Сайдын үүргийг албан тушаал, эрх мэдэл болгон сандайлчихаад хийж буй үйлдлүүдийнх нь муу, муухайг үзүүрээс нь сэтгүүрдэхээр цагдаагаар бамбай хийн хэвлэлийг боомилон, сэтгүүлчдийг нугачин дарахыг санаархагч олширчээ. Үүгээрээ “Миний саар муу үйлдлээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, хэвлэвэл цагдаад өгч, шантартал чинь шалгуулна шүү” гэж бусдад нь сануулж, бичигсдэд нь мэдрүүлэхийг оролдож буй бололтой.

Үүнийг нэг талаар “Энэ хүн айх зүйлгүй учраас хууль, хяналтынханд ханджээ” гэж болох ч хийсэн хэрэг, учруулсан хохирол нь түмний нүдэн дээр байсаар байхад ийм өнгөлөн далдлалтад хууртаж, цагаатган бодож боломгүй. Нөгөө талаар “Хэн намайг юу гэж вэ” хэмээн хэвлэлийнхний ул шагайж, юу юуны түрүүнд хууль хяналтынхнаар далайлгагчид нь ихэвчлэн ийм аргаар элдэв буруу, бусармаг зүйлсээ нуун далдлахыг оролдогчид байдаг гэдэг. 
Дөрөв дэх засаглалын галыг манаж буй сэтгүүлчид, ялангуяа өдөр тутмын сонинууд, тэр дундаа “Үндэсний шуудан” сонин цагийн алинд ч худал хуурмаг, хуулиас давсан эрх мэдэл хүсэгчидтэй хатуу тэмцэж, улсын мөнгийг үргүй зарахыг санаархагсдыг илчилсээр ирсэн, илчилсээр байх болно.
Энэ бол бидний үүрэг, олон нийтийн үнэнийг мэдэх эрх. Тэгвэл энэ эрх, үүргийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг удаа дараа хууль хяналтынхнаар далайлган боогдуулахыг оролдлоо. Хамгийн сүүлд гэхэд улаан буудай, тэжээл зэргийг ОХУ-аас буцалтгүй тусламж, зах зээл дээрх үнээс хэд дахин хямдаар авах боломжийг өмнөх Засгийн газар бүрдүүлсэн байсныг үл хэрэгсэн тендер нэрээр компаниудад хувааж, малчин, тариаланчдад харилцан адилгүй үнээр борлуулж буй үйлдлийг баримттайгаар хүргэсэн сэтгүүлчийг “Нэр төрд халдлаа” хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргажээ.

Үүнээс сар гаруйн өмнө мөн л “Шүлхий өвчинтэй тэмцэх арга барилаа өөрчил, төсвийн мөнгийг үр дүнгүй, хий хоосон цацахаа боль” хэмээсэн сэтгүүлчийг ажил хэргийн нэр төрийг гутаасан хэмээн Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандана гэж айлгаж байв. Иймд түүний сандраад байгаа үнэн буюу энэ талаар бичсэн бүхнийг хуулийнхнаар далайлган мохоохыг зорьж буй асуудлуудыг дахин хүргэе. 

80 сургууль барих мөнгийг тендер нэрээр хувааж, улсыг хохироожээ

2015, 2016, 2017 он бол Монголын газар тариалангийн бүс нутгийн хувьд хүндхэн үе байсан. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудайг 2017 оны намар буцалтгүй тусламжаар авахаар болоод байсан билээ. Энэхүү хэлцлийг ОХУ-ын холбогдох яамд, шийдвэр гаргагчид төдийгүй тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй албаныхан баталж, энэ талаараа олон нийтэд мэдээлж байлаа. Өөрөөр хэлбэл, 80 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий улаанбуудайг ОХУ-ын ард түмэн манайд өнгөрсөн намар өгөхөөр бэлтгэж эхлээд байсан юм. Энэ нь манай зах зээлийн ханшаар 140 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж гэсэн үг. Гэвч улс төрийн нөхцөл байдлын үүднээс ХХААХҮ-ийн сайд солигдож, үүрэгт ажлыг өдгөөгийн Б.Батзориг хүлээн авсан. Тэрбээр өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажлуудыг “баллуурдахдаа” улс эх оронд хэрэгтэй хийгээд хоёр улсын Ерөнхий сайд, яамдын сайд нарын түвшинд багагүй хугацаанд яригдаж байж шийдвэрлэгдсэн асуудлуудыг “арилгаж” өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Тодруулбал, дээр дурдсан ОХУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгох 200 мянган тонн улаанбуудайн гэрээ, хэлцлийг үл тоон, 28 аж ахуйн нэгжид тендер зарлан, “ОХУ-аас улаанбуудай оруулж ир” гэсэн юм. Засгийн газрын түвшинд шийдэгдэж, өмнөх Ерөнхий сайдын албан хүсэлт, бичиг баримт ОХУ-ын холбогдох газарт аль хэдийнэ оччихсон ажлыг үргэлжлүүлэхийн оронд ийн яаравчлан тендер зарласны цаана ямар нэгэн эрх ашиг байхыг үгүйсгэх аргагүй билээ. Буцалтгүй тусламжаар ирэх 200 мянган тонн улаанбуудайг ХХААХҮЯ Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, түүнээсээ гурил үйлдвэрлэгчдэд тогтсон нэг ханшаар хүргэх тушаалыг өмнөх сайд нь гаргасан байдаг. Ингэснээр гурил үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүд улаанбуудайгаа хямд үнээр авч, ард иргэдийг хямд бөгөөд чанартай гурилаар хангах ёстой байлаа. Гэвч Г.Батзориг сайдын зарласан тендерт ялсан 28 аж ахуйн нэгж ОХУ-аас харилцан адилгүй үнээр 225 мянган тонн улаанбуудай худалдан авч, түүнийгээ гурил үйлдвэрлэгчдэд дамласан үнээр борлуулсан байдаг. Уг нь 80 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий улаанбуудайг буцалтгүй тусламжаар авсан бол энэ мөнгөөр нь 80 сургууль, цэцэрлэгийн байр барих боломжтой байлаа. 

