Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын  IV зөвлөгөөн 2018.10.18-ны өдөр Төрийн ордны их танхимд болж байна. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

    Зөвлөгөөний эхэнд олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслол болов. Олимпын их наадмаас монголчууд анх медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ ойд зориулан олимпын анхны медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг бүтээсэн байна.  Мексик улсын Мехико хотноо болсон зуны олимпын XIX наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Олимпын наадмаас Монгол Улсын 28 тамирчин 29 медаль хүртээд байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпын бүх алдартнууддаа мөн хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

    Үүний дараа биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөнд оролцогчдод хандан ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонсгов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсныг дурдаад ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн  заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно гэлээ.

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ зөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд нэг дор цугларч салбартаа тулгамдаж байгаа хамгийн хурц, хамгийн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шүүн тунгаан хэлэлцэж, юуг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэхэд оршиж байгаа гэдгийг онцлов. Мөн тэрээр биеийн тамир, спортын салбарын хөгжил өнөөдөр ямар түвшинд байгааг зарим тоо баримт дээр тулгуурлан танилцуулсан юм.

   БСШУСЯ-ны зүгээс 2018 онд Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэн УИХ-аар батлуулснаар Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг гэрээгээр цалинжуулах болон чухал тэмцээн, ОУ-ын болон дэлхийн наадамд оролцуулахад 5,4 тэрбум, улсын аварга шалгаруулах тэмцээн, хуваарьт улсын хэмжээний наадам, Монгол Улсад олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэгт 1,6 тэрбум, нийтийг хамарсан биеийн тамирын ажил үйлчилгээнд 549,5 сая төгрөг, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын тусгай шилжүүлэгт 12 тэрбум төгрөгийг зарцуулаад байгааг “Спорт ба хөгжил” улсын  IV зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Ц.Цогзолмаа сайд онцлов.

   Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэж байгаа юм.

  Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

  Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын  удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.