Монголчуудын уламжлалт баярын нэг Цагаан сар болоход багахан хугацаа үлдсэн учир айл бүр ялангуяа ахмад настнууд маань бэлтгэлээ базааж эхэллээ. Золгож ирсэн зочиндоо ямар бэлэг өгөхөө бодож, урт жагсаалт гарган цалин, тэтгэврээ буухыг хүлээж сууна.

Наймаачид Цагаан сарын гарын бэлэг бэлдэж ирэхээр орлогынхоо хэдэн төгрөгийг юаниар солиулан халааслаж, урд хөршийг зорихоор зэхэж байна. Тэгвэл заавал урт жагсаалт гарган толгойгоо гашилгаж, урд хөршийг зорьж цаг хугацаагаа алдах шаардлагагүйг энд онцолъё.

Үүний оронд Цагаан сараар үндэсний мөнгөн тэмдэгтээ бэлэглэхэд л болно. Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эсвэл мөнгө бэлэглэхийг жил бүр бие биедээ уриалдаг ч бүх нийтийг хамарч төдийлөн чаддаггүй. Гэхдээ нэг үеэ бодвол зарим айл өрх үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг чухалчилж, нөгөө хэсэг нь бэлэн мөнгө бэлэглэхийг илүүд үздэг болсон нь авууштай. Иймд энэ хандлагаа идэвхжүүлж, бүх нийтээрээ хэвшүүлэх нь зүйтэй. 

Дэлхийн бусад улс оронд ч ийм жишиг байдаг. Тухайлбал, манай хамгийн ойр хөрш Хятадын иргэд Цагаан сараараа 100-3000 юань нэгэндээ бэлэглэдэг аж. Тиймээс чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй элдэв бараа, бүтээгдэхүүн урд хөршөөс цуглуулж ирэхийн оронд авч явахад авсаархан, хэрэгтэй зүйлдээ зарцуулчих хэдэн төгрөг өгөх нь хэн хэндээ амар.

Ялангуяа шалтгаан нь тодорхойгүй коронавирус хурдацтай тархаж, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй энэ үед.

Монгол дээл, гутлаа өмсч, монгол хоол, шүүсээ хоймортоо залж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баяраараа монгол мөнгөн дэвсгэртээ өргөн барихыг уриалж байна. Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө гэдэг үг ч бий билээ.

 

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин