүүрсний уртын тээвэрт хятад жолооч нар их явдаг байсантай холбоотойгоор уг бодисын хууль бус хэрэглээ бий болсон. Олон хоног нүүрс тээвэрлэж явахдаа унтахгүйн тулд “мими”-г хэрэглэдэг байсан. Манай улс үүнийг зөвшөөрдөггүй. Хятадын хувьд сүүлд хориглосон. Тээвэрт явж байгаа жолооч нарын 100 жолооч тутмын нэг нь хятад. Цаашид 100 хувь монгол жолооч нар яваад ирэхээр “мими”-тэй холбоотой зөрчил улам багасах болов уу.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин