Би зүгээр хүмүүсийн санал бодлыг сонсох гэсэн юм. Би 30 гарсан эмэгтэй. Ганц бие хүүхэдгүй. Миний гол асуудал гэвэл гэр бүл болоод ганцаардлын туйл.

Би нэг тийм хоёрдмол амьдралаар амьдарсан хүн л дээ. Эх эцэг, ах дүү гээд дотносох хүнгүй. Уг нь байгаа гэхдээ хамт байж дотно өсөөгүй ээ. Ээжийн талын өвөө эмээ дээрээ өссөн. Энэ гэр бүлд олон ах эгч бий. Надаас олон насны зөрүүтэй. Сүүлийн хэдэн жил би энэ хэдэн гэр бүлийнхээ өндөр настан, хүүхдүүд, өвчтэй хүмүүсийг асарсаар 20 хэдэн насаа өнгөрөөгөөд одоо аль хэдийн 30 насыг даваад байгаа юм.

Олоон жилийн өмнө их сургуульд сурч байгаад хаячихсан юм л даа. Түүгээрээ барьцаалагдаад цаашдын амьдрал гэж үгүй болчихсон. Би явмаар байна, ажил хиймээр байна амьдралаа бодмоор байна гэхэд мэргэжилгүй чамд ажил олдохгүй ээ гээд л ам таглачихдаг байлаа.

Ажиллаж амьдрах боломж бололцоо байгаа тухай илүү тайлбарлах гэвэл өсгөж өгсөний хариуг нь төлөх ёстой гэж ярьдаг. Би эхэндээ хэдхэн жил тэсчихвэл болно доо өөрөө өөрийгөө аваад явчихаж болно гэж боддог байсан. Гэтэл одоо үнэхээр тэсвэр тэвчээр барагдаж ганцаардлын өтгөн манан дунд живж дуусах нь ээ. Найз нөхөд гэх хүн үлдсэнгүй.

Хэдэн гэрийн хоолыг хийж хувцасыг угааж, утсаар өөрийгөө зугаацуулан галзуурлаас аварч сууна. Сэтгэлзүйн энэ их шаналал өөрийг минь идсээр эмэгтэй хүн, амьд хүн гэдгээ ч мэдэрч чадахгүй зомби шиг амьдарч байх шиг л санагдах боллоо. Заримдаа маш ихээр гутарч өглөө хөнжилдөө боож үхсэн байхыг минь эд нар олвол яах бол гэх мэтийн зүйл бодож төсөөлдөг болоод удаж байна. Багаасаа ахмад настай хүний өөдөөс үг хэлж болохгүй гэсэн сургаалиар өссөн болоод ч юмуу эсвэл өөрөө эмзэг болохоор бусдыг бас өөр шигээ эмзэглэнэ гэж бодоод ч юмуу би нэг их үг сөрөөд маргалдаад байдаггүй л дээ.

Гэхдээ маргасан тохиолдолд өөрийнхөө төлөө хэлсэн хэдэн үг маань намайг хүний ач мэддэггүй буяндаа бузар хийсэн амьтан гэх мэтээр үргэлж буруутан болгоод зогсохгүй өдийг хүртэл өсгөсөн, хувцасласан, сургасан гээд маш их өр төлбөрийн сануулгад өртдөг учраас үг хэлэхээс ч халширдаг болжээ. Уг нь миний хүсэл мөрөөдөл тийм том биелшгүй их юм бишээ. Ажил хийгээд хүнд гай бололгүй өөрөө өөрийгөө эрүүл аваад явах л чин хүсэлтэй.

Гэтэл сайн дурын ч юм шиг албан шахалтын ч юм шиг гэр хорионд хайран нас минь хайран цаг хугацаа минь урсаж өнгөрлөө. Хайр дурлал, сэтгэл хөдлөл, дэггүйтэл, инээмсэглэл аль нь ч надтай хамт үлдсэнгүй ээ. Өнөөдөр нөгөө аймшигтай их гутардаг ганцаарддаг өдрүүдийн нэг. Би яах ёстой юм бол? Юуны төлөө амьдраад байгаа юм бэ? гэх зэрэг асуултууд нүдний нулимстай хамт урсдаг өдөр.
Та байсан бол яах байсан бэ?
Гэр бүлийн амгалан байдлын төлөө өөрийгөө золиослох уу эсвэл өөрийнхөө амьдралын төлөө хэн юу гэх нь хамаагүй гээд эргэж харалгүй хаалга хаах байсан уу?
Зүгээр л бусдын санал сэтгэгдэлийг сонсох гэсэн юм.
Баярлалаа.