Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй " Хурдан үзүүлмээр байна. Хүүхэд халуураад, хоолой нь боогдох гээд байна. 103 дуудаад ирэхгүй юм" гэж уцаарлангуй сувилагчид хандаж хэлэхэд " Та хүүхдийнхээ дэвтрийг өгөөрэй. Стори нээлгээд дарааллын дагуу эмчид үзүүлнэ.

Хүлээлгийн танхимд сууж бай. Таны хүүхдийн нэрийг дуудахаар эмчийн өрөөнд ороорой" гэв. Энэ үйл явдал Баянзүрх дүүргийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн тасагт болж буй дүр зураг юм. Цаг, минут өнгөрөх тусам уйлж, уурласан хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байв. Ханиалгаж, халуурч, хоолой нь өвдсөн хүүхдүүд хаа сайгүй уйлалдаж, хоёр эмч дарааллын дагуу үзэж байсан юм. 103-аар хүргэгдэж ирсэн болон ханиад нь хүндэрсэн хүүхдүүдэд үзлэг хийж, эмчилгэний тасагт шилжүүлэн хэвтүүлж байв. Хүүхдээ үзүүлэхийн тулд эцэг эхчүүд 30 минутаас цаг хүртэл хүлээж байлаа. Энэ үеэр гурван настай хүүгээ үзүүлэхээр ирсэн Б. Туяа " Манай хүүхэд гурван хоногийн өмнөөс халуурч эхэлсэн. Халуурч эхэлсэн өдөр нь Өрхийн эмнэлгийнхээ эмчид үзүүлсэн. Бичиж өгсөн эмийн цагийн хуваарийн дагуу өгсөн ч ямар ч үр дүн үзүүлсэнгүй. Биеийн байдал нь бүр хүндэрч, гүйлгэж, бөөлжиж эхэлсэн. Ажлын цаг дуусчихсан болохоор аргагүйн эрхэнд 103 дуудсан. Гэтэл оператор нь аашилж загнаад дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүл гэсэн. Манайх Дарь-Эхэд уулын оройд байдаг. Машингүй болохоор шөнө ирж чадсангүй. Эмчид үзүүлэх гэж 40 минут хүлээж байна" гэв. Хүүхэд нь өвдсөн болоод ч тэрүү эцэг эхчүүд бухимдангуй "Хурдан үзээч. Эмчийнхээ тоог нэмнээр байна. Битгий урдуур дараалал дайраад бай" гэх зэргээр сувилагчид болон өөр хоорондоо шаардлага тавьж байгаа нь ажиглагдав. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасаг 230 хүүхдийн ортой.

Өнөөдрийн байдлаар 227 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагийн 160 гаруй нь 0-1, 37 нь 1-3, үлдсэн 30 нь 3-5 настай хүүхэд  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгааг тус тасгийн хүүхдийн их эмч А.Батцэцэг хэлж байлаа.

 

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хүүхдээ хэрхэн асарч халамжилж, хооллох, ханиад хүрсэн даруйд нь  эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүүхдийнхээ дархлааг хэрхэн яаж дэмжих талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт хэчнээн хүүхэд үзэж байна вэ?

-Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хүүхдийн ханиад, өвчлөл харьцангуй ихэсч байна. Өнөөдрийн байдлаар 227 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр гэхэд 203 хүүхэд үзүүлснээс 64 хүүхдийг шууд хэвтүүлсэн. Сэхээнд орох хүүхдийн тоо нэмэгдэж байна. Одоогоор зургаан хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж  байгаа. Биеийн байдал нь маш хүнд зайлшгүй хэвтэн эмчүүлэх хүүхдүүдийг шууд хэвтүүлнэ.  Харин бие нь харьцангуй гайгүй хүүхдийг Өрхийн эмчийн хяналт нь дор эцэг, эхэд нь зөвлөгөө өгөөд буцааж байгаа. Насыг нь ангилж авч үзвэл, 0-5 настай хүүхдүүд хэвтэж байгаа. Мөн нэг нас хүрээгүй нярай хүүхдүүд дийлэнх хувийн эзэлж байна. Ханиад хүрээд, маргааш нь хатгалгаа болчихсон олон тохиолдол байна. Эдгэрэх явц нь удаан, маш хүнд ханиад гэж хэлж болно. Ажлын өдөрт 200 гаруй, амралтын өдөр 300-аад хүүхэд үздэг.  Цаг агаарын нөхцөл байдал,эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж сулрахаар хүүхэд өвдчих гээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдэээ маш сайн анхаарал тавьж, ариун цэврийн дэглэмийг чандлан сахиж, дархлааг нь дэмжих амин дэмтэй хоол ундыг цагийн хуваарийн дагуу өгөх хэрэгтэй.

