Машины гараж, подвольд хадгалж буй үнэт өв, хосгүй дурсгалуудаа хамгаалдаггүй мөртлөө хайртай дүр эсгэгч олшров уу

Монголын түүх, соёлын хосгүй үнэт олдворуудыг хил нэвтрүүлэхийг завдаж байхад нь хууль хяналтынхан саатуулсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор бодит мэдээллийн араас нэхлээ. 

Солонгосын музейд Монгол хоосон

БНСУ-ын Үндэсний музейд нээгдэж буй үзэсгэлэнгийн танхимын Монголд зориулан тусгайлан зассан хэсэг хов хоосон, зохион байгуулагчид нь музей сонирхогчдодоо хэлэх үггүй, зарим нь ч “Уучлаарай, энэ хэсэгт Монголын соёлын үнэт дурсгалууд байх ёстой ч тэд ирж амжаагүй юм аа” хэмээж байгаа байх. Зөвхөн солонгосчууд бус дэлхийн олон орны жуулчдаар өдөр бүр дүүрэн байдаг тус музейн удирдлагуудын хувьд 20 жил хамтран ажилласан эрдэмтэдтэйгээ хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэж, шаардлагатай зүйлээр нь бүрэн хангачихаад ийн тайлбарлаж зогсох нь ичгэвтэр хийгээд гомдолтой байгаа биз ээ. 

Гэхдээ тэдний гомдлоос илүү ичгэвтэр зүйл нь Монголын түүх, археологийн салбарт амьдралаа тэр чигт нь зориулсан эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн нэр хүнд, олон арван жилийн турш хийсэн гадаад, дотоодын хамтын ажиллагаа энэ үйл явдалтай хамт дэлхий дахинд навс уналаа. Дэлхийн хэмжээний алдарт музейнхэн Монголын түүх, соёлын үнэт олдворуудыг үзэсгэлэнгийн танхимдаа залж, Монголыг хүн төрөлхтөнд сурталчлах тухай бодлоо энэ үйл явдлаас үүдэн ойрын хугацаанд лав мартах биз ээ. Учир нь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бизнесийн түнш гэх мэт бараг бүх салбарт гаднынханд хулхи, худалчаараа дуудуулдаг Монголд сэвгүй, нэр хүндтэй үлдээд байсан маш цөөн салбарын нэг нь соёлын үнэт өв байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл ийм байдалд яагаад хүрэв. 

