Бага насны хүүхэд алга боллоо, эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл иргэдийн чихэнд дасал болж жирийн нэг үзэгдэл мэт болжээ.  Зөвхөн нийслэлийн хэмжээнд энэ оны арван сарын байдлаар 1210 хүүхэд эрэн сурвалжлагдсан байна.

Эдгээр дуудлагын олонх нь гэртээ очих цагтаа очоогүй, компьютер тоглоомын газар бүгсэн, найз нөхөдтэйгөө нийлж гадуур тэнэсэн, баяр ёслолын үеэр эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүд байдаг байна. Үүнээс гадна гэр бүлийн харилцаа таарамжгүй, архидалт, хүчирхийлэлээс болоод хүүхдүүд гэрээсээ дайжин зугтаах тохиолдол олон байдаг аж. Алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь олддог. Гэхдээ олдоогүй тохиолдол бий. 1988-2014 оны хооронд 25 хүүхэд ор сураггүй алга болж, өнөөг хүртэл олдоогүй байна. Яг юуны учир алга болсон нь тодорхойгүй, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн ар гэр нь цагдаад тэмдэглүүлсэн хүүхдийн тоо юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө Төв шуудан, Багшийн дээд, Сөүлийн гудамж хавиар дуу дуулж, гуйлга гуйж суудаг олон хүүхэд байсан. Гэтэл одоо тэр хүүхдүүд бараг харагдахаа больжээ. Тэднийг үгүйлж, хайх ар гэр ч байдаггүй болохоор хэдэн ТББ, хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагууд нэг хэсэг хөөцөлдөж байгаад чимээгүй болсон. Хүмүүс тэр хүүхдүүдийг эцэг, эх нь олсон, зарим нь том болоод өөр тийшээ явсан гэлцдэг. Тэр ч бүү хэл Хятад руу гуйлга гуйдаг хүүхдүүдийг аваачиж хүний наймааны золиос болгосон, эд эрхтнийг худалдахын тулд хөнөөсөн гэсэн яриа гардаг байсан ч Цагдаагийн байгууллагаас энэ талаар баримттай мэдээлэл өгдөггүй. Алга болсон хүүхдүүдийн араас ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар өдий хүрлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах газрууд байдаг ч нэг байгууллагын шийдэх зүйл биш гэдэг нь тодорхой. Энэ асуудалд хэн анхаарал тавих вэ.

 

Хамгийн сүүлд энэ сарын 2-нд Замын-Үүд сумын хоёрдугаар ангийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гэж гараад одоо хүртэл сураггүй байгаа харамсалтай явдал болсон. Нийт 27 хоног эрлийн ажил явагдаж байгаа ч охины талаар сураг ажиг алга байна. Охиныг эрэн хайх явцад энэ онд 70 гаруй хүүхэд алга болсон гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Харин ЦЕГ-аас алга болсон хүүхдүүдээс 24-ийг нь олсон гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд есөн хүүхэд эрэн сурвалжлагдаж байна.

 

Хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ. Хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдал манай улсад хангагддаггүй гэдгийн тод жишээ нь энэ юм. Монгол хүүхдүүдэд төр засаг хэрэгтэй байна. Эцэг эхийн хараа хяналт сул, төр засгаас хүүхдүүдэд тавих анхаарал халамж муу байгаа нь ирээдүй болсон бяцхан үрсээ чимээгүй алдсаар байгаагийн гол шалтгаан юм.

 

 

М.Баасандэлгэр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин