Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт

Дарга Д. Лүндээжанцан танаа

Эрхэм нөхөд та бүхний шинэ 2018 оны ажил үйлс, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөхийн хамт Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн батлуулах нэр хүндтэй үйлсээ амжилттай бүтээхийг хүсч эл өөрчлөлтөд өөрийн гэсэн бодол, саналаа тусгасан захидлыг илгээж байгааг хүлээн авч болгооно уу. Одоогоос 26 жилийн өмнөөс Монгол орон хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, Үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулан хөгжүүлнэ гэсэн эрхэм зорилгыг тунхагласан Үндсэн хуулийг баталж мөрдүүлж эхэлсэн билээ. Энэхүү эрхэм зорилгыг амьдралд биелүүлэх ажил зөв голдиролоор явуулаагүйгээс болж ардчилал, зах зээлийн харилцаагаар хөгжсөн гэгдэх 27 жилийн дотор Монголын нийгэм хөгжлийн чиг баримжааны гажуудалд оржээ. Монгол орон эдүгээ амин хувийн ашиг сонирхпыг тэргүүн зэрэгт тавьдаг хүн хүнээ дарлах, дарлагдах ёсны мөлжлөгийг хүлээн зөвшөөрсөн зэрлэг капитализмын гаралтай эдийн засгийн суурь дээр дулдуйдан явж байна. Улс төрийн эдийн засгийн ухаан гэгч төр засгийн зүгээс нийгмийн эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралыг яаж удирдах вэ? гэдэгт цогцоор нь авч үздэг гайхамшигт шинжлэх ухааны онол, сургаалийг (үүний гол цөм нь К.Марксын сургааль) социализмтай нь хамт хаяснаас эдийн засгийг гагцхүү мөнгө гэж үздэг мөнгөний хаанчлал тогтов. К.Марксын "Капитал" гэдэг суут зохиолд тодорхойлсончлон) капитализмын ийм хөгжлийн үед мөнгө нь мөлжлөгийн хэрэгсэл болсон мөн чанарыг агуулдаг ажгуу. Гадаадын голцуу асар их зээлийн хөрөнгө оруулалтаар явагдаж байгаа үйлдвэрлэлийн явц дахь хөрөнгө мөнгөний зарцуулалтад хийгдэх ёстой нябо-бүртгэл, санхүүгийн хяналт шалгалт орхигддогоос (эдгээр нь үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явагдаад дуусч мөнгө хөрөнгө аль хэдийнэ завшигдаад өнгөрсөн хойно тэнгэрээс бууж ирдэг) зальт этгээдүүд замаас нь хулгайлж луйвардан завших үүд хаалга нээлттэй болсон. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн гол үйлдвэрүүд, авто болон төмөр зам, барилга гэх мэтийн өнөөгийн өнгө төрхөөс тодорхой харагдаж байна. Нэгэнт ард олон түмний хөлс хүчээ гоожуулж, тамаа цайтал хөдөлмөрлөж байж олсон хэдийг татвар, түрээс, банкны хүү мэтээр хурааж авснаа цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, зээл гэх мэтээр эргүүлж хуваарилахдаа мөн л замаас нь нөгөө зальт этгээдүүд хулгайлж луйвардан авдаг. Үүний бэлээхэн жишээ нь арилжааны банкууд тэтгэврийн болон үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зээл гэгчийнхээ хүүг тэнгэрт тултал хөөргөдөж, түүгээр ч зогсохгүй банк бүр охин компани гэгч луйврын газруудтай болж төв банкнаас эхлээд ХХБ гэгчид нь луйврын том үүр уурхай болсон байсан нь Золжаргалын хэрэг, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтийн хэргүүдээс тодорхой харагдана. Үйлдвэрлэлийн харилцааны бас нэг гол хүрээ болсон арилжааны салбарт мөн л луйвар нүүрлэж байна. Үүний бас нэг тодорхой жишээ нь шатахууны арилжаа эрхлэгч компаниудын бензин шатахууны үнийг үгсэн хуйвалдаж үндэслэлгүй хөөргөгдөж байгаа луйвар юм. Энэ мэтээс үзэхэд Монголд ер нь үйлдвэрлэл, хуваарилалт, арилжааны хүрээнд зохицуулалт хийдэг хууль ном, байгууллага гээч нь хаачсан юм бэ гэмээр. Эдийн засаг дахь зэрлэг капитализмын луйврын шинжийг агуулсан гэмт үйлдлүүд нь ард түмнийг үгүйрүүлэн хоосруулж, ажилгүйдэл, ядуурал газар авч хүн ард амьжиргааны наад захын идэж уух, өмсч зүүхээ хангаж чадахгүйд хүрч идэх талхаа таллаж авахдаа ч хүрсэн хэрэглээний тун ч тарчиг ядмаг байдалд оров. Ийм байтал Монголын улс төр, эрх, ёс суртахуун шашин, философи, урлаг гэх мэт нь дээрх байдлыг элдэв аргаар аргацаан зөвтгөсөн үзэл суртал, улс төрийн үзэл, эрх, зан суртахууны янз бүрийн эрээвэр хураавар холион бантан болсон үзлийг энд тэндээс цуглуулж Монголын ард түмний оюун санааг бохирдуулсаар байна. Ард түмнийхээ төлөө ажиллацгаая гэсэн тунхаглалтай Монголын төр, эрх баригч намуудын жолооны ард сууж буй эрхмүүд нь өөрсдөө шинэ нөхцөл байдалд нийцэн мэдлэг оюунаасаа эхлээд хөгжин төлөвшиж чадахгүй байгаагаа онолын талаар хоцрогдож Монголын нийгмийн өнөөгийн гол зарчим-хөдөлмөр капитал хоёрын хоорондох зөрчил (өөрөөр хэлбэл хөдөлмөрийн нийгмийн шинж чанар, эзэмшлийн явцуу хүрээ хоёрын хоорондох зөрчил)-ийг ч олж харж шийдвэрлэх арга замаа олохгүй мунгинан сууж байгаа нь нууц биш ээ. Манай удирдлагууд өөрсдөө хөгжихгүй нийгмийн хөгжлийн эрэлт шаардлагаас хол хоцорч эвдэрсэн сэтгэлгээтэй, ёс зүйгүй хүмүүс болж хувирснаас дээд удирдагчдаасаа эхлээд төр засгийн эрх мэдлийг атгагчид үйлдвэрлэлийн замаар явж бүтээн босгохыг урьдал болгон улсаа өөд татаж ард түмнээ сайн сайхан амьдруулахын оронд гадаад, дотоодын компрадор хөрөнгөнүүдтэй үгсэн өөрсдөө баяжихыг эрмэлзэж наймаа арилжааны замаар явж байсан нь улс ороноо нураахад хүрэв. Монголын төр нь нийгмийн амьдралын олон талт харилцаа ялангуяа зах зээлийн харилцааны олон асуудлыг эрх зүйн талаар зохицуулах заалттай хуулиудыг олноор баталж гаргасныхаа араас хөөцөлдөж биелэлтэд нь хяналт тавих амин чухал ажлыг орхигдуулж байгаагаас "Монголын хууль гурван хоног" болж, цаасан дээр хоцордог нь олонтой гарч байгаа нь хүнд суртлын дэглэм тогтсоны жишээ. Иймд УИХ-ын тухай хуульд УИХ-ын ажлыг дүгнэхдээ хэдэн хууль баталснаар нь биш, хэдэн хуулийн хэчнээн заалтыг амьдралд биелүүлснээр нь дүгнэдэг заалтыг оруулж өгмөөр юм билээ. Монголын нийгмийн хөгжил дэх гажуудлуудыг арилгаж нийгмийг зөв замд нь оруулах ялангуяа одоо батлагдах Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд дараахи саналуудыг иргэнийхээ хувиар хэлье.

...Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн мөн, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн. Монгол Улсын Засгийн бүрэн эрх ард түмний мэдэлд байна гэсэн томьёоллуудаар бичигдсэн заалтууд хуульд байдаг. Эдгээрээс үзэхэд хэн нь төр засгийн жолооны ард сууж залуурдаж байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй байгаа юм. Иймд төр гэж юу юм бэ гэдгийг Үндсэн хуульд томьёолон зааж өгөхөөс ургуулан дээрх тэргүүлэх инститцуудын төрийн эрх барихад оролцох хамаарлыг нэр томьёоны хувьд нарийвчлан нэрлэн зааж өгүүштэй санагдана...

1. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд тунхагласан "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх" гэсэн эрхэм зорилго ардчиллын гэгдэх 27 жилийн дотор хэрэгжихгүй Монгол орон нийгмийн байгууламжаараа хүн хүнээ дарлан мөлждөг ёсон дээр тогтсон хүмүүнлэг бус зэрлэг капитализмын замаар явчихсан гажуудлыг арилгах асуудпыг тод томруунаар тусгаж өгөх, үүнийг зөвхөн Үндсэн хуулийн замаар гүйцэтгэвэл Монгол орон хөгжлийн зөв зам дээр зогсох болно.

"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэсэн Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн заалт үндсэндээ бүрэн агуулгаараа хэрэгжээгүй хувийн өмчид хэт шүтсэн ийм чиг хандлагатай эдийн засагтай болж байгаа нь яав ч манай орны нөхцөлд тохирохгүй байна. Иймд төрийн, хамтын, хувийн гэсэн өмчүүдийн эдийн засаг дахь уялдаа, бүтцийн асуудлыг Үндсэн хуульдаа нарийвчлан тусгаж өгөх, ялангуяа төр, улсын өмчийн асуудлыг ул суурьтай авч үзэх. Ер нь суурилах өмчгүйдсэн төр гэдэг бол өнөөгийн дэд хийчлэлийн нөхцөлд үндэстэн дамжсан монопольт корпорациудын урьханд амархан орж тусгаар байдлаа алдах аюул нүүрлэнэ гэсэн хэрэг болно. Энэ нь монгол ардын зүйр цэцэн үгээр хэлбэл" "Шалдан гуяа ганзагалсан хүн л" гэсэн үг. Ер нь л Монголын эдийн засагт хувийн өмчийн эзлэх байр суурийг зөвөөр тодорхойлж хуульчилж, өгөхгүйгээр мөлжлөгийг цаг минут, тутамд төрүүлж байдаг. Түүний сөрөг нөлөөний хүчнээс ангижирч чадахгүйд хүрч болзошгүйг анхаарахгүй байж болохгүй. Капитализмын үеийн хувийн өмчтөн нь чиний сайн сайхны телөө ажиллаана гэсэн сайхан амлалт хэлдэг боловч, үнэндээ тийм юм байхгүй эцсийн эцэст өөрийгөө л боддог гэсэн хөрөнгөтний нийгмийн өөрийнх нь сонгодог эдийн засгийн онолч Адам Смитийн үг бий шүү дээ.Үүнийгээ тэр "үл үзэгдэгч гар" гэж нэрлэсэн юм л даа. Ер нь амьдралаас урган гарч буй бодит шаардлагаас үндэслэн Үндсэн хуульдаа "Монгол Улсын эдийн засаг" гэсэн бүлгийг оруулж улс орны хөгжпийн энэхүү суурь обьектын бүтэц, үндсэн чиглэлүүдийг нарийвчлан зааж өгвөл нэн ач тустай байх болно. Монгол телевизэд өгсөн ярилцлагадаа Монголын Социал-демократ намын дарга Цогтбаярын, Үндсэн хуульд эдийн засаг гэсэн бүлгийг оруулж өгье гэсэн санал гаргасныг дэмжиж байна. Үндсэн хуулийн эдийн засгийн бүлэгтээ улс орны эдийн засгийн өндөрлөгүүдийн дотроос хамгийн амин чухал салаа салбар банкны асуудал, түүнийг төрөөс хянаж зохицуулж байх явдлыг тусгаж өгөх. Эс тэгвээс Монгол орон банк санхүүгийн хямралаас хэзээ ч гарч чадахгүйд хурнэ.