Үзэсгэлэн гаргах хэлэлцээр ба Засгийн газрын шийдвэр

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний түүхийн болон Богд хааны ордон музейн удирдлагууд “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Үндэсний музейтэй хамтран тус музейн тусгай танхимд, 12 долоо хоногийн хугацаанд үзэсгэлэн гаргахаар 2016 оны зургадугаар сараас ажлаа эхлүүлсэн байна. Тус үзэсгэлэнд БНСУ-ын тал өндөр ач холбогдол өгч, хоёр жилийн турш зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан хамтын ажиллагаа хийж ирсэн гэсэн үг. Энэ талаар Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Эрэгзэн “Ийм хэмжээний үзэсгэлэн гаргахад үзмэр сонгохоос эхлээд бэлтгэл ажил нь маш их. БНСУ-ын тал бидэнтэй маш олон удаа санал солилцсон. Энэ бүхэн үргэлжилсээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээ байгуулсан. Гэрээгээ БСШУСЯ-нд танилцуулахад “Хадгалалт, хамгаалалтыг нь илүү сайжруулах талаар заалт нэмье” гэсэн санал өгсөн. Уг саналыг тусгаад гэрээгээ шинэчилж байгуулсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 50.1, 50.2 дэх заалтад “Төрийн захиргааны байгууллага болон түүнээс эрх олгосон байгууллага соёлын өвөөр үзэсгэлэн зохион байгуулж болно” гэсэн байдаг. Төрийн захиргааны төв байгууллага нь яам, төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг хэлдэг. Хуулийн дагуу Соёл урлагийн газар манайд үзэсгэлэн зохион байгуулах зөвшөөрөл өгсөн. Эрх олгохдоо өгсөн удирдамж, чиглэлийнх нь дагуу хийх ёстой ажлуудаа бид бүгдийг нь хийсэн. Шинэчилсэн гэрээгээ “Манай үзэсгэлэнгийн гэрээ ийм боллоо. Хянаж өгөөч” гэсэн албан хүсэлтийг БСШУСЯ, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт гаргаж, хянуулсан. Яамнаас хянаж дуусаад гэрээнд нэмэлтээр оруулах “Үзмэрээс ямар нэг хэв, дардас авахгүй, үзмэрүүдийн гэрэл зургийг үнэ төлбөргүй өгөх”, “Үзэсгэлэн гаргаж буй байрны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлын төлөвлөгөөгөө ирүүлэх хэрэгтэй” гэх мэт зүйлс тусгасан байсан. Бид БНСУ-ын талд учирлаад яамдаас ирүүлсэн саналын хэлснээр гэрээндээ нэмэлт оруулсан. Энэ үед Соёл, урлагийн газраас дарга Мөнхтуул, мэргэжилтэн Нацагням, хуулийн хэлтсийн Батцэцэг, Даваацэрэн, Мөнхзул, Соёлын өвийн газрын дарга Энхбат нарыг багтаасан ажлын хэсэг гаргаж, бидний гэрээ байгуулах үйл явцад хяналт тавьсан. Тэд бүх зүйл хууль журмын дагуу болсон гэж үзсэн тул Гадаад харилцааны яам манай гэрээг бүртгэж авсан. Тэндээс бүртгэлийн дугаар аваад гэрээ маань баталгаажсан. Үүний зэрэгцээ үзэсгэлэнд оролцох Монголын талын гурван байгууллагын үүрэг оролцоо нь ямар байх вэ, аль нь зохион байгуулалт, гэрээ, хэлэлцээрийн ажилд голлож оролцох вэ, үзэсгэлэнгийн дараа БНСУ-аас өгөх тоног төхөөрөмжийг хэрхэн хуваах вэ гэдгээ хүртэл тусгасан гэрээ байгуулсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 51.1-д “Хосгүй үнэт өвийг Засгийн газрын зөвшөөрлөөр хилээр нэвтрүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг оруулахад “Энэ бол Монголыг сурталчлах том ажил. Үүнийг дэмжиж байна” гээд хилээр гаргахыг зөвшөөрсөн тогтоол гарсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу хэрэгжиж буй Түүх, соёлын өвийг хилээр нэвтрүүлэх журмын дагуу сайдын гарын үсэгтэй лиценз авах ёстой. Бид хосгүй үнэт өвүүддээ нэг бүрчлэн лиценз авсан. Үзмэрийг боож савлах ажил ТЕГ, ЦЕГ, Гааль, МХЕГ, ЗГХА, Соёл урлагийн газраас томилсон ажилтнуудын хяналт дор оролцож буй гурван байгууллагаас ажлын хэсэг гарч БНСУ-ын Үндэсний музейн ажилтнууд гэх мэт олон талын оролцоотой, хяналттай, хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн” гэсэн юм. 
Өөрөөр хэлбэл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд, Засгийн газрын тогтоолтойгоор Монголоо сурталчлахыг бүх тал зохих хяналт, шалгалтын дор зөвшөөрсөн гэсэн үг. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ба нууц тушаал

