Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум буюу УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох товыг УИХ-аас зарлаад байгаа билээ.

Ирэх аравдугаар сарын 7-нд товлогдсон уг сонгууль бол улс төрийн намуудыг ард түмэн хэрхэн үнэлж байгааг тогтоох дундын зайны шалгалт юм.

Учир нь УИХ-ын сонгуульт хугацааны яг голд нь болж байгаа болохоор дээрх нөхөн сонгуулиар улс төрийн намууд, улстөрчид өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгаа, нийгэмд яаж үнэлэгдэж буйгаа хөндлөнгийн нүдээр харах боломжтой болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч МАН, бүлэг байгуулах төдий суудал авсан сөрөг хүчин болох АН, их хуралд суудалгүй бусад жижиг намуудын хувьд ч нийгэм дэх өөрсдийнхөө үнэлэмжийг мэдэх, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх, стратеги төлөвлөгөөгөө эргэн харах гээд олон чухал асуудлуудыг мэдэх бололцоог олгож байгаагаараа онцлог сонгууль болох нь.

УИХ-д 64 суудалтай МАН-ын хувьд энэ нэг суудал байсан ч, байгаагүй ч нэг их ялгаагүй. Гэхдээ ингээд хаяж болохгүй. Учир нь эрх барьж буй намын хувьд нэр хүндийн шалгалт учраас нөхөн сонгуульд хамаг хүчээ зориулж л таарна. Харин нэр дэвшигчдийн хувьд асуудал байна. МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулах хамгийн их магадлалтай хэмээн яригдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “би нэр дэвшихгүй” гэж зугтаж гүйгээд байгаа. Эрх барьж буй намын Ерөнхий сайд нь нөхөн сонгуульд ялагдвал нэр хүндэд муухай гээд олон зүйл тооцоо биз дээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлж болох ч “42 дугаар тойргийн нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчсөн” хэмээн гурван иргэн Цэцэд маргаан үүсгээд байгаа. Нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлд “Сонгуулийн тухай хуулиар бол төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тухайн албанаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Сонгуулийн зардлын хэмжээг 120-иос доошгүй хоногийн хугацаанд тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэжээ. Цэц “нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчжээ” гэж үзэх юм бол аймгийн Засаг ноён болон төрд алба хашиж буй эрхмүүдийн энэ сонгуульд нэр дэвших боломж хязгаарлагдаж байна. Тиймээс МАН-д энэ нөхөн сонгууль болохгүй бол ашигтай учраас уяж сунжруулах ямар л арга зам байна түүнийг хэрэглэх биз ээ.

Нөхөн сонгууль боллоо гэхэд эрх барьж буй МАН-ын явуулж буй бодлого, үйл ажиллагаа олон түмэнд таалагдаж, амьдрал сайжирч байна гэж хүмүүс үзвэл энэ намаас нэр дэвшсэн хэнбуйгай ч ялаад гараад ирнэ. Гэхдээ өрнөж буй үйл явдлыг харахад намын дотоод зөрчил, хагарал их байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн л гэхэд МАН-ын удирдлагуудын нэр холбогдоод буй 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх, ээлжит бус чуулган зарлуулахаар бичиг өгөөд байна. Гишүүдийн энэ мэт үйлдэл, намын дарга нараа эсэргүүцэж байгаа зэрэг нь энэ намын дотоод хагарал нь МАН цаашид 2020 оны сонгуулиар ялах магадлал бага гэдгийг тодотгож байгаа юм. Сөрөг хүчин болох АН-ын хувьд нөхөн сонгуульд хүч тавин оролцохоос аргагүй. Тэд сонгуулийн үр дүнгээр ард түмэн Ардчилсан намд ямархуу үнэлэмж өгч байгааг тандаж, өөрсдийнхөө рейтингийг үзнэ. Хамгийн чухал нь нэг суудал ч гэсэн тэдэнд хэрэгтэй. АН-аас сул хүмүүс нэр дэвшихээр дуулдаж байгаа. Хэнтийгээс их хурлын гишүүн болж байсан Б.Гарамгайбаатар нь өдгөө цагдаагийн үүд сахиж сууна. Өмнөх Засаг дарга Ц.Оюунбаатар нэр дэвшлээ гэхэд түүнийг Намбарын Энхбаяртай харьцуулахад сул хүн нь харагдана. Уг нь АН олны танил, лийдэр улстөрчдөө тэнд сойвол нэг суудал аваад ирэх боломж бий. Улсын баатар Э.Бат-Үүл байна. Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад удаагүй Ц.Элбэгдорж гээд олон түмэн уухайлан дэмжих хүмүүс бий. Харамсалтай нь, тэд намтайгаа таарамж муутай, толхилцож харагдах юм.

МАХН-ын хувьд нөхөн сонгууль бол амин чухал үйл явдал юм. Энэ нам их хуралд О.Баасанхүү гээд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй нэг гишүүнтэй. Ганц гишүүнээ намаасаа хөөлөө л гэдэг. Хөөгөөгүй л гэдэг. Нөгөөх нь ч намтайгаа байнга тэрсэж тэмцэж байдаг. Ямартаа ч МАХН-ын удирдлагууд болон О.Баасанхүү нар араараа уулздаг болоод удаж байгаа. Таарамж муутай болсон. Тиймээс МАХН их хуралд өөрийн гишүүнтэй болох боломж нөхөн сонгуулиар гарч ирж байна. Нөгөөтэйгүүр гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялагдашгүй хүн гэдгээ энэ сонгуулиар нотлох ёстой. Шоронд барьж хорьж, сонгуульд нэр дэвшүүлэхгүй боож хааж байсан ч ард түмний дунд нэр хүндтэй байгаа гэдгээ батлах чухал сонгууль.

Хэнтийн нөхөн сонгуульд бусад жижиг намууд ч тоосоо өргөхөөр бэлдэж буй биз ээ. Нийгэмд үүсээд байгаа нэгэн яриаг тэд энэ сонгуулиар үнэн худлыг нь үзэх гэж байгаа. “Улс төрд цэвэр, шинэ хүмүүсийг ард түмэн дэмжинэ. Хуучин хүмүүс аль ч намынх байсан адилхан идэж уухаа л бодно. Шинэ залуу хүмүүс л энэ улс орныг өөд нь татна” гэсэн нэгэн яриа үнэн үү, худал уу гэдгийг тэд үзнэ. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдэг улстөрд орж буй шинэ залуу хүмүүст асар том сурталчилгаа, өөрийгөө бусдад таниулах боломж юм. Хэрэв нөхөн сонгууль болбол нэр дэвшигч бүхий л намын хүмүүс дээр олны анхаарал тусна. Хаана юу хийдэг, ямар хүмүүс гараад ирэв гээд улс даяараа сонирхож эхэлнэ. Тийм болохоор жижиг намуудын хувьд ч дараагийн сонгуулийнх нь сурталчилааны эхлэл болох учиртай.

Ийн улс төрийн намуудыг үнэлж дүгнэх, улстөрчдийн үйл ажиллагааг дэнсэж тогтоох дундын зайны шалгалт нь нөхөн сонгууль болж байна. Тун удахгүй Үндсэн хуулийн Цэц хуралдаж дээрх хүмүүсийн маргаан өрнүүлсэн өргөдлийг хэлэлцэнэ. Үүний дараа нөхөн сонгуулийн эргэн тойронд дахин үйл явдал өрнөнө.

О.ТУЯА

Өдрийн сонин