“Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр байр сууриа илэрхийлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” буюу “Монголын зэс корпораци” нэгдэл энэ оны зургадугаар сард худалдаж авсан. Үүнээс хойш уг хувьчлалын асуудлаар багагүй шүүмжлэл гарч, Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хүртэл байгуулагдан шалгаж байгаа. Уг ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд үлдээх нь зөв гэдэг хатуу байр суурь баримталж байгаагаа тодотгоод тус үйлдвэрийн хувьчлал хэрхэн өрнөсөн талаар баримт дэлгэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “2016 оны 6 дугаар сарын 2-нд “Ростек” компанийн Хяналтын зөвлөлийн эчнээ хурал гэгч болж, хувьчлалын асуудлыг ярилцсан.

 

Яг тэр өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрвөл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах тал хүлээн зөвшөөрвөл худалдахыг зөвшөөрч байна гэсэн захирамж гаргасан байсан. Энэ захирамж Монголын талд ямар замаар яаж ирсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Оросын Засгийн газар, “Ростек” буюу хувьцаа эзэмшигч компаниас ийм бичиг ирж байхад Монголын Засгийн газар 6 дугаар сарын 13-нд гэнэт хуралдаад “Ростек”-ийн тавьсан бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан. Тэр тогтоолд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан. Зүй нь ийм асуудалд Сангийн сайд гарын үсэг зурах ёстой. Ийм зүйл болоод өнгөрсөн. Үүний дараа Худалдах, худалдан авах гэрээ хийсэн.

 

Нөгөө тал 49 хувийг будилуулж байгаад зарчихлаа гэхэд манай Засгийн газар 49 хувийг худалдан авахаас давуу эрхээсээ татгалзах нь зөв үү буруу юу гэдгийг нэгдүгээрт бодож үзэх ёстой. “Ростек”, “Монголросцветмент”-ийг нийлээд 400 хүрэхгүй сая ам.доллараар зарсан байна лээ. Яахаараа Монголын ганцхан компанид худалдана гэх тулгалт хийсэнд Засгийн газар дүгнэлт хийх ёстой биздээ. Ийм л замаар бүх зүйл болсон.

 

Тэгэхээр цаашдаа 49 хувийг худалдаж авсан компаниас нь төр буцааж авах арга зам бий. Монголын ард түмний 100 жилдээ босгосон ганц бахархал болсон үйлдвэрийг ийм хуйвалдааны аргаар цөөн хүний өмч болгож болохгүй. Цаашдаа нарийн шалгах зүйл зөндөө байна. Ялангуяа Монголын талаас худалдаж авсан нөхөр эх үүсвэрээ яаж бүрдүүлэв гэдэг туйлын эргэлзээтэй” гэсэн юм.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн бүх эрх мэдэл “Монголиан коппер корпораци” болон ХХБ-д шилжиж, төрийн мэдлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан гэж тэрбээр мөн нэмж хэлэв. Учир нь "Дээрх үйлдвэрийн ТУЗ-ийн дарга хэн болох нь ч тодорхойгүй, томилогдоно гэж яригдаж байгаа хүмүүс нь дандаа АН-ын нүүдлийн бүлэг хүмүүс байна. Энэ луйврын цаана ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бий гэж харж байгаа.

 

Үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Шинэбаатар гэгч энэ оны долдугаар сарын 7-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилж, хэрэг дээрээ ХХБ болон “Монголиан Коппер корпораци”-ийн эрх ашгийн хамгаалагч болсон байна. Хуучин 280 тэрбумыг татварт төсөвт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төллөө. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө" гэв.

 

Байдал ийм байгаа тул Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх, Сангийн сайд асан Б.Болорын зургаадугаар сарын 27-ны өдөр гаргасан, 255 болон 256 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зохион байгуулах, "Эрдэнэт" үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр томилж, ажилд нь оруулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

 

 

 

 

Н.Гантуяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг