Сургуулийн маань ард байдаг Бор толгой дээрээс Алтан Хөхий, Хөр Сэрх, Цамбагарав Хайрханы сүрлэг уулс, гэрийн минь цонхоор Жаргалант хайрхан дүнхийж харагддаг, үлгэрийн гэмээр, баруун хязгаарын жижигхэн сууринд өссөн, би азтай нэгэн.

Ай даа гээд амьсгаа авахад дэндүү уужим, ийм л сайхан нутгийн минь уулсыг зорин ирдэг уулчдын тухай ярианууд надад уулыг шохоорхох ямар нэгэн учиг үлдээсэн байж магад. 

Уулын авиралтыг бие хийгээд сэтгэлээр үйлддэг хамгийн төгс бясалгал гэдэгт би итгэдэг. Шувуу ч үл нисэх орчинд өөрийгөө ямар өчүүхэн гэдэгээ мэдэрч, хүмүүний амьдрал ямар богинохон гэдгийг ухаарах гээд агаар сийрэг тэр өндөрт тавьж буй алхам бүр нэг залбирал мэтээр буудаг юм. Уул чамайг өхөөрдөх мэт нэг хурц нараар шарна, гэнэт өтгөн манан бүрхүүлж өмнөх хүнийг ч үл харагдуулан ганцаардуулна, нүүр нүдгүй цас, бороогоор шавхуурдана, хийстэл чинь догшин хуй тавьж өвдөг чичрүүлнэ. Тэр бүгдийг давсан хойно л уулс ноён оргилоо нээн, инээсээр угтана. Тиймээ, уул амьтай.

2008 оны хавар Асралт Хайрханд авирахдаа уулын хатуу ширүүнийг анх мэдэрч билээ. Оргилын наахна цасан шуургатай таарч, ахлагч маань авиралтаа зогсоох шийдвэрийг гаргаж, бид замынхаа талаас эргэсэн юм. Туршлагагүй би бээр хуруугаа хайруулж, хоолой нь өвдсөн тааруухан хүн л ирсэнсэн. Одоо бодоход тэр л шийдвэр хамгийн зөв байсан хийгээд багийн ахлагч гэдэг ямар чухал хүн болохыг мэдэрч билээ. Туршлагатай хөтөчийн гаргасан замаар авирах нь биеэ ядраахгүй оргилд хүрэх бурханы бэлэг мэт санагддаг. Нэг ууланд хэдэн ч удаа очсон бай очих ахин бүрт огт өөр төлөв байдал угтана. Тиймээс хөтөчийнхөө гаргасан авиралтын зам, мэдрэмжинд л найдах нь зүй.

Уулчид 11 сар гэхэд дараа жилийнхээ гол авиралтуудаа төлөвлөдөг. Тэр хооронд бие бялдраа хөгжүүлэх, ачаалал даах  чадвараа сайжруулах гээд долоо хоногт дор хаяж 2 удаа бэлтгэл хийнэ. Аль багийн бүрэлдэхүүнд орох, тэдэнтэйгээ төгс ойлголцолд хүрэхийн тулд үйл ажиллагаа нь тогтмолжсон клубт нэгддэг. Туршлагатай уулчидтай холбогдон дасгалынхаа график төлөвлөх, техникийн ур чадварын сургалт авах, авирахаар зорьсон уулын тухай мэдээ, зураг, видео дүрс цуглуулан хоорондоо солилцоно. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гардаг хамгийн том хүндрэл нь өндрийн хувцас хэрэглэл, тоноглол юм. Мөн багийн хэрэгцээт майхан, олс, GPS, холбооны хэрэгсэл, анхан шатны тусламжийн хэрэгсэл бэлдэх гээд ажиллагаа их. Нэг үеээ бодоход манайд олдоцтой болсон ч өртөг нь нэлээд өндөр. Тийм учраас клубууд бага багаар мөнгө хуримтлуулан аажмаар тэр бүгдийг авах, боломжгүй үед бие биенээсээ зээлэх маягаар явагддаг. Үүний дараа туршлагатай уулын хөтөч олох гэдэг том асуудал гарна.

90-ээд оны шилжилтийн үед авиралтууд бараг зогссон байсан тул ахмад туршлагатай уулчид насан өндөр болж, дунд үеийнхнээс бэлтгэгдсэн уулын хөтөч манайд цөөн бий. Яг л ийм цагт уулынханд тусламжийн гараа сунгадаг, мөрөөдөлтэй залууст дээрх олон хүндрэлийг туулахад нь дэм болдог хүмүүсийн нэг бол Н.Сүрэнжав буюу Сэнгүүн минь юм. Тэрбээр авирах сонирхолтой залууст эхний оргилуудад нь замчилах, хэрэгцээт багаж, хэрэгсэлээ сонгож авахад нь туслах, тэдгээрийн ач холбогдлыг таних мэдэх боломжоор хангаж өгдөг тйим л хүн байлаа. Мөн өөрийн хэрэгслээсээ хэрэглүүлэх, хэрэв цааш хичээллэх бол аажимаар өөрөө цуглуул гэдэг зарчимтай. Энэ нь ч олон залууст хэрэг болсон доо. Миний л мэдэхийн өнгөрсөн 3 жилд, давхардсан тоогоор 1000 орчим уулчинд замчилсан, сургасан байдаг юм.

