УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийлээ.

Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2019 оны улсын төсөв, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хэд хэдэн чухал, цаг үеийн шинжтэй хууль, тогтоол хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дар М.Энхболд нээлтийн үеэр дурьдаад, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэд хэдэн парламент дамжин ярилцаж, нийтээрээ хэлэлцэн боловсруулсан. Тиймээс энэ удаад хэлэлцэн батлахыг эрмэлзэх нь зөв. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч энэ чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулиар улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Сонгуулийн хууль, тогтоолын шинэчлэл ч үүнд хамаарна. УИХ-ын эрхэм гишүүд намаа сонгуульд ялуулах бус иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө шийдвэр гаргах нь чухал байна. Ардчиллын индексийн судалгаагаар Монгол Улс сул ангилалд хамаарч байна. Энэ нь улс төрийн сонгууль нээлттэй явуулдаг ч иргэдийн оролцоо сул байгааг илэрхийлж буй юм.

Чуулганы нээлтэд УИХ-аас удирдлагыг нь томилдог төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага та бүхнээс шууд хамааралтай. Төрийн алба удирдлага, зохион байгуулалт алдагдсанаас төрийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх онд хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд та бүхэн манлайлж ажиллах хэрэгтэй.

Эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагас жилд 6.3 хувьд хүрч 2017 оноос 5 хувиар өссөн байна. Монгол Улсын Засгийн газар 2018 онд 753.3 тэрбум төгрөгийн өр төлсөн. 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан гадаад, дотоод өр энэ оны эхний хагас жилд 63 хувь болж буурлаа. Ирэх онд төсөв, санхүүгийн боломжтой уялдуулан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон чадварлаг байх нь чухал. Энэ жил төрийн бүх шатны байгууллага төсөв, орон тоогоо 10 хувиар бууруулахыг уриалж байна.

Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа төсөөлснөөс хурдацтай өөрчлөгдөж байна. Том гүрнүүдийн эдийн засгийн хориг болон бусад арга хэмжээ нь ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлана хэмээн судлаачид үзэж байгаа. Энэ нь жижиг эдийн засагтай манай улсад ч нөлөөлөх магадлалтай. Тиймээс төсөв хэлэлцэхдээ гадаад эдийн засгийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалт татах, валютын нөөцийг нэмэх, төсвийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Хувийн хэвшил бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Татварын багц хуулийн өөрчлөлтөд УИХ онцгой анхаарал хандуулж байна. Уул уурхай, эрчим хүчний төсөл хөтөлбөрийг яриа, маргаанаас ажил хэрэг болгох нь чухал байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг УИХ, байнгын хороонд ажлаа тайлагнахыг даалгаж байна. Мөн Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг хангаж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох албаныханд хүргүүлснийг сануулах нь зөв.

Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг анхаарах нь туйлын чухал. Эрүүл мэндийн салбарт амжилт олж байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа дэлхийн жишигт дөхөж, Элэг бүтэн Монгол хөтөлбөр амжилтай хэрэгжиж байна. Гэвч бүх төрийн албан хаагчийг жил бүр үзлэг, оношилгоонд хамруулдаг байх зэрэг олон ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг батлаагүй явж ирсэн.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал хангагдахгүй байна. Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгээс Засгийн газарт хүүхэд хамгааллын асуудлаар чиглэл хүргүүлсэн. Чуулганы хугацаанд уг үүрэг, чиглэлийнхээ хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаараарай. Цахим бодологын түр хороо тодорхой ажлууд өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнээс гарсан зөвлөмжөө надад ирүүлсэн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд хамтран ажиллах нь чухал.

Агаар, орчныг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгө үр дүнгээ өгсөн үү. Нэг өвөл гэнэт утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ тодорхой үр дүнд хүрч, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд танилцуулах нь чухал. Мөн автозамын түгжрэлийг бууруулах, намрын ургац хураалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах хэрэгтэй.

Чуулган завсарлах хугацаанд УИХ-ын зарим гишүүдээс ээлжит бус чуулган зарлах санал ирүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн саналыг дэмжиж, албан бичиг ирүүллээ Товчхондоо АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэх асуудал байсан юм. Энэ асуудал тодохой хууль, тогтоомжийн хүрээнд шийдэгдэнэ. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас уг асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн” гэлээ.

 

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “УИХ-ын танхим бол цэц булаалдах бус бодит ажил ярьж, шийдвэр гаргах индэр байх ёстой. Харамсалтай нь энэ танхимаас гарсан үг ажил хэрэг болдоггүй байдал үргэлжилсээр 28 жил явж ирлээ. Хүмүүстээ биш, намдаа биш, тогтолцоонд бүх асуудал байна. Хоёр жилийн өмнөөс ярьсан 60 тэрбумын хэргийг УИХ-аар хэлэлцэх санал хүргүүллээ. УИХ-ын гишүүдийн 33-аас дээш хувь шаардсан. Энэ тохиолдолд УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах хуулийн заалттай ч үүргээ биелүүлсэнгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэг мөр шавхагджээ. Ерөнхийлөгч болсноосоо хойш судлаачидтай уулзаж, тогтолцоог өөрчлөх санал боловсруулан УИХ-ын гишүүд, ард түмэнд танилцуулна. Үүнийг хардаж, яаран дүгнэхээсээ өмнө зөв талаас нь шүүн хэлэлцэхийг хүсч байна. Монголын төр хариуцлагын хямралд орлоо. Ядуурал газар авч байгаа нь Засаглал хямралтай байгаагийн илрэл. Ард түмэн Төр засагтаа итгэх итгэл бүрэн алдагжээ. Юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх ард түмний оролцоотой батлах хэрэгтэй. Энэ бол та бидний шийдвэрлэх нэн чухал ажил. Байгалийн болон нийгмийн баялгийн хуваарилалтыг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгоход анхаарах шаардлагатай. Шүүх, хуулийн байгууллагыг өөрчлөн, эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг болгон өөрчлөх ёстой. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн төр нь улс төржилтөөс ангид байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн шинэчлэл нэн тэргүүнд иргэдэд өгөөжөө өгдөг. Эрх мэдлийн төлөө тулга тойрсон хэрүүл хийх бус тогтолцооны реформыг нэн даруй хийх хэрэгтэй. Миний бие энэхүү реформыг бүх талаар дэмжин ажиллах болно. Бид хамтдаа өөрчлөлт, дэвшил хийж чадна. Гагцхүү нэгдэж, хамтарч ажиллах нь чухал юм.Үүнийг ард түмний өмнө хүлээх төрийн хариуцлага хэмээн хүлээн авахтун” хэмээв.