​Налайх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт нэгэн эмгэнэлтэй хэрэг гарсан байна. Эхнэр нь хоёр сартай охиныг нь гадаадад үрчлүүлсэн гэдэг үгийг сонссон 24-хөн настай залуу амиа егүүтгэжээ.

Энэ аймшигт хэрэг юунаас болж гарав. Санхүүгийн асуудлаас болж залуу гэр бүл маргалдаж, хоёр тийш болсон юм байх. Эхнэр нь “Мөнгө өгөхгүй бол хүүхэдтэй чинь уулзуулахгүй” гэж нөхрийгөө дарамталж эцэст нь хүүхдээ “Гадаад хүнд өргүүлсэн” хэмээн худал хэлжээ. “Ямар ч хэврэг амь вэ дээ” гэж та бодож магадгүй л юм. Харамсалтай нь энэ бол Монголын ихэнх залуусын өнөөгийн үнэн дүр төрхийн л нэг илэрхийлэл. Цаашлаад Монголын гэр бүлүүдийн ямар нэгэн хачиргүй, будаггүй нүүр царай гэж хэлж болох юм. Бас л хачиргүйгээр хэлбэл ядуугийн л зовлон.

Монголын ихэнх залуу гэр бүл өнөөдөр санхүүгийн бэрхшээлтэй тул­гарч, түүнийгээ даван туулж чадахгүй салалтыг сон­гож байгааг олон улсын байгуул­лагууд судалгаагаар тогтоосон байна билээ.

Үүний үр дүнд эм нь мөнгө дагаж, эр нь лонх тэвэрч байгаа нь нуугаад байх асуудал биш болсон. Мөнгө дагасан нь хэн нэгний гарын шүүс болж амь насаараа хохирч байгааг бид олон жишээнээс харж болно. Хамгийн сүүлд л гэхэд хоёр ч эмэгтэй найз залуу, нөхрийнхөө гарт амь үрэгдлээ. Мөнгө хайж явсан нэгэн монгол бүсгүй харь оронд амиа тавилаа. Залуус архинд донтож, мансууруулах бодис ихээр хэрэглэж байгаа. Энэ бүх шийдвэрт нь харийн соёлыг нэвт ханхлуулсан өнөөгийн нийгмийн байдал ч ихээр нөлөөлдөг биз. Хамгийн наад захын жишээ л гэхэд өнөөдөр Монголд дундаж цалин 500 мянган төгрөг байхад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийх нь үнэ дундаж цалин нь 4000 фунт стейрлинг орчим байдаг Англитай ижил төвшинд байгааг юу гэх вэ. Гэсэн атал нийгэм нь залуусаасаа яг л дэлхийн хөгжингүй орнуудын залуус шиг байхыг шаардддаг. Яг ч тулган шаардаад байгаа юм биш л дээ. Хүссэн, хүсээгүй тэднийг ийм ангал руу түлхэн оруулж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ийм эсрэг тэсрэгийн туйлд амьдарч байгаа Монголын залуус өнөөдөр сурч боловсрохоосоо илүүтэй­гээр хоосон хоночихгүй юмсан, даарчихгүй юмсан. Хүүхэдтэй болбол... гэж бодож яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд өнөөдөр Улаанбаатарын утаанаас дутахгүй амьдралын утаанд нухлуулчихаад хэзээний өтөл насны хүмүүс шиг болчихжээ.

Мэдлэгтэй, боловсролтой, чадалтай монгол залуус байгаа. Гэхдээ тэдний ихэнх нь эх орноосоо дайжсан. Албан ёсоор иргэншлээ солиулсан нь тоотой хэд ч гэлээ амьдарч байгаа улсаа эх орноосоо илүүд тооцдог нь хэд бол гээд та нэг бодоод үзээрэй. Ойр орчмын чинь хэн нэгэн санаанд тань буух вий. Эх орондоо байгаа нь аливааг голж, шилсэн нүдээр хяламхийлж, өөнтөгчилнө. Ер нь зугаа цэнгэл хайснууд нь л эх орондоо үлддэг гэхэд хэлсдэхгүй биз. Энэ бол Монголын хувьд эмгэнэл. Залуу үе нь хэрхэн хэврэгшиж, хэмхэрч байгааг харсан ахмадууд маань “Өнөөгийн залуус” гэж муулах их дуртай байдаг юм билээ. Тэгвэл өнөөдөр ийм нөхцөл байдлыг ямар хүмүүс бий болгосныг тунгаан үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Нөгөөтэйгүүр, бид үүнийг ил гаргахгүйгээр “Монголын залуус боловсролтой, мэдлэгтэй, соёлтой болж байна” гэж ярьж, бичиж, сурталчилж өөрсдийгөө мунхруулж болох ч бодит амьдрал дээр санхүүгийн гачаалаас болж хэчнээн залуу гэр бүл дээрх жишээ шиг асуудалд унаж байгаа бол гэдгийг харгалзаж үзэх цаг хэдийнэ ирчихээд байна.  Залуу нас гэдэг тордоод, услаад ирэхэд сэргээд л ирдэг цэцэг лугаа адил байдаг учир асуудлыг үндсээр нь сугалж, амийг нь таслах юм бол Монгол залуус сэргээд л ирнэ. Тэд хэнээс ч дутахгүй ухаантай гэдгийг дэлхий дахин мэддэг болсон.

Гэхдээ зөвхөн энэ асуудалд биш одоо шүүмжилж байгаа залуусаас долоон дор хойч үе бэлтгэгдэж байгаа гэдэгт ч санаагаа чилээх ёстой юм шиг. Боловсролтой, мэдлэгтэй залуус нь хүүхэд гаргахгүй. Эсвэл ганц л хүүхэдтэй болоод больж байгаа энэ үед ядуу гэсэн тодорхойлолд багтаж байгаа хүмүүс хамгийн ихээр хүүхэд төрүүлж байгаа. Тэгэхээр өнөөгийн залуусын хойч үе болохоор дөнгөж соёолж байгаа цэцэг шиг бяцхан хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их байгаа газарт өсөж торинож байна гэсэн үг. Ядуу, утаа гаргадаг гэж адлагддаг тэр л гарзуудад хүүхэд, эмэгтэйчүүд л хар, бор ажил хийж, өдрийн бор хоногийг арай ядан өнгөрүүлнэ. Харин тэдний эцэг, эр нөхөр болох нөхөд амьдрал­даа гутарсандаа юу, жаргалдаа ташуурсандаа юу мэдэхгүй. Ар­хи ууж, гэр бүлийн хүчирхийл­лийг дэвэргэсээр л. Гэтэл хэс­гийн цагдаа нар нь “Гэр бүлийн асуудал” гэж тэднийг хайхрахгүй орхисоор л. Монголчууд арван жилийн дараа гэхэд дахиад л энэ хэвээрээ, байрнаасаа нэг ч алхам урагшлаагүй сууж байх вий гэхээс үнэхээр айж байна.