Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ЕБ-ын лаборатори IY сургуулийн дэргэд байгуулагдсан “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл ажиллагаа амжилттай өрнөж байна. “Дугуйтай Сэлэнгэ” клубыг санаачлан байгуулсан тус сургуулийн захирал Н.Энхтөртэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна.

-Танай сургуулийн дэргэд байгуулагдсан “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл ажиллагаа нэлээд идэвхитэй өрнөж байх шиг байна. Клубынхээ үйл ажиллагааны талаар сонирхуулаач?

-Манай клубын суурь 2018 онд технологийн багш Б.Гүнжилмаа ахлагчтай дунд, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрт төсөл бичиж хандсанаар тавигдсан. Гэхдээ тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг утгаар яг оновчтой зүйл хийхийг төслийн зүгээс бидэнд хэлсэн. Ингээд би бодож байгаад араас тань санаагаа явуулья гээд энэ “Дугуйтай Сэлэнгэ” гэсэн санаагаа хэлсэн. Тэр дороо дэмжигдээд энэ төсөл манай сургууль дээр хэрэгжих болсон юм. Манай клуб одоогоор 6, 8, 10-р ангийн 60 сурагч, нэг чиглүүлэгч багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сургуулийнхаа дэргэдэх “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчид, багш, ажиллагсад, ард иргэдэд дугуйн ач холбогдлыг таниулна. Цаашлаад байгаль орчинд ээлтэй, бие бялдар, өсөлт хөгжилтөд нөлөөлөхүйц үйл ажиллагааг зохион байгуулах, “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын “Нийт хүн амыг эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах”, “Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах” гэсэн зорилтыг дэмжин ажиллах зорилготой ажиллаж байна. Манай төсөл хэрэгжсэнээр одоо байгуулагдсан клубээ улам өргөжүүлж, нийт сурагчдын гуравны хоёр нь унадаг дугуйны хэрэглээтэй болсон байх. Цаашлаад Сүхбаатар сумын ЕБС-иудтай хамтран ажиллаж, унадаг дугуй сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, жил бүрийн тодорхой нэг өдрийг “Авто машингүй өдөр” болгох үйл ажиллагаанууд тогтмолжсон байх гээд олон сайхан ажлуудыг хийж эхлүүлээд байна. Дугуйн хэрэглээ нэмэгдээд ирэхийн зэрэгцээ аюулгүй зорчих асуудал яригдана. Одоо олон хүүхдүүд дугуйгаар яваад ирэхээр бас асуудалтай байна шүү дээ. Иймээс бид аймгийн төвд дугуйн зам бариулах саналыг аймгийн ИТХ-д оруулах том зорилготой ажиллаж байна.

-Танай клубын хүүхдүүд бас авто машингүй өдрийг тэмдэглэлээ. Нийтэд хамааралтай уриалга гарсан байна. Авто машинтай холбоотой судалгааг хүүхдүүд өөрсдөө хийсэн байна. Энэ талаараа . . .?

-Манай сургуулийн дэргэдэх “Дугуйтай Сэлэнгэ” клубээс Сүхбаатарчууддаа хандан “Эх дэлхийгээ хамгаалах үйлсийг энгийн хэрэглээнээс эхэлье” уриан дор Уриалга хүргүүлсэн байгаа. Уриалгын гол утга нь бүх нийтээрээ авто машинаас татгалзан, эх болсон байгаль дэлхий, өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг, эрүүл зөв амьдралын төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахад идэвх санаачилга гарган бидэнтэй хамтран ажиллахыг уриалсан. Мөн нийгэмд амьдралын эрүүл, зөв хэв хаягийг төлөвшүүлэх, байгальд ээлтэй үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөдөлгөөнд олон нийтийг нэгтгэх зорилгоор жил бүр тухайн нэг өдрийг сонгон “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус үйл ажиллагаанд манай “Дугуйтай Сэлэнгэ” клуб, Сүхбаатар сумын ЕБ-ийн I, II, III, IY, Y, YI болон спорт сургуулийн ахлах ангийн сурагчид, Д.Эрдэнэчимэг багштай зургийн дүгуйлангийн сурагчид оролцсон. Хүүхдүүд Сүхбаатар сумын төв Партизаны талбайн баруун гар талын уулзвараас “Хөх чулуут”-ын уулзвар хүртэл аялж, авто машины хор уршгийг харуулсан зургийг зам дээр зурж олон нийтэд сурталчилан таниулсан.  

-Төслийн үйл ажиллагаа ямар шатандаа явж байна. Хичнээн төгрөгийн санхүүжилт авсан. Түүнийгээ хэрхэн зарцуулав. Төслийн хүрээнд дээрх ажлуудаас гадна ямар ямар ажлууд шинээр хийх гэж байгаа талаараа сонирхуулаач?

-Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Тогтовортой хөгжлийн боловсрол” төслөөр манай сургууль дээр “Дугуйтай Сэлэнгэ” төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн шууд санхүүжилтээр 19 сая төгрөгийн дэмжлэг авсан. Үүгээрээ бид 20 гаруй дугуй худалдаж авсан. Дугуйны зогсоолоо байгуулсан. Арай л дуусаагүй, гэхлээ гол ажлуудаа хийсэн байгаа. Төслийн хүрээнд сургуулийнхаа дэргэд дугуйн клуб байгуулсан. Клубын үйл ажиллагааны гол ажлууд гэхээр хамгийн сүүлд автомашингүй өдрийг зохион явууллаа. Үүнийг зохион байгуулахад манай хүүхдүүдийн оролцоо сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Төслийн хүрээнд манай клубээс замын хөдөлгөөнд аюулгүй оролцох сургалтууд, мэргэжлийн дугуйчидтай уулзах уулзалт зохион байгуулах гээд олон ажлууд хийгдэнэ. Тухайн үедээ би мэргэжлийн дугуйчдын 1981 оны залуучуудын улсын уралдааны 50 км-т оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Мэргэжлийн дугуйчидтай уулзах уулзалтаар хүүхдүүдтэйгээ уулзаад энэ талаараа яривал их сонин байх болов уу. Сургуулийн маань захирал ингэж явсан юм байна шүү гэж сонин сэтгэл төрөх байх гэж бодож байна.

Мөн дугуйн аялал зохион байгуулна. Ер нь дугуйны хэрэглээг өргөн дэлгэр болгох үйл ажилд уриалах, дугуйны эдийн засгийн ач холбогдол, эрүүл мэндийн ач холбогдолыг таниулах гээд олон ажлууд хийгдэж байна. Түүнийгээ нийтэд уриалахаар хүүхдүүд уриалга гаргалаа. Дугуй бол нийгэмд амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд оруулах хувь нэмэр их өндөр байдаг юм байна. Бид агаарыг машин хэрхэн бохирдуулж байгааг мэддэггүй юм байна. Тухайлбал Хүүхдүүдийн маань хийсэн судалгаагаар Сүхбаатар суманд 2017 оны эцсийн байдлаар 5870 өрхийн 22911 хүн оршин сууж, амьдарч байгаагаас ЕБ-ын 8 сургуульд 4194 сурагч, СӨБ-ын 7 цэцэрлэгт 1972 хүүхэд сурч хүмүүжиж байна. Сумын хэмжээнд нийт 5756 ш авто машин байгаа нь нэг өрхөд бараг нэг авто машин ногдож байгаа юм. Үүнээс 10-аас дээш жил ашиглагдсан авто машин нийт авто машины 62 хувийг эзэлж байгаа нь агаарт хар тугалга, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, нүүрсхүчлийн хийг ихээр ялгаруулж, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилд авто машины тоо эрс нэмэгдсэн нь хүмүүсийг хөдөлгөөний дутагдлын улмаас үүдэн олон төрлийн өвчнөөр өвчлөх шалтгаан нөхцөл нь болж байгаа гэсэн судалгааг хүүхдүүд маань хийсэн байна.

Манай дугуйлангийн хүүхдүүдээс зохион байгуулсан авто машингүй өдөрт зориулсан хэлэлцүүлэгт 7 сургуулийн 5, 5 хүүхэд нийгмийн ажилтнуудтайгаа оролцсон. Нийтдээ 70 гаруй хүүхэд оролцож, аймаг, сумдын ИТХ-ын дарга нар, аймаг, сумын Засаг дарга нарт албан тоот явуулсан. Олон нийтийг уриалах, хандлагыг өөрчлөх асуудал чухал юм гэдгийг бид ойлгосон. Үүний төлөө зорьсон. Бидэнтэй замын Цагдаагийн газар хамтарч ажилласан. Бидний ажлыг аймаг, сумын удирдлагууд их дэмжиж байгаа. Дугуйн хэрэглээний ач тус, авто машины хор уршигийн талаар зурагт хуудас тарааж, хүүхдүүд зам дээр сөрөг нөлөөллийн сэдвээр зураг зурсан. Нэг өдрийг хүчээр зам хаагаад авто машингүй байлгах үйл ажиллагаа бол гол биш юмаа. Гол нь хүмүүсийн ухамсарт энэ мэдлэгийг оруулж өгөх нь чухал юм гэдгийг бид энэ тэргүүний зорилго болгож байгаа. Эх дэлхий онгон байгалийнхаа өв даацыг хэтрүүлэхгүй, зөв зохистой хэрэглэх, зорилго бидний өмнө тулгарч байна. ЮНЕСКО, НҮБ-аас тогтвортой хөгжлийн талаар олон шийдвэрүүдийг гаргасан. 2015-2014 оныг тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил гээд зарласан. ЮНЕСКО-гоос тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын чанар стандартыг бий болгох, мөн чанар практик хэрэглээг өргөн болгох нь зүйтэй гэж үзсэн. Манай орон бас энэ зүг олон улсын жишгийг дагаад ялангуяа манай яамнаас боловсролын салбарт хичээлүүдийн сургалтын агуулгуудад  тогтвортой хөгжлийн боловсролын  агуулгыг тусгаж өгөх ажлууд эрчимтэй явж байна.  Бид нэг л гараг дэлхийтэй. Эндээ онгон байгалиа хайрлаж, хамгаалж, ариг гамтай хэрэглэж, ашиглаж амьдрахгүй бол хэзээ нэгэн цагт эвгүй байдал нүүрлэх болно оо. Энд бид нэгдэн орж бусдыг уриалан явж байна.

-Танай дугуйлангийн эцсийн зорилго юу вэ. Бас ам нээвэл уушиг нээ гэдэг. Танай сургуулийн шинэ хичээлийн жилд баримталж байгаа бодлого зорилт юу байна даа?

-Хүмүүсийн ухамсар одоохондоо өөр байна. Нийтээрээ ойлгоод хандлагаа өөрчлөөд ирэхээр сайхан ирээдүй бий болно. Бидний эцсийн зорилго, хүрэх үр дүн бол аймаг, сумын хэмжээнд дугуйн зам барих. Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах зорилт. Мөн сургууль, эцэг эхийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Тэднийгээ татан оролцуулна. Ингэж байж хүүхдийн амжилттай сайн суралцах боломжийг бий болгоно. Байгальд ээлтэй хүүхдийг төлөвшүүлж, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургуулийн бүх түвшинд хөгжүүлнэ. Улан-Үдийн сүлжээ сургуультай хамтарч байгаль далайгаа хамгаалья гэсэн багт ажиллаж байна. Энэ багт 8 сургууль байгаа. Тодорхой төлөвлөгөөний дагуу ирж очоод залуу экологчид уулзан ажлаа явуулах юм. Эцэг эхчүүдтэйгээ олон ажлуудыг хамтарч хийнэ. Сургуулиас гараад хүүхдүүд юу хийж байгаа нь тодорхой биш байна ш дээ. Үүнээс болж энд хийсэн бидний ажил үр дүнгүй болж байна. Иймээс эцэг эхчүүдтэй сайтар хамтарч ажиллана. 

 -Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.