Авиралтын тов зарлахтай зэрэгцэн уулчид ажил, албаа зохицуулах, гэр бүлдээ ойлгуулах, зөвшөөрүүлэх гээд хүндхэн давааг туулна. Энэ нь эмэгтэйчүүдэд илүүтэйгээр нөлөөлдөг бөгөөд “эмэгтэй хүн ууланд авирах муу, лус савдаг хилэгнэнэ” гэх мэтээр дарамт бий болдог. Уулын спорт маш хүнд спорт. Тэр утгаар нь хүмүүс эрчүүдийн спорт гэж ойлгох тал бий. Ажиглалтаас харвал багийн 40% эмэгтэйчүүдээс бүрдсэн байх нь авиралтанд эерэг нөлөөтэй. Тэд өндөрт хүчийг зөв хувиарлаж, авиралтын хурд ба амралтыг зохицуулахад дөхөм болдог. Тиймээс ч бүсгүйчүүд өндөр оргилуудад авирах багт орох нь олон. Уг нь тийм том зорилго тавьсан байхад харин ч дэмжих хэрэгтэй баймаар. Асар их тэвчээр хатуужил шаарддаг спорт шүү дээ.

Энэ давааг давсны ар дээр гишүүд өөрийнхөө санаа бодлоо цэгцлэх, сэтгэл зүйгээ бэлтгэх гээд хэн ч үл анзаарам төлөвт бараг сар илүүтэй бэлтгэгддэг. Энэ үедээ маш эмзэг байдаг агаад зугаа цэнгээнээс хол, ганцаар уул хадаар алхаж бясалгах нь олонтой. Харин аялал эхэлж, үндсэн отогтоо очтол зам зуур байгалийн сайхан тогтоцтой нутаг үзэх, сонирхолтой маршрутаар явахыг хичээдэг. Энэ нь багийн хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгахад дөхөмтэй юм билээ. Харин отогт хүрсэн даруйдаа хагас цэргийн зохион байгуулалтанд шилждэг. Гутал хувцас, багаж хэрэгслүүдийг нь шалгах, тэдгээрийг хуваарилах гээд аяллын ахлагч, уулын хөтөч хоёрын ажил их. Ямар хоол, хэзээ хийх зэрэг нь ч тэдний тушаалаар хийгддэг. Тэр бүү хэл оргил хүрэлгүй буух шийдвэр хөтөч гаргасан бол дагах л хэрэг. Олон ч удаа тэгсэн. Хөтөч санал асуувал дуугар, бусдаар бол үг дүүгүй дагах нь хамгийн зөв байдаг гэдгийг ихэнх уулчид мэдэх бизээ.

Оргилд авирах өглөө авирагчдынхаа туршлага, ур чадвар, физиологийн онцлогийг харгалзан олсонд жагсах дарааллыг хөтөч тогтоодог.  Мэдээж нэг олсонд, нэг цуваанд орсон тохиолдолд цувааны эхний буюу олсны эхний хүнд, ялангуяа хөтөчид  “зам тавих” гэдэг хэцүү ажил оногдоно. Энэ нь цас ба ангалуудыг шалгаж, хөл тавих гишгүүрийг өшиглөж, нягтаршуулах гээд бусад авирагчдаас даруй 2 дахин их биеийн хүч шаарддаг. Тиймдээ ч өндөр хариуцлага, сэтгэл санааны бэлтгэлтэй хүний л хийдэг ажил юм билээ.  Туршлагатай хөтөч-удирдагчтай, түүний гаргасан замаар, түүнийг хүлээн зөвшөөрсөн баг л нийт энергийнхээ 60%-ийг хадгалж, оргилд хүрэх зорилгодоо нэг алхамд ойртдог. Сэнгүүтэй хамт байхад нэг л тайван, түүний гаргасан зам нэг л өөр байдаг юм.  

Спортын зарим төрлүүд зөвхөн хувь хүний амжилтаар үнэлэгддэг байхад багийн спорт хүний мөн чанарыг таниулдаг. Эрсдэл бэрхшээлийн дунд энэ хүн ямар хүн бэ гэдгийг нээн харуулдаг. Ингэхээр уулын спорт хүнд тэвчээртэй, хүлээцтэй, тэсвэр хатуужилтай занг суулгаж өгдөг юм. Ууланд авирна гэдэг тэр чигтээ эрсдэл. Мэдээж уулчин хүн бүр оргилд очих ганц л адилхан хүсэл, тэмүүлэлтэй. Гэхдээ хэнд, хэзээ, юу тохиолдохыг ямар ч сайн уулчин төсөөлж, төлөвлөх боломжгүй. Бид нэг алхмын цаанаа юу байгааг хэзээ ч мэдэхгүй.

Уулын спорт бол багийн спорт. Тиймдээ ч хамтдаа хүрсэн оргил дээрээ тэврэлдэж, уйлж, үгээр илэрхийлэх аргагүй оршихуйн нэгэн гайхамшгийг мэдэрдэг. Авиралт бүр хүн байх нэгэн түлхүүр өгч, хүний гараар бүтэхгүй өөрийнхөө овоонд нэг чулуу өрсөн мэт урам өгдөг тул сэтгэл нэгт нөхдийнхөө хамт авирах нь хэмжээлшгүй баясал байдаг билээ.

Монголын оргилуудад залбиралаа хүргэсэн бидний нөхдийн зам бүдгэрэхгүй, эх орны маань нэрийн хуудас байсаар байх учиртай. Тиймдээ ч надад тэднийхээ талаар хэдэн мөр тэрлэх өр бий.

Б.Гантулга