-Яг ямар оноштой хүүхэд их байгаа бол. Хатгалгааны эдгэх явц удаан гэдэг. Эмнэлгээс гарсны дараа эцэг эхчүүд үргэлжлүүлээд гэрийн нөхцөлд асарч, халамжлах нь чухал уу?

-Хэвтсэн хүүхдүүдийн дийлэнхи нь уушгины хатгаатай байна. Мөн амьсгалын дээд, доод замын өвчлөлтэй хүүхдүүд хэвтэж байгаа. Хатгааны эдгэрэлт хугацаа удаан байдаг. 1-2 сарын дараа эдгэнэ. Эмнэлэгт хурц үе буюу халуунаа намдаагаад гардаг. Гал унтраагаад гарч байна гэсэн үг.  Эдгээд зүгээр болчихсон гэж бодож болохгүй. Дөнгөж сайжраад гарч байна гэж ойлгох хэрэгтэй.  Эмнэлгээс гарсны дараа эцэг эхийн хараа хяналт чухал. Зөвлөгөө өгөөд, уух эмийн эмчилгээг бичиж өгөөд гаргадаг. Буцаад биеийн байдал нь хүндрээд ирэх тохиолдол ч бий.

-Яаралтай түргэн тусламжийн тасагт хүүхдээ үзүүлэх гэж ирсэн эцэг эхчүүд нэлээд уцаарлангуй байгаа нь харагдсан. Тухайлбал, дараалал дайрч, эмчийг хурдан үз, хүүхэд өвдөөд байна зэргээр. Нэг хүүхэд үзэх хугацаа ойролцоогоор хэр байдаг бол?

-Хэдэн минут хүлээгээд, эелдэг харьцаад дарааллынхаа дагуу үзүүлдэг эцэг эхчүүд цөөхөн шүү дээ. Хүүхдийнхээ биеийн байдлыг хүндрүүлчихээд хэд хоногийн дараа ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авна. Хүүхэд өвдчихлөө гэж эмчид уураа гаргана. Учир байдлыг нь хэлээд стори нээлгээд, дарааллын дагуу ор гэхээр хүлээмээргүй байна зэргээр загнах тохиолдол их гардаг. Хүүхэд нь өвчиндөө шаналаад байхад ээжүүд хоорондоо хэрэлдээд байдаг. Тэгэхээр ээжүүдийн сэтгэлзүйг давхар эмчлээд, зөвлөгөө өгөөд гаргана. Биеийн эмчлэхийнхээ хажуугаар давхар сэтгэлзүйг нь эмчилдэг дээ. Нэг хүүхдийг доод тал нь 25 минут үздэг.  Хүний амь насыг давхар хариуцаж ажиллаж байгаа болохоор цаг тутамд хариуцлагтай хандах хэрэгтэй. Хүүхдийн биеийг маш сайн үзэх ёстой. Учир нь өглөө бие нь гайгүй байсан хүүхэд өдөр огцом муудах тал бий. Хүүхэд нь өвдчихсөн хэд хоног дур мэдэн эмчилгээ хийж, биеийн  байдлын бүр муутгаад эмнэлэгт авч ирээд элдвээр дууддаг эцэг эхчүүдэд хариуцлага тооцмоор /нэхмээр/  санагддаг.

-Цахим ертөнцөд “Хүүхэд халуураад, ханиалгаад байна. Хүүхдийнхээ ханиадыг нам дармаар байна. Ямар эм өгвөл сайн байна” гэх постыг ээжүүд фэйсбүүк группт их оруулах юм. Тэр эм сайн байна гэвэл дагаад өгчих жишээтэй. Ингэж дур мэдэн эмчилгээ хийх нь хүүхдийн биеийн байдлыг бүр хүндрүүлэг юм шиг санагддаг?