3. Төрийн ицститцуудийн тухайд гэвэл: Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгосон УИХ-аараа л сонгодог болгоод Үндсэн хуульдаа заачихъя. БНХАУ-ын Ерөнхийлөгч буюу БНХАУ-ын дарга Си Жин Пенийг БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлаасаа сонгон ажиллуулж байгаа нь энэ хүн ард түмнийхээ хяналтын дор төрөө жолоодоод болоод л явж байна шүү дээ. Манай Монгол Улсын Ерөнхийлөгч нь жил бур УИХ-д ажлаа тайлагнаж байвал зохино. Шүүх эрх мэдлийг хэзээ нэгэн цагт гарч ирж болзошгүй хэн нэгэн тоталитор юмуу авторитар дарангуйлагчийн (Ц.Элбэгдоржийн мэтийн) савраас гаргаж ард түмэндээ хуулийн дагуу л үйлчилдэг. Жинхэнэ шударга ёсыг баримталсан шүүх эрх мэдэлтэн байлгахын тулд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, бусад шүүгчид, Улсын Ерөнхий прокурор, бусад прокуроруудыг УИХ-аас томилдог болгоё.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нь УИХ-д жил бур ажлаа тайлагнаж, дүгнүүлж байна гэдгийг хуульчилъя. Энэ мэтээр Монгол Улс парламентын засаглалтай орон тул төрийн инститцуудын дотор УИХ-ын эрх, 4 үүргийн давамгайлах талыг Үндсэн хуульдаа тодорхойлж өгье. Ерөнхийлөгч бол төрийн ч тэргүүн мөн, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн, Монгол Улсын Засгийн бүрэн эрх ард түмний мэдэлд байна гэсэн томьёоллуудаар бичигдсэн заалтууд хуульд байдаг. Эдгээрээс үзэхэд хэн нь төр засгийн жолооны ард сууж залуурдаж байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй байгаа юм. Иймд төр гэж юу юм бэ гэдгийг Ундсэн хуульд томьёолон зааж өгөхөөс ургуулан дээрх тэргүүлэх инститцуудын төрийн эрх барихад оролцох хамаарлыг нэр томьёоны хувьд нарийвчлан нэрлэн зааж өгүүштэй санагдана. Мөн Ерөнхийлөгч, УИХ, хоёулаа ард түмнээс сонгогдсон учраас ард түмэн тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох шаардлагатай үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг татан буулгах эрхийг нь мөн нарийвчлан Үндсэн хуульдаа хуульчилж өгмөөр байна. Ер нь л "Үндсэн хуулийн Цэцийн дээр мөнх хөх тэнгэр л байна" гэдэг шигээр ёстой л ард түмний дээр мөнх хөх тэнгэр байх нь зүйд нийцэх болов уу. Үүнтэй холбогдуулан хэлэхэд төрийн бүх инститцуудын үйл ажиллагаанд тавих ард түмний дээд хяналтын системийг тогтоон хэрэгжүүлэх нь Төрийн инститцуудын үйл ажиллагаанд тавих ард түмний хяналт, гэсэн бүлэг зүйлийг Үндсэн хуульдаа оруулж өгье гэсэн санал байна.

4. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг хүний хөгжил, нийгмийн асуудал, хүн ам зүйн бодлого гэдгээр нэрлэж

-Монгол хүний оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлж хөгжүүлэх

-Эдийн засгийн өсөлтийг дагаж бүх шатанд үнэ төлбөргүй сургалт, эмнэлгийн төлбөргүй үйлчилгээнд шилжих

-Хөдөөгийн хөгжлийн бодлого, хотжилт, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил зэрэгтэй нягт уялдуулсан хүн ам зүйн бодлого гэсэн зүйлүүдийг оруулж өгөх

Үүнтэй уялдуулан Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 18-д "Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга суух газраа сонгох..." эрхтэй гэсэн заалтыг найруулан засвар оруулах

Хүн ам зүйн бодлого гэсэн зүйлд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан "Амьд явах эрхтэй. Монгол Улсын эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно" гэсэн заалтыг тодруулж эхийн эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд эхийн хэвлий дэх үрийг хөндөж хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно" гэсэн заалтыг оруулах. Энэ нь сүүлийн 30-аад жилд л гэхэд Монголд сая гаруй хүний амийг эхийн хэвлийд хөнөөсөн гутамшигт явдлыг дахин давтахгүй байх шаардлагаас урган гарч байгаа юм. Өчүүхэн молхи миний энэхүү захидалд эндүүрч ташаарсан, буруу зөрүү зүйл байвал эрхэм хүндэт нөхөд, дүү та нар минь өршөөн тунгааж болгооно уу. Та бүхэнд ажилд ихийн их амжилтыг хүсье.

 

 Баарингууд овогт Жүгдэрийн Найдан