2018 оны дөрөвдүгээр сарын 4. Энэ өдөр ШУА-ийн төлөөлөл болсон гурван албан тушаалтан БНСУ-ын Үндэсний музейд дэлгэгдэх үнэт олдвор, дурсгалуудаа аваад Сөүл рүү нисэх байв. Гэвч тэднийг Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даалгавараар хэмээн хилээр гарахын өмнөхөн нь үзэсгэлэнд гаргах дурсгалуудыг учир битүүлэг байдлаар саатуулсан байдаг. Тухайн үед болон өнөөдрийг хүртэл хууль, хяналтынхан, холбогдох албаныхан ямар учраас олдвор, дурсгалуудыг хилээр гаргахыг хориглосон шалтгаанаа тайлбарлаагүй байгаа аж. Энэ талаар Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн албан бичиг, тушаал, шийдвэр үзүүлээгүй. Гэхдээ амаар дөрвөн шалтгаан хэлсэн. Нэгдүгээрт, бидний хийсэн гэрээг олон улсын гэрээ биш байна гэж байгаа. Гэтэл Засгийн газар хооронд байгуулагдах гэрээг олон улсын гэрээ гэнэ. БНСУ-ын Ерөнхийлөгч АСЕМ-аар айлчлахад хоёр улсын Засгийн  газар соёлын салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэнд хоёр улс хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна, тэр дундаа БНСУ-д Монголыг сурталчилсан үзэсгэлэн гаргана гэсэн заалт бий. Тэгэхээр олон улсын гэрээ биш байна гээд байгаа нь яг үнэндээ судалж үзээгүйгээс болсон. Хоёрдугаарт, даатгалын үнэлгээ бага гэж байгаа. Тэнд их, багийг тогтоох ямар нэг шалгуур байхгүй учраас зүгээр л хийсвэрээр сэтгэсэн. Үнэндээ даатгалын үнэлгээг тогтооход зохион байгуулагчид оролцоогүй. Гурван байгууллага тус тусдаа комисс гаргаж, хуралдаад “Ийм даатгалын үнэлгээгээр үзэсгэлэнд оролцох боломжтой” гэж өөрсдөө шийдсэн. Түүний дагуу хийсэн. Даатгалын үнэлгээ бол нийт үнэлгээний 0.16 хувь шүү дээ. Тэгэхээр 600 гаруй сая ам.доллар гэдэг бол үзмэрүүдийг дөрвөн тэрбум орчим ам.доллароор үнэлсэн гэсэн үг. Энэ олон үзэсгэлэнгийн түүхэнд байгаагүй өндөр даатгал. Гуравдугаарт, Засгийн газрын тогтоолд Ерөнхий сайдын гарын үсэг байхгүй гэсэн. Засгийн газрын тогтоолын эх хувьд Ерөнхий сайд гарын үсэг зураад, архивт хадгалдаг, бусдад өгөх хувьд гарын үсэг зурахгүй, тамгаар баталгаажуулна гэж Төрийн албан хэрэг хөтлөх журамд заасан байдаг юм байна. Төрийн ажил хийж буй энгийн хүн мэдэхээр зүйл. Дөрөвдүгээрт, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна гээд Ц.Оюунгэрэл сайдын 2012 оны тушаалыг зөрчсөн байна, Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх журам батлагдаагүй гэсэн нь нэг юмны хоёр талыг сөргүүлж тавиад байгаа юм. Хэрэв Ц.Оюунгэрэлийн тушаал хүчинтэй гэж үзвэл одоо хэрэгжиж буй Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх журам хууль ёсных гэсэн үг. Сайдын тушаал хүчинтэй гэчихээд журам нь хүчингүй гээд байж болох уу. Хэрэв сайдын тушаал хүчинтэй, журам нь хүчингүй гэж үзэж байсан юм бол өнгөрсөн жил ХБНГУ-д хосгүй үнэт үзмэрүүдээр үзэсгэлэн гаргахад ийм асуудал яагаад болоогүй юм бэ. Ц.Оюунгэрэлийн тушаал тухайн үедээ ч хуультай зөрчилдөж байсан, 2014 оны шинэчилсэн найруулгатай ч нийцэхгүй байгаа. Хуультай илт зөрчилдөж байгаа болохоор хүчингүй болгохоос аргагүй тушаал байсан. Цогзолмаа сайд уг тушаалыг саяхан хүчингүй болгосон байна лээ” гэв. Гэтэл УИХ-ын чуулган дээр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ үзэсгэлэнд санаа тавьж салбарын сайдаас асуухад хүчингүй болгосноо ч мартсан сайд нь хүчингүй болгох хэрэгтэй, сав баглаа боодол нийлсэн хэмээн хэнэг ч үгүй хийсэн үйлдэлээ мэдэн будлин хариулж суусан. Уг нь энэ ажил соёлын салбарын өмнөө барих том ажил байсан. Тиймээс салбарын сайд нь өөрөө ач холбогдол өгч хойноос нь явах атал бараг сүүлдээ түүнээсээ зугтаж, элдэв хариуцлагагүй мэдэгдэл энэ тэнд хэлж яваа хэмээн музейн салбарынхан гаслаж сууна. Сайд нь одоог хүртэл хэрхэсэн тухайгаа Солонгосын талд огт хэлэхгүй, Соёл хариуцсан шинэхэн газрын дарга нь би мэдэхгүй хэмээн бултаж эхэлсэн бололтой.  

