Саяхнаас нэг “сайхан” мэдээ хэвлэлээр түгэв. БНСУ-ын тал өнөө жилийн гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр болсноо дуулгаад байна. Америкийн тал монголчуудад улирлын чанартай ажиллах виз олгохоор боллоо.

Гадагш гарч аж амьдралаа тэтгэх хүсэл тэмүүлэлтэй монгол залууст дээрх хоёр мэдээ хүүхдэд чихэр өгнө гэсэнтэй адил сонсогдож байгаа. Монголд ажил олддоггүй, олдлоо ч цалин хангамж нь хаанаа ч хүрдэггүй болохоор монгол залуус харь орныг зорих болсоор олон жил өнгөрлөө. Сүүлийн үеийн мэдээллээр энэ дэлхийн 30 гаруй оронд 130 гаруй мянган монгол хүн ажиллаж, амьдарч байна. Үүнээс хамгийн олон нь буюу Солонгост 42700-аад хүн ажиллаж амьдарч байгаа гэнэ. Гэтэл АНУ-д 27000, Чехэд 13000, Япон, Хятад, Орост 20-30 мянган монгол хүн сууж байсан нь 2008 оны тооллогоор 300 мянга болон нэмэгдэж зарим улсад хараар амьдрах хүүхнүүд олширчээ. Ийнхүү цөөн хэдэн монголчуудаас гадаадад ажлаар, хараар олон жил амьдарч, суурьшихад тохиолдох сөрөг гэж болохуйц нэг үзэгдэл бол уусч дасан зохицоход хүрдэг. Энэ үзэгдпийн улмаас дэлхийн бараг тив бүхэнд монгол үндэстний нэлээд нь байршин үлджээ. Сүүлийн үед монголчуудаас иргэншлээ солих явдал их боллоо. 2010 оны мэдээгээр 60-аад мянган иргэн Монголын харьяатаас гарсан байх юм. Монголын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн билээ.

Эрдэс баялгаар арвин газар нутаг, үргэлж өсч үржиж байдаг мал сүрэг бидэнд бий. Гэтэл цөөн хэдэн монгол маань квотоор, визээр бас харийн бэр, хүргэн болох зэргээр цөөрсөөр буй нь үндэстнээ аварч үлдэхийг сануулсаар байх боллоо. Саяхнаас олны дунд “Хамгийн сүүлд Монголоос нисэх хүн буудлынхаа хаалгыг хааж, гэрлийг унтраагаарай” гэх хэллэг гарчээ. Хатуу ч гэсэн сургамжтай энэ үгийг дээд төвшнийхөн үргэлж санаж улс үндэстнийхээ төлөө өөр дорвитой бодлого боловсруулмаар байгааг сануулж байна

 

Н.БӨХДАМБИЙ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин