У.ОРГИЛМАА

Эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас УБТЗ ХНН-д хийх шалгалтын ажлыг эрчимжүүлэх аж. Гэтэл АТГ-т шалгагдаад удаж буй тус газрыг дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг эцэслэн шийдэгдэлгүй замхарсан, Д.Жигжиднямаа дарга эрүүл мэндийн шалтгаанаар хил давсан. 

АТГ-ын экс дарга Х.Энхжаргалыг багласан тэр “хүлээс” АТГ-ын одоогийн дарга З.Дашдаваад ирсэн. Харамсалтай нь, тэрбээр уг хэргийг эцэслэн шийдэх гарцыг олж харахгүй, эсвэл харахыг хүсэхгүй байгаа бололтой. Энэ хэргийн эхлэл нь одоогийн Ерөнхийлөгчтэй холбогддог учраас хэргийг шийдвэрлэхэд саад учирдаг байж болзошгүй. 

Учир нь, 2018 оны гуравдугаар сард Д.Жигжиднямаа даргыг ОХУ-д томилолтоор ажиллаж байх үед “ТМХС Монгол” компани, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2012 онд хийсэн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг өгнө үү” гэсэн Прокурорын бичиг тус байгууллагад очсон байдаг.

Товчхон хэлэхэд, 250 сая ам.долларыг хоёр тал хувааж гаргахаар болоод Оросын тал өөрийн оногдох хөрөнгийн хэмжээнд 30 зүтгүүр, түүнийгээ эвдэрнэ гэж тооцоолоод засварын компанийг нь хүртэл УБТЗ ХНН-д “шахсан”. Өнөөх компани нь УБТЗ ХНН-ээс олон тооны орос ажилчинг ор нэр төдий цалин хангамж эдлүүлж байгаад алга болчихсон. 

Хаана байдгийг нь огт мэдэхгүй гэж Д.Жигжиднямаа дарга 2018 оны гурав дугаар сарын 8-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ ярилцлагад Д.Жигжиднямаа дарга “АТГ-ын мэдүүлэгт хариулсан болгоноо чамд хэллээ шүү” гэж байгаад хариулсан учраас эш татав. Юуны өмнө Орос, Монгол хоёр улс худалдаа хийхэд яагаад заавал Английн компаниар зуучлуулав? Тэр тусмаа яагаад мөнгө угаадгаараа алдартай Латвийн ABLV банкаар дамжуулав. 

Вагоноо худалдсан компани нь Английн компани байсан, Оросын “Первая грузовая” компани гэрээ хийхдээ хаягаа өөр газрын нэрээр хийсэн. Учрыг асуухад “Манай оффшор юм аа. Бид өөрийн татварын системээр ингэж худалдах нөхцөл тавьж байна” гэсэн учраас энэ шаардлагын дагуу худалдаа хийсэн гэж Д.Жигжиднямаа хариулдаг. 

Дээр нь Д.Жигжиднямаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа худалдсан Оросын компани, зуучилсан Английн компанийн талаас гэрээг баталсан хоёр гарын үсэг ижил байдаг. Үүнийгээ Д.Жигжиднямаа “Яагаад гарын үсэг нь адилхан байгааг мэдэхгүй юм. 

Та нарыг бичээд эхэлсний дараа харахад адилхан ч юм шиг харагдсан” гэж билээ. Ноцтой нь тэдний мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд дамжуулж өгсөн ABLV банк 2018 оны хоёрдугаар сарын 27-нд дампуурлаа зарласан байдаг. Үүнийг ч бас Д.Жигжиднямаа мэдээгүй.

Ингэж л ярьсан юм даа. АТГ үүнийг шалгахад яг юу нь хэцүү байдаг юм бол? Үүнээс илүү яаж хэргээ хүлээх вэ? Гэтэл яагаад хэргийг шийддэггүй вэ? Яагаад ч юм бэ Д.Жигжиднямааг эзгүйд л Прокурорын газраас албан бичиг ирээд байдаг юм гэнэлээ. Тохиолдол уу, эсвэл урьдчилж мэдээд зугтдаг уу? Тэд юу нэхдэг вэ гэхээр “бэлэгний дайварт” ирээд алга болчихсон, бүх ажилчид нь УБТЗ ХНН-ээс цалинждаг “ТМХС Монгол” компанийн “УБТЗ” ХНН-тэй 2012 онд байгуулсан гэрээний холбогдох бичиг баримтуудыг шаарддаг.