Хуулиас давсан тушаалыг өмнөө баригчид ба хувийн амбиц

Дээр дурдсанчлан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хийгдэж байсан хоёр улсын хамтын ажиллагааны ажлыг 2012 онд гаргасан сайдын тушаалыг үндэслэн гацаагаад байгаа нь энэ юм. Уг нь 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн 2012 онд гаргасан сайдын тушаалыг хууль давуулан үйлчлүүлэхийг оролдож байна гэсэн үг. Энэ талаар Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан “Зарим хүн хууль дүрэм зөрчсөн, үзмэр алдагддаг, буцаж ирдэггүй гэсэн цуурхал яриад бидний ажлыг гацаагаад байна. Манайх монголчуудын соёлын өвийг судлах, сурталчлах, танин мэдүүлэх, хадгалах, хамгаалах үүрэгтэй байгууллага. Энэ үүргийнхээ хүрээнд уг үзэсгэлэнд оролцохоор бэлтгэсэн. Үүнийг зогсоож байгаа нь цаашдаа Монголын соёлын өвийг олон улсад сурталчлахыг зогсоож буйгаас ялгаагүй. Бид 2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу ажилласан. Ажилд маань алдаа дутагдал байхгүй. Манай музей 2005 оноос хойш хамтарсан болон дангаараа зохион байгуулсан 20 удаагийн үзэсгэлэнд оролцсон. Тэгэхэд үзмэрээ алдаж үрэгдүүлсэн  удаагүй. ҮАБЗ-ийн ажлын албанд нууцын зэрэглэлээр ажил гацаах эрх, үүрэг бий юу, үгүй юү гэдгийг би мэдэхгүй юм. Бидний ажлыг яагаад гацааж, зогсоож байгаагаа мэдэгдсэн нэг хуудас цаас ч өгөөгүй. Ядаж ажил хариуцаж, хийж байгаа хүмүүст үүнийгээ мэдэгдэж, ямар алдаа дутагдал гаргасныг нь тайлбарлах ёстой баймаар санагдах юм гэсэн бол музейн захирал Д.Сүхбаатар “Энэ битүү хатуу байдал нь биднийг БНСУ-ын хамтрагчдын маань өмнө маш эвгүй байдалд оруулж байна. Үнэхээр ичиж, нүүр хийх газаргүй болж байна. Бүхнийг хуулийн дагуу хийж, бичиг баримт, зөвшөөрлөө бүрдүүлчихээд байхад гацаагаад 20 гаруй хонолоо. Үнэхээр шалгаж тодруулах зүйл байсан бол долоо хоногийн дотор шалгаад, яах ийхээ тодорхой болгочихно биз дээ. Энэ тодорхойгүй байдал биднийг БНСУ-ын өмнө төдийгүй бусад улсуудын өмнө ч ичгэвтэр байдалд оруулж байна. Манай музей Данид үзэсгэлэн гаргахаар санал солилцож байгаа юм. Гэтэл ирүүлсэн гэрээний төсөлдөө “Монгол Улсаас БНСУ-д тавьсан хориг, түүнтэй адил төстэй хориг давагдашгүй хүчин зүйлд тооцогдохгүй” гэж оруулж. Биднийг ийм л нүдээр харж байна шүү дээ. Тиймээс ярьж байсан бүх яриа хэлцэлээ зогсоосон. Одоо эрх бүхий байгууллага, ҮАБЗ-ийн ажлын алба нь гэрээгээ хийнэ биз. Нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмждэггүй юм гэхэд гай болмооргүй байна” гэсэн юм. 
Мөн зохион байгуулагчдын нэг С.Чулуун “Энэ бол үнэхээр Монголын соёлыг дэлхийд гаргахыг шалтаглан эсэргүүцэж, түүнийг хийх гэсэн хүмүүсийг нухчин дарах гэсэн санаатай үйлдэл. Бүх зүйл хууль журам, заавар зөвлөгөөний дагуу явсан. Би алдаа гараагүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хэрвээ байсан бол хил дээрээс буцаахаас өмнө хэлж, эсвэл одоо 20 гаруй хоноход шийдвэрлэж өгч болдоггүй юм уу. Монгол дэлхийн соёлын талбай дээр хамгийн ичгэвэртэй байдалд орж байна. Украин л хэдэн жилийн өмнө ингэж нэг үзэсгэлэнгээ татсан юм гэсэн. Эрмитаж, Дани, Унгар, Турк, Герман зэрэг оронд Монголыг сурталчлахаар бэлтгэгдэж байсан бусад үзэсгэлэн одоо бол бүрэн зогссон. Монголын соёлын төлөө зүтгэчихээд сүүлдээ захын дарга, цэргээс хулгайч гэх үг сонсох янзтай. Өөрсдийнхөө хийдэг зүйлийг өрөөлд нааж ойлгодог байж болох уу” хэмээсэн юм. 
