Монголд төдийгүй БНСУ-д нэгэн дуулиан тарьсан хэрэг мандсан билээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр тус улсаар дамжин өнгөрөх үед онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзөгт гар хүрсэн хэмээн буруутгагдаж буй.  

Энэ тухай  Өмнөд Солонгосын хэвлэлүүд байнга мэдээлсээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус улсын зарим сайтууд Д.Одбаярыг бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулан нэмж шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газраас мэдэгдсэн гэнэ.

Хэрэг гарсан өдөр тэрбээр Korean Air компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан Монгол охид бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд баталжээ.

Энэ нь нислэгийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэг тул нэмж шалгахаар болсныг өнөөдөр мэдээллээ. Мөн цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа монгол орчуулагчаа айлгаж дарамталсан гэгдэж байна. Д.Одбаярыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-ны өглөө эрт шалгуулахаар Өмнөд Солонгост ирэх гэж байгааг Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Эх сурвалж: www.sedaily.com