Монголын анхдагч төрийн бус өмчийн дээд сургуулиудын нэг "СИТИ” дээд сургуулийн хамт олны 15-н жилийн ойдоо зориулан ДБЭТ-ын тайзнаа тоглосон "Парисын Эх Дагины Сүм" мюзиклийн Франц хэлний зөвлөх багшаар ажилласан Франц хэлний багш Ч.Оюунтогостой хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэе.

-Юуны өмнө танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэхүү гайхалтай жүжгийг тайзнаа тоглоход голлох үүргийг гүйцэтгэсэн хүний нэг нь та гэж сонслоо. Ер нь энэ мюзикльтэй болоод "СИТИ” дээд сургуулийн хамт олонтой ямар учигаар хэрхэн холбогдосон талаараа яриагаа эхлүүлье.

-Танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би урлагийн хүн биш л дээ. Гэхдээ орчуулагч хүн гэдэг бол бүх л төрлийн ажил мэргэжилтэй ямарваа нэгэн байдлаар холбоотой байдаг л даа. Энэ жүжиг болоод мюзиклтэй холбогдсон түүх гэвэл монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг “СИТИ” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш дэд профессор Ж.Батсайхан ахаас үүдэлтэй. Батсайхан ах маань миний хуурай ах байгаа юм. Тэгээд 2009 онд намайг Францын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа Франц руу ажлаар явах гэж байхад утасдаад, За чи яваад ирэхдээ ахдаа  Ричард Катчяант мундаг хөгжмийн зохиолчийн өөрөө найруулж хөгжмийн бичсэн Парисын Эх Дагины Сүм гэсэн мюзикль байгаа тэрний ориг хуурцагыг л ахдаа авчирч өг гэсэн юм. Тэгээд би Францаас ирэхдээ ахдаа үг ноттой, номтой CD авчирч өгсөн. Тэгсэн Ж.Батсайхан ах маш их баярлалаа, эргэж яринаа гээд л яваад өгсөн. Тэр үед нь би бодохдоо хөгжмийн хүн болохоор л ориг юмнууд цуглуулж байгаа юм байна гэж бодоод л өнгөрсөн.

Тэгсэн сар гаруйн дараа над руу залгаад ахынхаа ажил дээр орой хүрээд ирээрэй гэхээр нь яваад очтол ангидаа хэдэн хүүхдүүд суулгацан надтай танилцуулаад за энэ хэдэн хүүхдүүд чиний Францаас авчирсан нөгөө жүжгийг яг эх хувилбараар нь Франц хэлээр дуулж мюзикль тавина гэдэг байгаа. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдээс нь танай сургууль франц хэл заадаг юм уу, ер нь франц хэл мэддэг хүн байна уу гэсэн чинь нэг ч байсангүй. Тэгээд би бүр гайхаад Ж.Батсайхан ахыг зүүдэлж байна даа л гэж бодож байлаа. Тэгээд ахынхаа хүссэн ёсоор нөгөө хэдэн хүүхдүүдэд Франц хэлний хичээл орж тэр мюзиклийн дууны үг ая тус бүр дээр нь ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2 сар гаруйн дараа нөгөө хүүхдүүд маань дуугаа дуулж хоорондоо Францаар ярьж эхэлсэн. Ингээд бид бэлтгэсээр байгаад  2010 оны хавар мюзиклиэ анх тавьж байсан юм.

-Анхны мюзиклиэ тайзнаа тоглоход танд ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь хүүхдүүдийнх нь чадвар ямар түвшинд байсан бэ.

-Хэдэн сарын турш уйгагүй бэлдсэн жүжгээ тайзнаа гайхалтайгаар тоглохыг хараад хүүхдүүдээрээ үнэхээр бахархаж, баярлаж байсан. Бид үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд тоглож чадсан түүний нотолгоо болж тэр үед Бгд Найрамдах Франц улсаас  манай улсад элчин сайдаар сууж байсан Патрик Крисмон гэдэг хүн өөрийн удирдлага нь дор ажиллаж байсан бүх ажилчдыг Ц.Байгалмаа захирлын урилга, санаачлагаар мюзиклээ үзүүлсэн юм. Учир нь энэхүү жүжиг дан ганц “СИТИ” дээд сургуулийн бүтээл бус дэлхийн нийтийн тэр дундаа дэлхийн сонгодог бүтээлийн өлгий хэмээгддэг Франц улсыг бид Монголдоо сурталчилсан ажил болсон. Тэгсэн урилгаар ирж үзсэн элчингийн ажилтан надаас Эзмералдиог өргөж авсан эцэгт тоглосон Гантулгааг энэ залуу франц хүн биз дээ гэж асууж байсан. Тэгэхээр нь би үгүй ээ энэ залуу амьдралдаа франц хэл заалгаж байгаагүй энэ жүжигт тоглох гэж сүүлийн 3 сар надтай хичээллэсэн юм гэсэн. Гэтэл үнэхээр гайхаж байгаагаа хэлээд би энэ залууг франц хүн байна л гэж бодлоо гэж байсан. Энэ мэтчилэн манай хүүхдүүд үнэхээр хэнээс ч дутахааргүй мэргэжлийн өндөр түвшинд тоглож байсан юм. Тэгээд би жүжгийн дараа бодож байхад хүний залуу нас, хүсэл эрмэлзэл гэдэг бол ямар ч гайхамшигийг бүтээж чаддаг юм байна даа л гэж бодсон доо.

-Өнгөрсөн 2010 онд тоглож байсан энэхүү мюзикль 2013 онд буюу өчигдөр тоглосон мюзикль хоёрын чанар чансааны хувьд хэр дэвшсэн дээшилсэн байна. Өчигдрийн жүжгийг үзээд таны сэтгэгдэл хэр хөөрч догдолсон бол.

-Өчигдөрийн мюзиклээ үзээд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр баярлаж бахархсан. Тэгэж баярлаж бахархахын зэрэгцээ нэг бодол төрж суулаа. Мэргэжлийн уран бүтээлчид ярьдаг ш дээ тэ, тайз жүжигчнээ голдог гэж. Надад яг тэр үг санаанд орж ирсэн юм. Учир нь би хэдэн жилийн өмнө театрт жуулчлалаар ирсэн француудтай “Учиртай гурав” хэмээх гайхалтай жүжгийг үзээд сууж байтал нэг нь надаас танай монголчууд хайр сэтгэлээ ийм орой илэрхийлдэг юм уу гэхээр нь үгүй яаж байна гэсэн, энэ жүжиг чинь хайр сэтгэлээ илчилсэн тухай үзүүлдэг жүжиг биздээ гэтэл дандаа 30 гарсан хүмүүс тоглоод байх юм гэсэн. Ингээд бодохоор дөнгөж нэгэндээ сэтгэлээ илчилж буй залуу хосуудын тухай тэр насанд нь тохирсон хүмүүс л тоглож байвал гэж бодогдсон юм. Харин манай жүжгийн хувьд гол дүрүүд нь яг насандаа тохирсон байгаа нь илүү онцлогтой байгаа юм.

-Баярлалаа. Ярилцлагаа өндөрлүүлж нийт уншигчдад маань болоод "СИТИ” дээд сургуулийн хамт олон, мюзикльд оролцсон бүх хүмүүстээ хандаж юу хэлмээр байна.

-Хамгийн түрүүнд надад энэ мюзикльд оролцох ийм сайхан боломж олгосон “СИТИ” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш дэд профессор Ж.Батсайхан ахдаа болоод хамтран ажилласан бүх хамт олон, багш оюутнууддаа дахин дахин баярлалаа гэж хэлэхийн зэрэгцээ 15-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна. Мөн танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан Э.Цэнд-Аюуш