Өнгөрсөн даваа гаригт орсон цас өчигдөр нийслэлийн зам, талбайд мөсөн давхарга үүсгэлээ. Үүний улмаас өвлийн дугуйтай автомашинтай замын хөдөлгөөнд оролцоход хүртэл хүнд байгаа талаар жолооч нар ярьж байв. Бүр явган хүн гудамжаар явахад хүндхэн нөхцөл байдал үүсч, гэмтэж бэртсэн иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо.

Тус төвд таяг тулсан хэн нэгнээр түшүүлсэн гараа дээш сойж уясан хүмүүс нэлээд байсан юм. Цас орсноос хойш бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн даваа гаригт хүлээн авах тасгаар 398 хүн үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн тоо болохыг тус төвийн хүлээн авахын бүртгэгч хэлэв. Ийн ярьж байтал 60 гаруй насны нэгэн эмэгтэй ёолсоор орж ирэв. Түүний хувьд гараа гэмтээсэн гэнэ. Эмчид үзүүлэхээр дугаарлах зуураа босож суун тэвдэж буйгаас харахад тэрбээр нэлээд зовиурлаж байгаа бололтой.

Тиймээс эмч өвчин нам­даах эм ууж, рентген зураг авахуулахыг зөвлөлөө. Рент­ген зураг авах хэсэг ч мөн дараалал их байв. Гэмтсэн иргэд ихэвчлэн далд шарх авсан байсан тул эмч нар рентген зургийг нь харж эмчилгээ бичиж өгч байв. БЗД-ийн XXIV хорооны иргэн Д.Энхцэцэг өнгөрөгч даваа гаригийн 15.00 цагийн үед гараа гэм­тээжээ. Хайхралгүй орхис­ны улмаас түүний гарын бугалга хавдаж, 3-4 см орчим овойсон харагдаж байлаа. Тэрбээр “Эгч нь “хороолол”-ын замаар уруудаж явсан юм. Ард явж байсан машины дугуй гулгах чимээнээр сандрахдаа замын хажуу руу уначихсан. Ер нь энэ “III, IV хороолол” орчмын гэр хороололд явган хүний зам байдаггүй. Авто машины замаар явдаг” гэв. Давстай хар цайгаар шавшсан боловч хаван нь улам нэмэгдэж байсан болохоор ирж үзүүлж байгаа нь энэ гэнэ. 65 настай Ц.Жавзанпагма гуай мөн гараа гэмтээсэн байв. Тэрбээр бие засах газар луу явж байхдаа халтирч унасан гэнэ. Энэ мэтчилэн цас, мөсөн дээр унаж, бэртсэн иргэд олон байсан бөгөөд үүний дунд өндөр настай иргэд цөөнгүй байв. ГССҮТ-ийн Үений эмгэгийн тасгийн их эмч О.Цэрэндорж “Цас орсонтой холбоотойгоор иргэдийн явганаас унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байна. Өглөөний 8.30-аас 12.00 цагийн байдлаар 30-аад хүн хөл гараа хугалсан байдалтай орж ирж байна. Өнгөрсөн 6-ны өдөр бэртсэн хүн их байсан. Өглөөний 8.30-аас 17.00 цагийн байдлаар 50 орчим хүн ирсэн. Энэ бол зөвхөн унаж бэртсэн иргэдийн тоо. Ялангуяа, настай хүмүүс унаж бэртэж, гэмтэх тохиол­дол их байна. Үүний улмаас гар, хөлөө хугалдаг. Мөн халтиргаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол их гарч байна. Үүнээс тархи, толгой­ны гэмтэл авах, халтирч унахдаа хөлөө машинд дайруулсан тохиолдол ч их байгаа. Иргэд гадуур явахдаа аль болох аюулгүй байдлаа хангаж болгоомжтой явах хэрэгтэй” хэмээв. Нийслэлийн ерөнхий менежер Т.Ган­төмөр өнгөрсөн даваа гари­гийн байдлаар төр, хувийн хэвшлийн 1000 орчим ажилтан зам, талбайн цас цэвэр­лэж байгаа гэдгийг хэлсэн. Мөн цас хайлуулах, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорил­гоор 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис 3000 шахам давс нөөцөлсөн гэж байсан юм. Автомашины замыг цэвэрлэж, цасыг хайлуу­лахаар холбогдох бай­гууллагын ажилчид зориу­­­лалтын техник хэрэг­сэл­тэйгээр ажиллаж буй. Гэвч хотын төв зам, талбайг цэвэрлээд хотын захыг орхиг­дуулж буйг иргэд хэлж байна. СХД-ийн Баруун-Салаанд оршин суух Д.Мөнхсүх “Би СХД-ийн “Баруун-Салаа”-нд амьдар­даг. Өчигдөр орой 19.00 цагийн үед ажлаасаа гарч 23.00 цагт гэртээ харьсан. Учир нь “Баянхошуу” руу явахад өгсөж уруудах, даваа гүвээ ихтэй учраас цас орсон үед автомашинаар явахад төвөгтэй болдог. Өчигдөр (уржигдар) “Зурагт”-ын автобусны буудал дөнгөж өнгөрөөд л автобус маань алхам ч урагшлахгүй болсон. Замын бөглөрөлд хоёр цаг зогссон би арга ядахдаа автобуснаас бууж алхсан. Нэг буудал явахад портер, жижиг машин, автобус зам дээр хөндлөн зогсчихсон байв. Миний хувьд явах замдаа гурван ч удаа халтирч унасан. Би гэлтгүй явган явж байгаа хүмүүс хэд хэдэн удаа халтирч унаж байгаа харагдсан. Тийм халтиргаатай байхад зуны дугуйтай машин явж чадахгүй нь аргагүй юм билээ. Цас орох бүрт ийнхүү бөглөрөл үүсгэн хэн хэндээ хүндрэл учруулах нь зохимжгүй. Цаашлаад аваар осол гарахыг үгүйсгэх аргагүй юм” хэмээн ярилаа.      
Хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд ч мөн өөрийн гаднах талбайг цэвэр­лэх ёстой гэтэл үд болж байхад дөнгөж цэвэр­лэж эхэлж байгаа нэг нь ч байв. Ерөнхийдөө өчигдрийн Улаанбаатар хотыг нэг үгээр хэлбэл “удаашруулсан” гэхэд болохоор байв. Учир нь замын хөдөлгөөнд орол­цож байгаа автомаши­нуу­дын хөдөлгөөн удааширсан байдалтай байсан бол иргэд ч халтирч унахаас болгоомжлонгуй явж байсан юм. Тиймээс удаан хөдөл­гөөнтэй аж ахуй нэгждээ холбогдох байгуул­­­лага нь хяналт тавьж, цас орсон даруйд шуурхай арга хэмжээ авч иргэдээ хамгаалах нь хотын удирдлагуудын анхаарал­даа авах ажлын нэг болов уу. 

Үндэсний шуудан сонин