Малчид энэ өвлийг өнтэй давахын тулд бэлтгэлээ хэдийнээ базаасан. Гэвч байгалийн аюулт үзэгдлийг тааж баршгүй. Малын бэлчээрийн дааж хэтэрсний улмаас өвөлжилт хүндэрвэл хотоо харлуулах хэмжээнд хүрч болзошгүй хэмээн үзэж малчид махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Гэвч үүнийг нь төр засгаас дэмжихгүй байгаа аж.

Энэ талаар малчин Гомбо-Очир "Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумд, Дундговь аймгийн малчид бараг тэр чигээрээ отор нүүдэл хийж аймаг, сум алгасан нүүж эхлээд байна. Бэлчээр хомсдож байгаагаас отор хийсэн болоод отрын мал оруулсан малчдын аль аль нь хүнд байдалд орж нөхцөл байдлыг илүү хүндрэхээс өмнө Засгийн газар болон ХХААХҮЯ махны экспортод тавьж байгаа чөдөр тушаагаа авч, махны үнийг чөлөөлөх хэрэгтэй байна. Бид цаг илүү их хүндрэхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх зорилттой байна. Гэвч үүнд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх нь битгий хэл харин ч бүр хаалт саад хийж, гай түйтгэр болж байна. Малчдын бүтээж байгаа баялаг болох махны үнийг Засгийн газар мэдэж шийдэх эрхгүй. Нөгөө талаас монгол малын махыг гадныхан худалдан авахыг хүсч байхад квот, тусгай зөвшөөрөл нэрээр хаалт хориг тавьж малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрх Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй. Малчдынхаа хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог Хөдөө аж ахуйн яам малчдад лав хэрэггүй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Мөн өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй бол энэ өвөл цасанд дарагдаж, хавар идэх бэлчээргүйгээс болж хорогдох мал бүрийн тоогоор Засгийн газраас хохиролоо нөхөн төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, өвөлжилтийг давж чадаагүй мал бүрийнхээ тоогоор нөхөн төлбөрийг ЗГ-аас нэхэмжилнэ гэсэн үг. Гадны зах зээлд гэлтгүй дотооддоо махны үнээ бууруулж, ард иргэд хямд үнэтэй мах идэх боломж байгаа нь эндээс харагдаж байна. 

Нийслэл хотод махны үнэ буухгүй байгаа. Тухайлбал, хоёр хоногийн өмнө буюу 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар хонины цул мах нэг килограмм нь дунджаар 8,450 төгрөг байна. Үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 13,111 төгрөг. Адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 8,375 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 8,375 төгрөг байна. Үүнээс ч бага үнээр махаа худалдан авах бүрэн боломж байгаа ч Засгийн газраас үнийг хэт барьснаас хямдрахгүй байгаа юм уу гэх хар төрөв.

 

 

Энэ өвөл улсын хэмжээнд 67.6 сая мал өвөлжих бол нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Өөрөөр хэлбэл бид 40 орчим сая мал өвөлжүүлэх нутаг бэлчээрт  70 сая мал өвөлжүүлэхээр шахаж байна гэдгийг малчид учирлав. Тэр дундаа Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн даац өвөл хаврын улиралд 3-5 дахин хэтэрдэг юм байна. Ингэхээр ЗГ-аас малчдаа боомилсон бодлогоо эргэж харах хэрэгтэй болж буйг дээрх байдал харуулав. Дотоодын нийлүүлэлтээ ч нэмэгдүүлж шууд малчны гараас иргэдэд хүргэх бодлогыг хэрэгжүүлвэл махны ченж нарын гар дамжиж бид үнэтэй мах идэхгүй байх боломж бий гэдэг нь тод тодоос харагдаж байна.