..Үндсэндээ дээр дурьдсан хоёр компани иргэдийн илүүтэй хохироосон гэсэн үг. Ер нь барилгууд дээр ихэвчлэн 2-20 метр дутаж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тухайн үед энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар “Барилгын компаниуд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хэмжилт хийдэггүй, хүчин төгөлдөр бус гэрээ хийж иргэдийг хохироож байгаа..

Өнөөгийн соёлт нийгэмд орон сууцанд амьдардаггүй хүн бараг хүн биш мэт болох шахаад байгаа нь нууц биш ээ. Аймаг, нийслэл, тэр бүү хэл зарим суманд ч монгол гэрт амьдарч буй иргэнийг “Амьдрал нь тарчигхан юм даа, хөөрхий...” гэж хэлэх шахна. Хаа сайгүй барилгажаад буй өнөө үед иргэн бүр орон сууцтай болохыг хичээж байна. Гэвч манай улсын хүн амын дийлэнх хувь нь цалин, тэтгэвэр багатай, өрхийн орлогогүй, амьжиргааны төвшин доогуурт тооцогдож байгаа юм. Тиймээс олонхи нь хуруу хумсаа “хуйхлан” байж тав арван төгрөг хураан, эсвэл банк санхүүгийн байгууллагаас зээл авч орон сууц захиалдаг. Ер нь амьдралын төвшин доогуур иргэдэд 10, 20 төгрөг ч хайран санагддагийг хөрөнгөтнүүдэд хэлбэл шоолох биз. Гэтэл барилгын компанийн удирдлагууд ичих ч үгүй ядуу иргэдийн орон сууцтай болох гэсэн хүслийг нь далимдуулан 10, 20 сая төгрөгийг нь “мөлжиж”, орон сууцнаас нь тоосго хулгайлж байна. Тухайлбал, сүүлийн үед орон сууцны ам метр их, бага хэмжээгээр дутаж буй талаар иргэд зохих байгууллагад гомдол хүргүүлэх болсон. Үүний дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч нар өнгөрсөн онд барилгын компаниудад шалгалт хийсэн билээ. Шалгалтаар нэг өрхийн худалдаж авсан орон сууцаас дээд тал нь 15 ам метр талбай дутсан зөрчил илэрснийг мэдээлж байсан. 1.5 биш бүхэл бүтэн 15 ам метр талбай гээд бод л доо. Энэ ёстой цагаандаа гарна гэдэг нь болж байгаа биш гэж үү. Өдөр өнгөрөх тусам иргэдийн гомдлын тоо ШӨХТГ-т өссөөр байгаа аж. Энэ удаагийн шалгалтаар нэг айл барилгын компанид дор хаяж 1-2 ам метр талбайн мөнгө луйвардуулж байсныг тогтоосон. Орон сууцыг хамгийн хямд үнээр худалдаалдаг компаниуд л гэхэд иргэдэд 2-15 ам метр талбайг зөрүүтэй зардаг байж. Мөн Зайсан орчмын айлуудын байрнаас бүр 15-20 ам метрийн зөрүү гарсан. Ер нь хэмжээ дутаад зогсохгүй чанар муутай, сантехник нь авах юмгүй, хаалга үүд нь эвдэрч унадаг, зөвшөөрөлгүй гэх мэтчилэн хэл ам тасардаггүй. Энэ бүх зөрчил засрахгүй мөртлөө үнэ нь худал хэлсэн хүнд өдрөөр өсдөг. ШӨХТГ- аас иргэдээс ирсэн гомдлын дагуу барилгын компаниудад шалгалт хийсэн талаараа өнгөрсөн сард мэдээлж байсан. Ерөнхийдөө шалгалт эхэлснээс хойш иргэдийн зүгээс олон санал, гомдол ирсэн байдаг. Тэр дундаас “Тайгам Алтай”, “Ти Ди Си” тэргүүтэй арав гаруй компаниас орон сууц худалдаж авсан иргэд ам метр талбай дутсан тухай өргөдөл олноор ирүүлсэн байдаг. Үндсэндээ дээр дурьдсан хоёр компани иргэдийн илүүтэй хохироосон гэсэн үг. Ер нь дээр дурьдсан барилгууд дээр ихэвчлэн 2-20 метр дутаж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тухайн үед энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар “Барилгын компаниуд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хэмжилт хийдэггүй, хүчин төгөлдөр бус гэрээ хийж иргэдийг хохироож байгаа. Эдгээр зөрчил гаргасан 11 компанийг шалгасан. Ингээд Улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Уг албан шаардлагад зөрчлөө арилгаж, хэрэглэгчийн хохирлыг энэ сарын /арванхоёрдугаар/ 9-ны дотор барагдуулах ёстой. Хэрвээ албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэгчийн эрх¬ийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хуулийн заалтын дагуу тухайн барилгын компанийн хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгож тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн Эрүүгийн цагдаагийн газраас хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас хамтарч ажиллахаар болсон байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш зарим барилгын компани иргэдийн хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулж байгаа тухай ч мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар энэ асуудал ямар шатандаа яваа, барилгын компаниуд үнэхээр иргэдийн хохирлыг барагдуулж эхэлсэн эсэхийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийн хамгаалах газрын дарга Ч.Батбаатараас тодруулсан юм. 
 