“Трансмашхолдинг” бол ОХУ-ын хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрүүдийг бүгдийг нь нийлүүлсэн маш том компани. Түүний охин компани “Трансмашсервис” нь тэр үйлдвэрүүдийн хийсэн зүтгүүрүүдэд Оросын нутаг дэвсгэрт засвар үйлчилгээ хийдэг компани. 2012 онд Монголд тэр компанийн салбар “Трансмашхолдинг сервис Монголиа” гэдэг компани байгуулагдаж, УБТЗ-ын тухайн үеийн удирдлагууд ОХУ-аас худалдаж авсан 30 зүтгүүрийнхээ сервис үйлчилгээг хийлгэхээр гэрээ хийсэн юм билээ. 

Гэтэл 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “УБТЗ” ХНН нь “ТМХС Монгол” компанитай ямар ч холбоогүй, хуулийн ямар нэг харилцаагүй болсон. Тэр тусмаа би тэр үед “УБТЗ”-д ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. “ТМХС Монгол” гэдэг компани хаана байдгийг ч мэдэхгүй гэдэг юм.Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарын АТГ-т шалгагдах үндэслэл доторх “1000 вагоны хэрэг” чухам юу болж дуусах вэ. 

Яагаад хууль, хяналтын байгууллагууд энэ хэргийг “хадгалдаг” вэ? Хэрэг эхлэх үед буюу 2017 онд нүүрс, төмрийн хүдрийн экспортын ачааны захиалга маш их хэмжээгээр орж ирсэн учраас захиалгыг биелүүлэхийн тулд Монголд байгаа хагас вагонуудыг түрээсээр авсан. 

“Болдтөмөр Ерөө гол”-оос 500-аад вагон, “МТЗ”-аас 180 вагон авч ажилласан боловч хүрэлцэхгүй байсан гэдэг. Ингээд ОХУ-аас “Вагоны тоог нэмэх боломж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед шинэ вагоны үнэ 50-60 мянган ам.доллар байж. Харин 1000 вагонтой болоход 50-60 сая ам.доллар хэрэгтэй болжээ.

Д.Жигжиднямаагийн ярьснаар бол “Энэ асуудлыг хамгийн хямд өртгөөр шийдэхийн тулд хуучин вагон худалдаж авах л гарц байсан. Нэг бүрийнх нь үнэ 9000-11000 ам.долларын үнэтэй 1000 вагон байсан тул худалдаж аваад засч, тээвэрт тохирох магадлагаа гаргуулаад ашиглаж эхэлсэн. 

Тухайн үед 400 гаруй вагоныг авч чадаагүй, Мөн замын чигжигч машин авсан асуудал бий. Намайг Замын даргаар томилогдохоос өмнө хоёр удаа тендер зарлагдаад буцсан байдаг. Шууд худалдан авалт хийх эрх нь нээгдсэн байсан. Яг тэр техникийг 2.2 сая ам.доллараар худалдаж авахыг зөвшөөрч төсөвт тусгасан Ерөнхий хорооны шийдвэр байдаг. Энд Ерөнхий хорооны монгол талын дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд байсан Б.Цогтгэрэлийн оролцоо ороод ирдэг. 

Тухайлбал, Кировын “Тавдугаар сарын нэгэн” үйлдвэр дампуурлаа зарлаад үйлдвэрлэлээ зогсоосон тэр үед тэднийхээс гадна гадны 3-4 байгууллага санал тавьснаас хамгийн хямд нь 1.7 сая ам.долларын үнэтэй байсныг “Шинэ техник байна” гэж үзээд худалдан авахаар хамтын шийдвэрт хүрсэн гэж АТГ-т мэдүүлсэн байдаг. 

Цаашилбал 2016 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Дэд сайд Б.Цогтгэрэлд УБТЗ ХНН-ийн хөрөнгөөс 130 сая төгрөгөөр, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригтоос “Ниссан патрол” Y-62 загварын, нэг жил унасан, 25-30 мянган км зам туулсан автомашиныг худалдаж авч өгсөн байдаг.

Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нь 1000 хуучин вагоныг Монгол Улсад оруулж ирэхийн тулд 2014 оны арав дугаар сарын 14-ны өдрийн 234-р тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалт бүхий “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 гуравны нэгээс хэтрэхгүй байна” чухал заалтыг өөрчлөн, шинэ журам боловсруулж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглахыг завдсан байна.

Дээрх эрх бүхий этгээдүүд 2017 оны хоёр дугаар сарын 21-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй “LordWest Trade L.P.” гэх компаниар дамжуулан Төмөр замын чигжээсний машиныг тавин хувийн үнийг нь урьдчилан төлж 60677171 рубльтэй тэнцэх хэмжээний монгол мөнгийг шилжүүлж худалдан авсан байдаг.

Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарын УБТЗ ХНН-ийн ачааны 977 вагоныг “Максбридж Ложистик” ХХК-иар дамжуулан худалдан авахаар 2017 оны найм дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээ сэлтээс эхлээд маш олон тодорхой баримт байвч АТГ энэ хэргийг эцэслэн шийддэггүй. АТГ-т Д.Жигжиднямаагийн шалгагдаж буй дараагийн асуудал нь шатахууны онцгой татварын төлөх ёсгүй боловч төлсөөр ирсэн татварын асуудал байдаг. 

“УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрийн дагуу онцгой татвараас чөлөөлөгдсөн байдаг. Гэсэн ч УБТЗ сайн дураараа 1998 оноос 2015 оныг дуустал нийт 78.9 тэрбум төгрөгийн онцгой татвар төлсөн байдаг. Энэ талаар Д.Жигжиднямаа “УБТЗ түлшний онцгой татвараас чөлөөлөгдөхийг хуульд зааж 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. 

Ингэснээр төлөх ёсгүй татвар төлснөө буцаан авч техник технологийн шинэчлэлдээ зарцуулахаар болсон боловч намайг төлсөнгүй гээд гомдол гаргачихаад байгаа юм билээ. Тайлбараа гаргаж өгсөн” гэдэг. Харин тээвэр зуучийн “Ийст вийнд” компанийн тухайд ангийн найзынхаа компаниай хамтарсан, би тус компанид хувьцаа эзэмшдэггүй” гэж тайлбарладаг. Нөхцөл байдал ингэж өрнөсөн ч харамсалтай нь өнөөх мөнгө угаах гэмт хэргийн үйлдэл дагуулан байж “ирсэн” вагон үе үе шатсаар байдаг. Энэ л хамгийн харамсалтай.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл “УБТЗ” ХНН-ийн суудлын вагон депод байсан Бээжин-Улаанбаатар чиглэлд явдаг “алдарт” 16 вагоны нэг нь 2020 оны тавдугаар сарын 22-ны баасан гарагт цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарч цахилгааны утас шатсанаас үүдэлтэй гэдэг. “Алдарт” гэхийн учир нь 2020 оны тавдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн “16 хүйтэн амбаар” хэмээн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг л даа. 

Гэтэл тэр вагонд 2019 онд 6.3 сая ам.доллараар засвар хийсэн байдаг. Мэргэжилтнүүд их засварын хугацаа болоогүй байсан, төлөвлөгөөнд ч ороогүй байсан, учир нь тус вагонууд жил алгасаж Бээжингийн чиглэлд аялдаг байсан учир бодит ашиглалтын хугацаа нь таван жил орчим байсан гэдэг. 

Гал гарсан шалтгааныг тодорхойлохоор тус 624 дүгээр вагонд үзлэг хийсэн актаар богино холболт үүссэн гэж үзжээ.Хамгийн сэжигтэй баримт нь бол ЗТХЯ-ны хийсэн шалгалтын дүгнэлт байдаг. Тус дүгнэлтэнд хийсэн ажлуудыг тодорхойлох боломжгүй гэж бичсэн байдаг нь их олон зүйлийг өгүүлж байна. Тухайлбал, үйлдвэрэгч Таншаний үйлдвэрээс өөр хувийн компаниар засварын газраар хийлгэсэн гэх мэргэжилтнүүдийн хардлага ортой байж болохыг бататгасан тийм дүгнэлт гарсан байлаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН