Өчигдөр АТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэрээ нэлээд ноцтой хоёр бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм. Ингэхдээ төрийн албан тушаалтнуудын үйлдсэн авлигын хэргийг илрүүлэх явцдаа баримт болгон хийсэн бичлэг нь "авлига" авагчдын толгойг шүүхийнхэн илээд өнгөрчээ гэх харыг төрүүлээд авав. 

Тухайлбал,  266 сая төгрөгийн авлигын хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жилийн ял оноосон. Үүний тухай Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн талаар бид мэдээлж байсан. 

Түүнийг  Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан ДЦС-д хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм. Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хууль бусаар олсон 266 сая төгрөгийн улсын орлого болгосон.

Тэгвэл өчигдөр АТГ-ын дэлгэсэн бичлэгээр их хэмжээний мөнгөн дүнтэй авлига авсан нь олны анхаарлыг ихээхэн татаж орхисон нэг зүйл нь тэдэнд "оноосон ял" байсан юм. Тухайлбал, 1.0 тэрбум төгрөгийн, бичлэг бүхий баримттай авлигын хэрэгтнүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгууль ногдуулж, төрд ажиллах эрхийг нь хасаад хэрэг дуусгавар болжээ. 

Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо "Эрдэнэс Тээвэр" ХХК-аас 57.5 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогджээ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая  500 мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Үүнээс харахад, авлига аваад түүнээсээ  шийтгэлийн мөнгөө төлөөд байхаар ял байгаа нь тун хачирхалтай. 

МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан өрөө, гэр, биеэс нийт 1.0 тэрбум төгрөг илрүүлжээ. Тэд нарт мөн л торгох ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноожээ. Н.Баярсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг АТГ 2017 онды аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг "нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн" хэмээн үзэж яллагдагчаар татсан юм. 

 Гэвч Р. Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. 

Ийнхүү АТГ-аас Авлигачдыг илрүүлэх нь эрчимжиж байгаа ч шүүхээс тэдний толгойг мөнгөн торгуулиар илээд байх нь хэр зөв шийтгэл болж чадаж байна вэ? 

Олон нийтэд нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа болохоор АТГ-аас шүүхээс шийдвэрлэгдсэн хэргүүдийн нотлох баримтуудыг дэлгэсэн. Хэрэгт холбогдсон хүмүүс асуудлыг улс төржүүлдэг иймд бид нар нотлох баримтаа бичлэгээр хийдэг хэмээн тайлбарласан. Шүүхээс нэр бүхий хүмүүсийг гэм буруутайд тоооцоод хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь ял оноох шаардлагагүй болсон гэсэн үг аж.