Одоо бид юу хийх ёстой вэ ?, юунаас эхлэх ёстой вэ ?, яаж хямралаас гарах вэ ? гэсэн асуултыг Монгол хүн бүр тавьж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү…

Сэтгэл зүйн өөрчлөлт

Урд нь бид төр засгийг хараадаг л байлаа. Чингэхдээ нам төрийн дээд тушаалын 2-4 хүнийг л хүнийг голлон харааж загнадаг байв. Үүнийгээ ардчилал, олон ургалч үзлийн илрэл бөгөөд зөв бөгөөд сайн, “байх ёстой” үзэгдэл гэж олон жилийн турш дүгнэж байв. Энэ нь ч зөв зүйтэй дүгнэлт байсан юм. Гэтэл сүүлийн үед Монголын ард түмэн бүх нийтээрээ төр засаг, намуудыг хараан зүхэх болж, намууд хийгээд төр засагт итгэл бүрэн алдрав. Одоо бол ганц нэг удирдагчаас халин гарч, УИХ-ыг бол 76 –ланг нь, Засгийн Газрыг бол бүрэн бүрэлдэхүүнээр нь, ер нь бол төр засаг, намуудыг нийтэд нь хараах болов. Тэр ч байтугай нам, төр засгийн дээд албан тушаалд сонгогдож, томилогдож болзошгүй хүний нэрийг сонсмогцоо л уур нь хүрч хараан зүхэх шинэ үзэгдэл үүсэв. Ер нь бол манай ард түмний олонхи нам, төр засаг гэмэгц л “бөөлжис нь хутгах” болов. Үүнийг нотлох шаардлага байхгүй. Энэ бол олон ургальч үзлээс тэс өөр, “байх ёсгүй” цоо шинэ үзэгдэл юм. Төр засаг, намууд манай ард түмний итгэлийг бүрэн алдаад байна.

Мөн “өөрийн талын” хүнийг ялгаж үлдээгээд, “нөгөө талынхныг” харааж, хэрэлддэг байсан үзэгдэл ихэд суларч одоо “бүгдийг ялгаваргүй” нь харааж зүхэх хүчтэй хандлага бий болов.

Өмнө нь улс төрчдийн алдсан алдаа, буруу үйлдэл зэргийг хараан шүүмжилдэг байсан бол одоо тэдний ямар ч санаа, үг, үйлдлийг буруу зөв эсэхээс нь үл хамааран хараан зүхэх болов. Эрхбиш улс төрчид чинь хүн юм болохоороо хааяа ч гэсэн зарим нэг зөв дэвшилтэт санал санаачлага гаргах авч тэрийг нь ч гэсэн хараан зүхэх болов. Өөрөөр хэлбэл, төр засаг, намууд хийгээд ард түмний эсрэгцэл гатлашгүй ангал болон хуваагджээ. Энэ бол Монголын нийгмийн системийн оюун санааны хүрээ – дэд системд гарсан суурь өөрчлөлт юм.

 

Санал болгож буй гарцуудын тухай

 

Улмаар монголын ард түмэн төр засгийг өөрчлөн шинэчлэх асар олон хувилбар дэвшүүлэх болов. Эхлээд албан ба албан бусаар олон нийтийн дунд үлэмж түгсэн, бараг уриа, зорилго мэт тунхаглаж буй, олон давтагдаж буй санааг оноог жагсаагаад үзье:

1. Үндсэн Хуулийг өөрчлөх

2. Ерөнхийлөгчийг огцруулах

3. УИХ-ыг тараах

4. Засгийн Газрыг огцруулах

5. Шинээр сонгууль явуулах

6. Улс төрийн намуудыг тараах зэрэг болно.

Мөн энэ 6 зүйлийг ямар нэг байдлаар хослуулан нэгтгэсэн нэлээд олон хувилбар дэвшүүлэх. Жишээлбэл, Эхлээд Үндсэн Хуулиа өөрчлөөд дараа нь сонгууль явуулах, эсвэл эхлээд УИХ-ыг тарааж, дараа нь сонгууль явуулах, эсвэл Засгийн Газрыг огцруулаад дараа нь бүх асуудлыг шийдэх, эсвэл эхлээд Ерөнхийлөгчийг огцруулж байгаад дараа нь бусад асуудлыг шийдвэрлэх, эсвэл намуудыг татан буулгаж байгаад дараа нь сонгууль явуулах, эсвэл Түр засгийн газар байгуулж байгаад сонгууль явуулах гэсэн маш олон хувилбартай. Энд дэс дарааны л ялгаа байгаа болохоос агуулгын ялгаа байхгүй.

Эдгээрийг нэгтгэн үзвэл бүхэлдээ “системийн хямрал”, “системийн өөрчлөлт” гэсэн агуулгад багтах ба манай ард түмэн өнөөгийн төр засаг, намуудыг уг сууриар нь өөрчлөх чин хүсэлтэй болсныг ямар ч эргэлзээгүй харуулна. 

Эдүгээ ид өрнөж буй “Ерөнхийлөгчийн засаглалтай болно”, “Парламентын засаглалтай болно” гэсэн хэрүүл, маргаан, мэтгэлцээн гэхэд л манай ард түмэн оюун санаандаа төр засгийг аль хэдийн “өөрчилчихсөн” байгааг харуулах жишээ биш гэж үү ?! Монголын ард түмэн дараагийнхаа зөв, шударга нам, төр засгийг аль хэдийн яриад эхэлчихэж…

Нам, төрийн тогтолцоог өөрчлөх асуудал ард түмний яриа мэтгэлцээнээс аль хэдийн халин гарч, намууд, төр засгийн албан тушаалтны түвшинд хүрч, тэдний заримын амнаас системийн өөрчлөлт хийх санаа оноо гарах болсон нь системийн реформ хийх цаг болсныг харуулахгүй гэж үү ?!

Эдүгээ улс төрчид болон улс төр сонирхогчдын гар дээр 30 гаруй Үндсэн Хуулийн төсөл байгаа баримт өөрөө системийн өөрчлөлтийн үйл явц эргэлт буцалтгүй болсныг харуулахгүй гэж үү ?!

Ийнхүү Монгол Улс бүх талаараа системийн эрс шинэчлэлд бэлэн болоод байна. Гэвч үүнийг улс төрийн намууд, төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд өнөө хэр хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Илт тодорхой системийн хямралыг хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлээс зайлсхийх нь өнөөдөр бол гэмт хэрэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой.

Гурван зам

Шууд хэлэхэд өнөөдөр Монголчууд бидний өмнө хямралаас гарах, түүнийг гэтлэн давах 3 зам буюу арга хэрэгсэл буй.

Нэг. Хуучнаараа буюу энэ хэвээрээ байх. Хэрүүл хараал хийж байгаад хоёрхон жилийн дараа буюу 2020 онд УИХ-ын сонгууль явуулна, Засгийн Газраа бүрдүүлнэ, элдэв төрлийн томилгоо халаа сэлгээ хийнэ. УИХ-д хоёр намын аль нэг нь олонхи болж, давуу байр суурьтай болно. Урьдын адил амална, хэрэлдэнэ, идэж ууна, оффшордоно, нэмж зээл авна г.м, г.м…Энэ замыг бид 30 жилийн туршлагаасаа дэндүү сайн мэдэхээс гадна залхаж гүйцсэн. Энэ зам, арга хэрэгсэл бүхий л боломжоо нэгэнт шавхсан, цаашдаа ямар ч явцгүй, ирээдүйгүй, хамгийн адгийн зам…

Хоёр. Хувьсгал хийх. Манайд бол хувьсгал холын биш, өнөө маргаашийн асуудал болсон гэдэг нь эргэлзээгүй. Нэг л оч үсэрвэл манайд хувьсгалын гинжин урвал үүсэх ба үүнийг хаосын удирдлагын маш нарийн загвартай тохиолдолд бага зэрэг удирдан залах боломжтой. Гэвч манайд ийм боломж нэн хомс. Эртний ч бай, одоогийн ч бай бүх төрлийн хувьсгал хэтэрхий эрсдэлтэй, золиос ихтэй, тийм ч их хүсмээр зүйл биш. Ямар ч гарц, боломж байхгүй, өөр бусад арга хэрэгслийн бүх боломж шавхагдаж, бүрэн мухардалд орсон хамгийн сүүлчийн мөчид хувьсгалын зам өөрөө гараад ирдэг юм. Зөвхөн энэ нөхцөлд л хувьсгалыг дэмжиж болно…

Гурав. Системийн реформ буюу эрс шинэчлэл хийх. Яг энэ хувилбарыг Ерөнхийлөгч Х.Баттулга тунхагласан. Реформ бол хувьсгалаас арай “наагуур”, арай зөөлөн, аядуу атлаа эрс шинэчлэл гэсэн үг. Үүнийг би бүхий л утгаар дэмжиж байгаа. Системийн хямралыг хүлээн зөвшөөрч, улс төрийн реформ хийхээр зориг шулуудсан хэнийг ч гэсэн Монголын ард түмэн дэмжих хандлагатай байгаад асуудлын мөн чанар оршино. Хэрэв реформ хийх үзэл санааг М.Энхболд дэвшүүлсэн бол би түүнийг дэмжих байсан, хэрэв У.Хүрэлсүх дэвшүүлсэн бол бас л түүнийг дэмжих байсан. Учир нь улс төрийн реформ бол бидний гарцаагүй гүйцэлдүүлэх ёстой зайлшгүй мөн. Мөн реформ хийх цаг хугацаа эдүгээ нэгэнт болсон.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар ихэд бодож, эрэгцүүлж, сайн муу, сайхан муухайг нь харьцуулж, их удаан дүлэгнэсэн нь гарцаагүй. Эцсийн эцэст тэр шинэ бөгөөд зөв хандлагыг дэмжих чиг баримжаа авч, түүнийхээ гол гол зарчмуудыг тунхагласан нь улс төрийн эр зориг мөнөөсөө мөн. “Хулчгар хүн бодохоосоо айдаг, аймхай хүн хийхээсээ айдаг, харин зоригтой хүн хийснийхээ дараа айдаг” гэсэн ухаант үг бий.

Ерөнхийлөгч одоо “айж” байгаа, учир нь тэр олон зүйлийг мэдэхгүй, бас олон зүйлийг мэднэ, мөн олон зүйлийг чадахгүй, бас олон зүйлийг чадна, гэхдээ л зөв чиг баримжаа бол маш олон бэрхшээл саадыг амжилттай давж, зорьсондоо хүрэх гол хэрэгсэл мөн.

Улс төрийн системийн реформ хийх хэрэгтэй юу ? Хэрэгтэй. Улс төрийн системийн реформ хийх цаг болсон уу ? Болсон. 

Юунаас эхлэх вэ ?

Эдүгээ энэ асуултыг хүн бүр тавьж байгаа. Угаасаа ч энэ бол хувьсгалт эргэлтийн үед гардаг мөнхийн асуудал болой.

Үндсэн Хуулиас эхэлнэ гэж Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тодорхой хэлсэн. Мөн энэ үгийг М.Энхболд ч хэлсэн. Ялгаа нь юу вэ ? Х.Баттулга Үндсэн Хуулийн өөрчлөлтийг улс төрийн реформ болон бүх нийтийн оролцооны нэн өргөн дэвсгэр дээр авч үзсэн. Харин М.Энхболд Үндсэн Хуулийг ганцхан Д.Лүндээжанцанд “өмчлүүлдэгийг” бид мэднэ. Энэ бол асар их ялгаа юм…

Өмнө нь Үндсэн Хуулийн хэлэлцүүлэг явж л байсан. Түүнийг нь ард түмэн дэмжээгүй учраас тэр нь нурсан. Ард түмэн Үндсэн Хуулийн өөрчлөлтийг дэмжиж байсан боловч МАН-аар буюу орь ганц Д.Лүндээжанцангаар хийлгэхийг хүсээгүй юм.

Эдүгээ улс төрчид болон улс төр сонирхогчдын гар дээр 30 гаруй Үндсэн Хуулийн төсөл байгааг дээр дурдсан. Ингээд бүгдээрээ нэг нэг Үндсэн Хуулийн төсөл барьчихаад хэрэлдээд байх уу ?! Ингэвэл ямар ч шинэчлэл болохгүй.

Ямар ч гэсэн энэ ажлыг нэг гарт төвлөрүүлэх хэрэгтэй. “Нэг гар” гэдэг нь хэн бэ ? гэсэн асуулт гарна. Хуулийн утгаараа ч, хариуцсан ажил үүргээрээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуулийн шинэчлэлийн ажлыг зохицуулах ёстой. Үүнийг УИХ, Засгийн Газарт даалгаж болох ч энэ нь МАНАН-гийн Үндсэн Хууль болох нь гарцаагүй. Тэгвэл нохойн замаар орлоо гэсэн хэрэг…

Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэсэн хардлагаар няцаах оролдлого эхэлчихлээ. Хардлагаар үндэслэл хийх утгагүй. Хэрэв хардаж байвал хяналтаа сайн тавь, өөрийн хувилбарыг дэвшүүл, сайн сурталчил. Эцсийн эцэст засаглалын ямар хэлбэртэй байхыг Х.Баттулга биш, монголын ард түмэн шийднэ…

Дараа нь: “Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байна.

