Энэ жилийн сонгуульд санаанд оромгүй хүмүүс нэр дэвшиж олныг нэлээдгүй гайхашруулаад авсан. Сонгуулийн дүн ч төсөөлж байгаагүйгээр гарсан гэхэд болно. Нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж, шинэ парламентаа бүрдүүлсэн.

Өдгөө Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг огцруулж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сайд нар ажлаа хүлээж аваад байгаа билээ. Өмнөх засагт МАН давхар дээлийг маш ихээр эсэргүүцэж, олон удаа жагсаал цуглаан хийж байсан гэдгийг ард түмэн санаж буй биз. Тэгвэл тус нам эсэргүүцдэг "Давхар дээл"-ээсээ татгалзаж чадахгүй нь бололтой. Одоогоор 11 сайдыг томилсон гэтэл тэдний ихэнхи нь давхар дээл өмсчихлөө. Тэдний хэн нь ч давхар дээлтэй байхыг эсэргүүцсэнгүй ээ.

Өмнө засгийн газарт Г.Батхүү гишүүн давхар дээлээс эрс татгалзсан. Түүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилохоор болсон. Гэтэл тэрбээр УИХ-ын гишүүний ажлаа л сайн хийе, “давхар дээл”-тэй сайд болохгүй хэмээсэн. Түүнээс үлгэр дуурайлал аван эсэргүүцэх нэгэн энэхүү парламентад алга аа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдов.

Түүний боловсрол, ажлын туршлага:

Б.Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

Тэрбээр 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компаний захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ний захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайд болов.

Түүний боловсрол, ажлын туршлага:

Тэрбээр 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.

1998-2000 онд “ Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг томилов.

Түүний боловсрол, ажлын туршлага:

1886-1995 Нийслэлийн 10 жилийн 45-р дунд сургуулийг төгссөн. 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр суралцаж төгсчээ.

Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болсон юм.

Түүний боловсрол, ажлын туршлага:

1982 онд Нийслэлийн 23-р дугаар дунд сургууль, 1982-1983 онд Төв аймагт байрлах Ардын армийн 282-р анги, 1988 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль (МГИМО), 1996 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйн бакалавр, Хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос, франц хэлтэй

1988-1991 онд Гадаад Харилцааны яаманд атташе, 1991-1995 онд Монгол Улсын НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996-1997 онд АНУ-ын Вашингтон хотноо Олон Улсын хуулийн пүүст хуульч, 1997 оноос хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компаний Ерөнхий захирал, 2000-2004 онд Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэд сайд, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2006-2007 онд Хууль зүй байнгын хорооны дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд болов.

Түүний боловсрол, ажлын туршлага:

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Тэрбээр 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайдаар томилогдлоо.

Түүний боловсрол, ажлын туршлага:

1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.

Тэрбээр 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26-р дунд сургуульд Математикийн багш, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн захирлаар тус тус ажиллажээ. 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Ийнхүү МАН давхар дээлээсээ үл татгалзав. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "МАН давхар дээл шиг муухай юм байхгүй гэж ярьдаг байсан хүмүүс шүү дээ" гэсэн юм. Үлдсэн дөрвөн сайдаа хэзээ томиолох нь тодорхойгүй байгаа. Давхар дээлээ өмсүүлэх болов уу даа.