47 КОМПАНИЙН НЭР ДЭЭР ГОМДОЛ ИРСЭН

-ШӨХТГ-аас орон сууцны ам.метр дутуу гэдэг асуудалд иргэдээс олон гомдол ирж байгаа. Ерөнхийдөө ажлын явц ямар байна вэ? 
-Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын эхнээс эхэлж шалгалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 47 компанийн нэр дээр гомдол ирчихээд байна. Анх иргэдээс гомдол ирж байхад 11 компанийн нэр дурьдагдаж байсан шүү дээ. Гэтэл 47 болтлоо нэмэгдсэн. Гэхдээ өнгөрсөн онд Улаанбаатар хотод хэчнээн орон сууц, хотхон баригдсан билээ гээд бодоод үзэхэд л тэр тооны компани байхгүй болов уу. Ерөнхийдөө миний багцаалж байгаагаар өнгөрсөн онд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Энэ тоотой харьцуулахад 40 гаруй компани гэдэг үнэхээр өндөр үзүүлэлт. Нэг компани ганц таван давхар барихгүй шүү дээ. Ерөнхийдөө хотхон маягтай л барилга барина. Тийм учраас маш олон хүн хохирсон байж болзошгүй. Яг одоогоор бол манайд 240 орчим иргэний өргөдөл, гомдол ирээд байна. Тэр иргэдийн тус бүртээ төлсөн мөнгө болоод дутсан ам.метрийг нь бодоод үзэхэд, 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрчихээд байна. Түүнээс урьдчилсан байдлаар 100 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулчихаад байгаа. Яг одоо манай дээр “Тектоник” компанийн барьсан “Ханс Вилл” хорооллын оршин суугчдаас цөөнгүй өргөдөл, гомдол ирээд байгаа. Бид шалгаж үзэхэд иргэдийг 400-гаад сая төгрөгөөр хохироосон нь илэрсэн. Үүнийгээ энэ сарын 15-ны дотор барагдуулахаар шийдвэрлэсэн. Түүний дараа учруулсан хохирлынхоо мөнгөн дүнгээр бичигдэж байгаа “Тайгам алтай компани”. Энэ компанийн нэр дээр эхлээд 10, дараа нь 20 гээд маш олон хүний гомдол ирсэн. Бид тодорхой шаардлагыг тавьсан. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухай бүрт нь 10 сая төгрөгөөр торгож байгаа. Дээрээс нь бид энэ долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газарт хандах гэж байна. 

-Танай байгууллагын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм уу? 
-Хүлээж авах нь авч байгаа. Тэгсэн мөртлөө хэрэгжүүлэх дээ хойрго байгаа. Компанийнхан хуулийн ойлголт муутай юм уу, эсвэл хуулиа мэдэж байж албаар иргэдийг хохироогоод байна уу. Орон сууцны бизнес эрхэлнэ гэдэг өдөр тутмын чихэр, боовны наймаатай адилгүй. Хүний насан туршдаа амьдрах орон гэр, амьдралын баталгаа. Иргэн хүний нэн тэргүүний хэрэгцээтэй үл хөдлөх хөрөнгө. Тийм төрлийн бизнес эрхэлж байж хуулийн биелэлтэд хайнга хандаж байна уу, эсвэл биелүүлэх сонирхолгүй байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. 

-Иргэдийн хохирлыг мөнгөн дүнг тооцож барагдуулж байгаа юм уу?
-Ерөнхийдөө бол тийм. Харин шинээр ашиглалтад орж байгаа байр дээр бол ам.метрийн зөрүү мөнгөө үлдэгдэл төлбөрөөс нь хасч байгаа. Харин нэгэнт төлбөр мөнгөө хийгээд дуусчихсан бол барилгын компаниас ам.метрийн зөрүү мөнгийг нөхөж олгож байгаа. 

-47 компанийн асуудал байгаа гэсэн. “Тектоник”, “Тайгам алтай”-аас гадна иргэдийг их хэмжээний мөнгөөр хохироосон ямар компани байна? 
-Сүүлийн үед “MD Top” гэдэг компанийн барьсан орон сууцанд амьдарч байгаа иргэдээс их өргөдөл, гомдол ирж байна. Өчигдөр /уржигдар/ манайд оршин суугчдын төлөөлөл гэж 150 орчим хүн ирсэн. Бүгдийнх нь байрны ам.метр дутуу. Тэд одоо бүгдээрээ өргөдөл гомдлоо нэгтгээд явж байна. “MD Top” компани Москва хорооллын урд талд “Дархан” нэртэй цогцолбор барьсан. Ерөнхийдөө тэр байрны оршин суугчид ихээр хандаж байгаа. Тэр хүмүүс бидэнд та хэд энэ хавиараа хуулийн дагуу шийдвэрлэ, бид тэндээ суулт зарлана гэж хэлчихээд явсан. Улаанбаатар хотод зөвхөн нэг жилд ашиглалтад орж байгаа орон сууцны ам.метрийг хэмжиж үзвэл иргэд хэчнээн сая төгрөгөөр хохирч байгаа нь тодорхой биз ээ. Барилга, тал болон бүтэн тоосгоор бүтдэг. Тэгвэл барилгын компаниудын захирал зөвшилцсөн мэт иргэдээс нэг өрөөний үнэ хулгай хийж байгаа нь ичгэвтэр санагдах юм.
 
М.НАРАНБОЛД