-Тэгэлгүй яахав. Ам дамжсан зөвлөгөөг дагаж эмчилгээ хийх нь хүүхдийг үхэлд хүргэх аюултай. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэд ханиалгаж, биеийн байдал нь муудаж эхлэхээр нь эмнэлгийн байгуулагт цаг алдалгүй ирж, эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн бие бол хоромын төдийд хурдан мууддаг. Тэгэхээр мэргэжлийн хүүхдийн эмчид ханд.Дур мэдэн эмчилгээ хийх нь хамгийн аймшигтай зүйл шүү гэдгийг хатуу анхааруулж хэлмээр байна. Стандарт бус эмчилгээ хийхэд хүүхэд л хохироод үлддэг. Интернэт ертөнц хэт их хөгжсөн. Хянах механизм монголд байхгүй. Фэйсбүүкийн ээжүүдийн группыг харахаар бүгд л эмч хүн шиг зөвлөж, тийм эм сайн, тэр нь муу зэрэг комэнт бичээд байдаг. Таны бичсэн зүйлээс чинь болоод хэн нэгэн хүн амиа насаа алдах аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ интернэтээс ямар мэдээлэл, зөвлөгөөг авч амьдралдаа хэрэгжүүлж болох вэ, ямарыг нь авч болохгүй вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ гаргах цаг зав, анхаарал жил ирэх тусам муудаж байгаа нь анзаарагддаг.

-Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ. Өвлийн улиралд ямар төрлийн витамин өгөх үү?

-Эхлээд хүүхдэдээ асаргаа, сувилгаа анхаарал сайн тавих хэрэгтэй. Онолд зааснаар бол хүүхдийн дархлааг дэмжих эм, тариа байдаггүй юм. Гэхдээ манай улс эрс тэрс уур амьсгалтай.Тэгэхээр А болон Д витаминыг өгөх зайлшгүй шаардлагатай. Хүүхэд яагаад өвддөг вэ гэхээр эцэг эхийн анхаарал сулрахаар өвдчихдөг. Нийгэм, эдийн засгийн байдал хэцүү байгаа ч хүүхдэдээ тавих анхааралаа сулруулмааргүй байна. Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд зөв хооллох хэрэгтэй. Мөн цагаан идээг түлхүү хэрэглүүл. Аарц, чацаргана, аньс, ааруул, сүү зэргийг өгч, занших хэрэгтэй. Хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй хятад хүнсний бүтээгдэхүүн чихэр жимс хүүхдэдээ битгий өг.

-Ларангит болчихвол аюултай гэдэг. Хоолой нь сөөгөөд ирэхээр эцэг эхчүүд  анхан шатанд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хүүхдийн хоолой өвдөх аюултай. Хүүхдийн хоолой өвдөж, боох тохиолдол их гардаг. Ихэвчлэн хүүхэд үүрээр боочих гээд  байдаг юм. Хоолой нь өвдөж, ларангит болсон хүүхдийг уйлуулж болдоггүй. Уйлвал хоолны бачуурал улам ихэснэ. Мөн хүүхдийн амаар хүйтэн салхи авхуулахгүй, доороос нь дааруулахгүй дулаан хувцаслах шаардлагатай. Халуун бүлээн, шингэн зүйл цаг тутамд өгнө. Учир нь шингэн зүйл хоолойны бачуурлыг тавьдаг байгаа. Дээрхи гурван зөвлөгөөг дагах хэрэгтэй. Мөн  хүүхдийнхээ дэргэд хэзээч битгий тамхи тат. Дам тамхидалт илүү их хор уршигтай. Эцэг эхчүүд өөрсдөө ариун цэврийн дэглэмээ маш сайн сахимаар байна. Нэг үеэ бодвол сайжирч байгаа. Гэхдээ гар болон амны хөндийн ариун цэвэрээ сайтар сахисны дараа хүүхдээ тэвэрч, үнсэж, эрхлүүлмээр байгаа юм. Гаднаас орж ирээд шууд хүүхдээ тэврээд үнсдэг.  Учир нь гадаад орчин тэр чигтээ халдвар. Тиймээс элдэв төрлийн эмгэгээс эцэг эхчүүд өөрсдийгөө болон үр хүүхдээ урьдчилан сэргийлмээр байна.

С.Ичинхорлоо

unen.mn