УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо хийсэн ажил, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт буюу 2016-2017 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн авч үзсэн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын мэдээлж буйгаар 35-40 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Хэлэлцсэн асуудлын талаар тэрбээр “Нэгдүгээрт, эдийн засагт өсөлт гарч, нааштай үзүүлэлтүүд бий болж байгаа нь сайн хэрэг ч чанарын хувьд ямар ахиц гарсан талаар гишүүд хөндөж ярилаа. Эдийн засгийн өсөлтийн өгөөж айл өрх, иргэн бүрт заавал хүрэх ёстой. Энэ өгөөж бодитоор хүрч чадаж байна уу, үүнийг бий болгохын тулд өөр ямар өөрчлөлтүүд хийж болох вэ гэдгийг ярьсан. Хоёрдугаарт, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал, тэр дундаа газар чөлөөлөхөд тулгамдсан асуудлыг ярьсан байгаа. Энэ Засгийн газрын томоохон зорилтын нэг нь гурван ээлжээр хичээллэдэг сургууль, цэцэрлэгийг 2020 он гэхэд байхгүй болгох. Ялангуяа, 2018 оны төсөвт 100 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг тусгасан. Энэ асуудлыг шийдэхэд нийслэл хотод газар чөлөөлөлтийн асуудал бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс бид газар чөлөөлөлтийг яаралтай шийдэх ёстой гэдэг асуудлыг ярьсан. Түүнчлэн дахин төлөвлөлттэй холбоотойгоор утааны асуудлыг ярьж байгаа. Утааны асуудлыг намар, хүйтрэхээр ярих бус одооноос ярьж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, утааг бууруулахад хийгдэх ажлуудад нэлээд анхаарал хандуулж ярьсан” гэлээ. Мөн гишүүний сахилга хариуцлагын талаар хөндсөн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж, төрийн албаны дунд, доод шатны ажил явахаа байлаа үүнээс үүдэн авлигал шат шатандаа их болж буйд гишүүд шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар байгуулагдаж, яам, тамгын газарт ямар бүтцийн өөрчлөлт хийсэн, төрийн албан хаагчдыг хэр халж, сольж байгаа, тэдний ажлын чадавх, төрд ажилласан туршлага зэрэг шалгуурыг хангаж чадаж байна уу гэдэгт иргэдээс гаргасан саналыг гишүүд нэлээд ярилаа. Цаашид төрийн албыг чадавхжуулж, сахилгажуулах чиглэлд ямар арга хэмжээ авах талаар шийдлээ ярилцана. Мөн УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал нэлээд яригдаж байна. Эдгээрийг бүлэг дээрээ ярих ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлж байгаа. Тиймээс намын дотоод асуудлын хүрээнд ирэх долоо хоногт ярилцана” гэлээ. Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 
-Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх юм байна лээ. Эдийн засгийн боломж нь хэр байгаа вэ?
-Эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь манай улсын авсан өр авлага их байгаа. Ер нь төсвийн орлогыг өр авлагыг барагдуулах чиглэлд тодорхой зарлага гарч байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор байсныг 80 хувьд хүргэх тохиролцоонд Засгийн газар хүрсэн. Энэ чиглэлээ баримталж ажиллах болов уу гэж бодож байна. Ер нь судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад нийт хүүхдийн 90 хувь л авдаг байсан гэсэн судалгаа байсан. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэж бодож байна.
-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгойтой холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгүүд дүнгээ хэзээ гаргаж танилцуулах вэ?
-Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банктай холбогдсон асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Шаардлагатай гэж үзвэл  дүнгээ УИХ, байнгын хороонд танилцуулах байх.
-Бүлгийн хуралдаанаар энэ  томоохон ордуудын талаар яригдсан уу. Та мөн Оюутолгой төслийг дэмжсэн хүний нэг нь би гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Ер нь энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлсэн үү?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Бодит үнэн бол энэ. Мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, сайжруулах зүйл байгаа байх гэж хувь гишүүний хувьд үзэж байна. Ер нь Оюутолгойн гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон уу гэдгийг бас асуумаар байгаа юм. Оюутолгой зурагдсанаар эдийн засаг хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ядуурч, ажилгүй байгаа биш.

Цаашид бид олон зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах тухай ярих ёстой. Яагаад гэвэл монголчуудын хувьд дэлхийн хэмжээний том компанитай том гэрээг анх удаа хийсэн. Энэ гэрээнд алдаа оноо байгаа юу гэвэл байгаа. Энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой төвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгнө гэж бодож байгаа.

Үндэсний шуудан сонин