Монголын төрийн тогтолцооны шинэчлэлийг намын тогтолцооноос эхлэнэ гэсэн агуулга энд илт байна. Намын тогтолцоог өөрчилж шинэчлэхгүйгээр төрийн тогтолцооны реформ яагаад ч амжилт олохгүй нь нэн тодорхой.

Ингээд нам, төр хоёроосоо реформ эхлэнэ гэсэн санаа бүхий л утгаараа зөв бөгөөд ирээдүйтэй эхлэл болно. Нэгэн илтгэлд ногдсон өчүүхэн хугацаанд улс төрийн реформын бүхий л асуудлыг А, Б-гүй дурдан жагсаах боломж хэнд ч байдаггүй. Эхний удаад зарлан тунхаглах, гол зарчим, агуулгыг нь дурдахад л хангалттай. Цааш нь дэлгэрүүлэн ярих, тодотгох, ойлгуулан тайлбарлах ажил их байгаа нь мэдээж хэрэг.

Миний ойлгож байгаагаар манай улс төрийн реформын зорилт нь цөөнхи МАНАН бүлгийн дур зоргын, дангаар, ээлж халаагүй ноёрхлыг улс төрийн аргаар халж, оронд нь зөв, шударга, харилцан хяналт бүхий, Монголын ард түмэн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц тоглолтын шинэ дүрэм тогтоож, Монгол төрийг зах зээлээс, зах зээлийг цөөнхийн дангаар ноёрхлоос ангижруулж, үүнд нийцсэн сэтгэл зүй, үйлдэл, ёс суртахууны шинэ зарчим, хэм хэмжээг тогтоох явдал мөн.

Онолын болон шал дэмий маргаанууд

Цаг үеийн дуудлагад хариу өгч, ард түмний хүсэл эрмэлзэлд бүрнээ нийцсэн улс төрийн реформыг илт эсэргүүцэн няцаах нам, хүчин байхгүй шахам. Гэхдээ л төрөл бүрийн аргаар эсэргүүцэн саармагжуулахыг оролдох нь гарцаагүй. Одоо ч гэсэн ийм довтолгоо эхэлчихэж…

Яаж эсэргүүцэх гэж ? Хамгийн эхлээд “онолын” маргаан, хэрүүл. Сүүлийн үед Монголд системийн онол, анализын “агуу мэдлэгтнүүд” асар их олширч байна. Мөн Үндсэн Хуулийг “нэвт шувт” мэддэг агуу ихийн донтонгууд хэт олноороо үржиж байна. Захын дураак л яриагаа “засаглалын хэлбэр” гээд эхлэх жишээний. Сүүлдээ бүр жиргээгээр онолын мэтгэлцээн явуулах гэж зүтгэдэг “сод ухаантнууд” бий болж байна. Энэ бол яав ч хэвийн үзэгдэл биш…

Дөнгөж өчигдөр л гэхэд л Ж.Сүхбаатар гэх МАХН-ын нэг залуу: “Дахиад л тогтолцоотой ноцолдоно 10 хэдэн жил, тэгээд үүнийг 10 хэдэн жил улс төрд байж өнөөгийн төрхийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан улсууд хийнэ гэх, 2 дугаар шинэ Үндсэн хууль ярина, Үндсэн хуулийн байгуулалд халдсанаар нийгэм, төрийн бүх зохицуулалт өөрчлөгдөнө, хэн янзлах юм?!” гэж омогдов.

Энэ нөхөр “арван хэдэн жил” гэсэн тоог санаанаасаа гаргаж байна, Үндсэн Хууль өөрчлөх нь буруу гэж байна, төрийн бүх зохицуулалт алдагдана гэж “айж” байна. Монголын өнөөгийн төрийн зохицуулалт шиг новшийн юм энэ дэлхийд байдаггүйг энэ залуу огт ойлгосонгүй, “төрийн зохицуулалтаа” хэвээр нь үлдээнэ гэж зүтгэж байна.

Цааш нь Ж.Сүхбаатар: “Захиргааны шинэтгэл, сонгууль – улс төрийн намуудын шинэтгэл. Надад онолын төдийгүй шийдлийн гаргалгаа бий. Дэд систeмээ янзлаагүй байж хүрээ рам сэтгээд яриад байвал химeрчүүд чинь амьд л байнашд!” гэж зүтгэж байна.