Хоёр улсын хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-нд нээлтээ хийх байсан ч манайх оролцож чадаагүй, ямар учраас саатуулагдсанаа ч мэдээгүй өнөөдрийг хүрч буй. Ямар нэгэн хууль бус зүйл уг ажиллагаанд байсан бол түүнийг нь илрүүлж, учрыг нь тайлбарлах хугацаа өнгөрсөн ч тийм зүйл болсонгүй. Тиймээс үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны хувийн амбиц, шийдвэр гаргагчдад нөлөөлж чадаж байгаагаа харуулах гэсэн муйхар бодол явж байхыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тийм биш бол хуулийн дагуу хийгдсэн Засгийн газрын тогтоолтой, арилжааны бус, улсынхаа түүх, соёлыг дэлхий дахинд сурталчлах үйл ажиллагааг ийн гацаах ёсгүй юм. Үүнээс болж ямар асуудал үүсч байгааг Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Эрэгзэн “Манай хүрээлэн бол дэлхийн 34 улсын 48 байгууллагатай хамтран ажилладаг, Ази тив дэх хамгийн олон гаднын судалгааны байгууллагатай хамтран ажилладаг төрийн байгууллага. Энэ удаагийн үйл ажиллагааг маань саатуулснаар БНСУ-тай бидний хамтарч ажилласан 20 жилийн ажлыг баллуурдаж байгаа хэрэг. Ингээд зогсохгүй ирэх 20 жилийн хамтын ажиллагааг зогсоож байгаа халтай үйл явдал байж ч мэднэ. Энэ удаагийн үзэсгэлэн Монголын түүх, соёлыг цогц хэмжээгээр танилцуулах гурав дахь удаагийн л үйл ажиллагаа байх байсан. Ногоон дарь эхийг өмнө нь 14 удаа гаргахдаа хамгийн дээд тал нь 480 мянган ам.доллараар даатгаж хилээр гаргаж, үзэсгэлэнд оролцуулж байсан байдаг. Ингэхдээ дэлхийн таван улсад, зарим үед бүр хоёр жилийн хугацаатайгаар үзэсгэлэнд тавигдсан байдаг. Гэтэл бид хоёр сарын хугацаанд нэг сая ам.долларын даатгалтайгаар, хамгийн эрсдэл багатай орон руу үзэсгэлэнд тавих гэж байлаа. Энэ бол үнэ биш даатгал гэдгийг хүмүүс зориуд гуйвуулж байгаа нь харамсалтай. Ногоон дарь эхийн даатгалын үнэлгээг бид шийдсэн юм биш. Богд хааны ордон музейн комисс өөрсдөө ийм шийдвэр гаргаж, үзэсгэлэнд Ногоон дарь эхийг тавья гэсэн. Энэ үзэсгэлэн арилжааны бус үзэсгэлэн. Гэхдээ 100 сая вонын буюу 220 гаруй сая төгрөгийн үнэ бүхий зориулалтын хадгалалт, хамгаалалтын сав, баглаа боодол, хоргыг манайд шилжүүлэхээр тохирсон байсан. Үнэнийг хэлэхэд, гадныхны сонирхож, үзэх гэж байгаа манай соёлын үнэт өв, дурсгалууд үнэндээ орон сууцны подвольд, машины гражид л хадгалагдаж байгаа. Үүнд маань тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хадгалалтын орчныг сайжруулахаар бид тохиролцсон байсан. Энэ бүхэн одоо байхгүй болж байж мэднэ. Үүнээс гадна ирэх жил үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан Турк, Унгар, Норьеги, Дани, ОХУ зэрэг оронд гарах байсан үзэсгэлэнгүүд энэ үйл ажиллагаатай холбоотойгоор гацаанд орж, зарим нь эхнээсээ саналаа буцааж байна. Жишээ нь, Анх удаа агуу Эрмитажын музей манай улсын үзэсгэлэнг музейдээ гаргахыг зөвшөөрсөн байсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үзэсгэлэнгээ нээнэ гээд бэлтгэл ажил эхлээд байх үед ийм харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал болж байгаа нь ичгэвтэр байна. Гэвч энэ бүхэн хэн нэгний үзэмжээр шийдэгдэв бололтой. Ингэж хэлсэн шалтгаан нь өнөөг хүртэл нэг ч албан бичиг бидний гар дээр ирээгүй байна. Бид бүгдийг хууль, журмын дагуу хийсэн атлаа буруутан болчихоод сууж байгаагийнхаа үндэслэлийг ч олж үзээгүй 20 гаруй хоночихлоо” гэсэн юм. 

Үндэсний шуудан сонин