40 тэрбум төгрөг ба түүний сэдсэн булхай 

Энэ бол мөн л өмнөх Засгийн газрын үед ОХУ-аас авахаар тохироод байсан өвс, тэжээлийг 29 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөг болгон хувааж, тендер нэрийн дор өгсөн асуудал билээ. Өмнөх засгийн газрын үед баруун, зүүн, төвийн аймгуудад аль ойролцоохь хилээр дамжуулан хамгийн чанартай өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хэд дахин хямд өртгөөр өнгөрсөн өвөл малчдаа хангахаар ОХУ-ын талуудтай тохиролцоонд хүрсэн байдаг. Ингэхдээ мөн л өвс, тэжээлийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, худалдан авагчдад хямд төдийгүй нэг ижил үнээр хүргэхийг зорьж байсан аж. Гэвч Б.Батзориг сайд дээрх хамтын ажиллагааг үл тоон аж ахуйн нэгжүүд дунд тендер зарласан юм. Ингэхдээ бүр малчдад хэрэгтэй өвс, тэжээлээр далимдуулан улс төр, бизнесийнхэнд зориулсан 40 тэрбум төгрөг төсвөөс гаргаж чадсан байдаг. Тодруулбал, Б.Батзориг сайд “Түмэн шувуут”, “Милл хаус”, “Од групп”, “Хархираан хөгжил инвест”, “Хөвсгөл алтан дуулга” тэргүүтэй улс төр, бизнесийн 29 компанид дээрх мөнгийг хүүгүй зээлсэн байдаг. Ингээд зогсохгүй энэхүү бүлэг ажиллагаандаа зориулж, 2018 оны зургадугаар сар хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих “Малын тэжээлийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” Засгийн газрын тогтоол хүртэл батлуулаад авсан билээ. Уг 40 тэрбум төгрөг өнөөг хүртэл төсөвт бүрэн цуглаагүй байгааг эх сурвалж онцолж байлаа. 

Төрийн албаар тоглосон нь

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сайд хийгээд сайдыг дагаж ирсэн хүмүүст таалагдаагүй, тэдний хэлснийг хийгээгүй, өмнөх сайдуудын үед хийгдэж байсан ажлыг үргэлжлүүлэхийг хичээсэн хүн бүхнийг толгой дараалан ямар нэг аргаар ажлаас нь халсан гэдэг. Тодруулбал, Б.Батзориг сайдын ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд хийсэн томилгоо нь тус яамны ерөнхий нягтланг ажлаас нь халж, оронд нь өөрийнхөө хүнийг тавьсан явдал юм. Дараа нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баяртулгыг өөрийнхөө сонгуулийн менежер, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхбат гэх мэргэжлийн бус хүнээр сольсон байдаг. Энэ тухайгаа “Баяртулга гадаадад сургуульд сурах болсонтой холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” хэмээн тэрбээр ярьдаг ч учир мэдэх хүмүүс “Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг овоо цэгцэнд нь оруулж байсан юмсан. Ажлаа өгөхөөс өөр аргагүй болгосон л доо” хэмээж байсан юм. 
Түүнчлэн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Дондогдорж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга  болон бусад сангийн захирлууд, мэргэжилтнүүд гээд 10 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг ажлаас нь халж, оронд нь ихэвчлэн мэргэжлийн бус, туршлагагүй залуучуудыг томилоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг нэг бодлого, зарчимтайгаар үргэлжлүүлэн цөөнгүй жил хийж, салбартаа тодорхой хэмжээгээр үнэлэгдэж, чамгүй ажил хийсэн мэргэшсэн мэргэжилтнүүд сайд солигдсоноос болж ийнхүү хохирсон байна. 
Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол, Монгол Улсын нийт аймаг, сум  даяар ээлжлэн гарч буй малын гоц халдварт өвчнүүд, түүний эсрэг авч буй болхи, хоцрогдсон арга хэмжээ.  Энэ мэт буруу, булхай, болхи байгааг нь бичсэн сэтгүүлчийг Б.Батзориг сайд Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар айлган, дарамтлах зорилгоор албан бичиг бичүүлээд илгээж суугаа нь зүйд хэр нийцэх вэ. Тэр албан бичиг илгээгээд байвал хэвлэлийнхний зүрх, зориг мохож, бэх нь хатна гэж санасан бололтой. Үгүй дээ, таныг сайд болохоос өмнө ч улсаа хөгжүүлэхийн төлөө хэнбугайн ч бурууг илчилж, зөвийг сайшааж бичсээр ирсэн. Сайд хэмээх албаны ямбыг эдэлж байгаа шигээ хариуцлага, үүргээ ухамсарлахыг шаардах нь дөрөв дэх засаглалын үүрэг билээ.  

Үндэсний шуудан сонин