Захиргааны шинэчлэлээр системийн өөрчлөлт эхэлдэг практик дэлхийд байгаагүй, цаашид ч байхгүй. Системээ хадгалан үлдэж, түүний хүрээнд захиргааны шинэчлэл хийдэг практик бий нь бий. Гэхдээ системийн өөрчлөлтийн өөдөөс захиргааны шинэчлэлийг сөргүүлэн тавих нь тэнэг хэрэг. Захиргааны системийн өөрчлөлт нийт системийн өөрчлөлтөд хүргэхгүй, харин ч түүнийг хадгалан үлддэг. Харин улс төрийн системийн реформ захиргааны шинэчлэлийг гарцаагүй дагалдуулдаг. Харьцуулшгүй юмыг харьцуулчихаад ухаантайгаа гайхуулах нь тэнэглэлийн шинж. Улс төрийн намуудыг шинэчлэх талаар Ерөнхийлөгч нэгэнт ярьчихсныг бид бүгд мэднэ. Хүний нэгэнт ярьчихсан зүйлийг “нэмэн” санал болгох аргаар маргалдах нь утгагүй.

“Дэд системээ янзлаагүй байж хүрээ рам сэтгээд яриад байх” буруу гэж Ж.Сүхбаатар зүтгэж байна. 1. Тэр системийг “хүрээ рам” гэж сэтгэж байгаа нь дэндүү өрөвдөлтэй. Систем бол дэд системүүдийг багтаасан харилцан уялдаат, зорилго чиглэлт (нийгмийн) бүхэллэг мөн. 2. “Эхлээд дэд системийг өөрчлөх ёстой” гэж энэ залуу нотлож байна. Дэд системд гарсан гажуудлууд яван явсаар системийн хямралд хүргэдэг бөгөөд энэ тохиолдолд системийг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ёстой.

МАХН-ист, Энхбаярист энэ залуугийн сэтгэлгээний алдаа нь: улс төрийн системийн институтиональ дэд систем, норматив дэд систем хоёрыг холин хутгаж, институциональ дэд систем нь анхдагч, норматив дэд систем нь дагалдагч шинжтэй гэдгийг “мартсан” явдал мөн.

Энэ мэтчилэн болсон болоогүй элдэв төрлийн “онол” ярьж улс төрийн реформыг эсэргүүцэх явдал олон гарах нь мэдээж хэрэг.

Өчигдөр нэг нөхөр “муу хулгайч Баттулгаар үүнийг хийлгэхгүй” гэж “тунхаглав”. Боддог л бодол. Хэрэв ингэж сэтгэвэл өөр нэгэн М.Энхболдоор хийлгэхгүй, нөгөө нь У.Хүрэлсүхээр хийлгэхгүй, бас нэг нь МАН-аар хийлгэхгүй, нөгөө нь АН-аар хийлгэхгүй гэж зүтгэх нь мэдээж хэрэг. Үр дүн нь хэнээр ч шинэчлэл хийлгэхгүй. Энэ бол үлэмж их тэнэглэл юм. Миний бодлоор МАНАН-гаас өөр бол хэн ч шинэчлэл хийж болно… 

Системийн реформ бол хэн нэгнээр “хийлгэх эсэх” тухай асуудал биш, харин Монголчууд бид хямралаас гарахын тулд, түүнийг гэтлэн давахын тулд зайлшгүй, гарцаагүй хийх, шийдэх тулгамдсан асуудал, эрин цагийн дуудлага мөн. Нөгөө талаасаа системийн реформ бол онолын асуудал биш, харин практикийн тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудал мөн.

Ямар ч гэсэн Монгол төрийн индэр дээрээс, анх удаа, албан ёсоор системийн хямралыг хүлээн зөвшөөрч, системийн реформ хийгээд түүний гол гол зарчмуудыг зарлан тунхагласан нь өөрөө асар том алхам юм. Нөгөө талаас улс төрийн реформ хөнгөн хялбар, ямар ч саад бэрхшээлгүй явна, явагдана гэж би огт бодохгүй байна. Наад зах нь хуучинсаг хүчин “сөрөг реформ” хийхийг оролдох нь гарцаагүй. Ийм явдал түүхэнд олон тохиолдсон. Энэ талаар ярих хэрэг бидэнд гарах л байх…

Эдүгээ системийн реформ хийх эсэхийг биш, харин яаж хийх талаар үзэл бодлоо уралдуулах нь бид бүхний эрхэм үүрэг мөн…

Судлаач Х.Д.Ганхуяг.