Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр ХОЁР хүүхэд энджээ
21 цагийн өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж буй. Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 3 хүн байгаа юм. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5265 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3579, 5-9 насны 1855 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.







