Нэг хөшөөг нь буулгаад, нөгөө нэг хөшөө барихыг бүтээн байгуулалт гэх үү, хорлон сүйтгэх ажиллагаа гэх үү...? Аль нь ч биш юм байна. Орон гэр, үр хүүхэддээ зав чөлөө гаргах завгүй ажиллаж, хоногийн хоолоо залгуулж, өр зээлэнд баригдан амьдарч байгаа та бидний хөдөлмөрлөснийхөө төлөө авдаг цалингийн таван цааснаас элдэв татвар нэрээр хурааж авдаг мөнгийг хэрхэн яаж үрэхээ олж яадсан арга.

 

Өнөөдөр Монголын ядарсан ардын хүүхэд цэцэрлэгт явах насан дээрээ цоожтой хаалганы цаана доголон нулимстай үлдэж байхад нэг хөшөөг нь буулгаж, нөгөө нэгийг суурийн дээр нь барих тийм чухал уу. Өнөө маргаашгүй хийхгүй бол болохгүй тийм чухал ажил уу гэдгийг гавьяатай шийдвэр гаргаад байгаа хүмүүсээс асуумаар байна. Өнөөдөр Монголын ядарсан ардын хүүхдүүдэд суурь боловсрол эзэмшүүлэх сургууль нь хүрэлцэхгүй байхад жил хагасын өмнө хэдэн зуун сая, магадгүй тэрбум төгрөг зарцуулан босгосон хөшөөг нурааж, сүйтгэж байж, суурин дээр нь дахин хөшөө барих хоолой дээр тулсан асуудал гэж үү..!

 

Ард түмний амьдрал сайхан байна гэж та нар сэтгэж байна уу. Тэгвэл үгүй гэж хэлье. Орох оронгүй, оочих аягагүй залуу хүмүүс бидний хувьд ирээдүй минь улам бүр бүрхэг болж байна. Ядарсан эцэг эх минь бидэнд таслаад өгөх хөрөнгөгүй учир амьдрал гэх их далайд хөл алдахад энүүхэнд. Хаа газар ажилд орох гэхэд танил талгүй бол “Уучлаарай... таныг бид хүний нөөцдөө бүртгэлээ... эргээд холбоо барина” гэж хэлнэ. Хэрвээ аз нь таараад ажилд орчихсон байлаа гэхэд “Чи хэний захиасаар орсон гэж асууна” анкет бөглөж, шалгалтанд тэнцэж, ажилд орсон гэж ам нээлээ гэхэд төд удалгүй ажлаасаа халагдана. Учир юу вэ гэвэл хэн нэг нь танил талынхаа хүнийг авч ирсэн учир өмгөөлж, хамгаалах хүнгүйн улмаас хавчигдаж шахагдаж, хэн нэгний танил талд ажлын байр гаргаж өгөх нь тэр. Иймэрхүү үзэгдэл нийгэмд нэлээдгүй бий. Залуучуудыг ажил хийхгүй, залхуу байна гэж шүүмжлэх. Гэвч ажиллах орчин, нөхцөл нь бүрдээгүй байх тохиолдол нэлээдгүй байдаг гэдгийг бодох л хэрэгтэй.

 

Тэгвэл хоёрхон жилийн өмнө олон сая төгрөгөөр барьсан хөшөөг нурааж, дахин хөшөө барих гэж байгаа тэр мөнгөөрөө хэдэн хүнийг ч гэсэн ажлын байртай болгох боломжтой юм биш үү. Ард түмэн нь хөлөө олохгүй, хэцүүхэн байхад элдэв хөшөөнд хөрөнгө оруулаад байх нь хэр зөв бол гэдгийг нэг бодож үзвэл ямар вэ. VIII Богдын хөшөөг босгох гэлээ гэж эсэргүүцсэн юм биш. Эсэргүүцлээ, ажил хийх гэхээр саад тотгор болж, шүүмжилж, “гай” боллоо гэж бүү бодоорой. Шүүмжлээд байгаа гол учир нь гэвэл жил хагасын өмнө татвар төлөгчдийн мөнгөөр барьсан хөшөөг нураагаад дахин татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө барих гэж байгаа нь л тиймхэн байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт нь хүрэлцэхгүй байхад хөшөөнд ингэж мөнгө зарлагадах нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэр оновчтой шийдвэр вэ!?

 

НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаараа VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах тогтоол гаргасан. Наймдугаар Богдын хөшөөг энэ сарын 29-ны өдөр тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан босгохоор төлөвлөсөн юм билээ. VIII Богд Жавзундамба хутагтыг үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тиймээс НИТХ-аас нөгөө нэг хөшөөг нь нурааж, устгаж, богдын хөшөөг босгох шийдвэрийг гаргасан биз. Ард түмнээс асууж, аливаа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн чинь яасан бэ? 

 

Уг нь  бол Тусгаар тогтнолын хөшөөг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн хүмүүст зориулан Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд босгосон. Есөн хөлт цагаан туг, дөрвөн зүг, найман зовхис, хана хэрэм, бат бөх байдал, босоо сумны зэвийг дүрсэлсэн уг хөшөөг нээж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бичиг соёл, гүн ухаан, хүсэл тэмүүллийн гайхамшгийг чимэг болгон харуулсан энэ сүрлэг хөшөө өргөн утга агуулгатай “гэрэлт цамхаг”, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үнэт дурсгал”, үүрд мөнхөд оршихуйн ”билэгдэл” мөн” хэмээн хэлж байжээ. Харамсалтай нь тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн хүмүүсийг сануулан үүрд мөнх орших учиртай хөшөө хоёр жилийн дараа замхран алга болж байна.

Н.Чинзориг