Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа н.Давааням өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн баярын өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэгэн тасгийн дарга Ч.Ганбаатарыг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Уг үйл явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Энканто Булл” рестораны нэгэн өрөөнд болсон байдаг. Тэдний зодолдож буй бичлэг өнгөрсөн даваа гарагт цахим орчинд тавигдаж, багагүй шуугиан тариад байгаа билээ. 
Бичлэгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатар  нэлээд хөлчүүрхсэн байдалтайгаар хурандаа н.Даваанямын шилэн хүзүүнээс удаа дараа  татаж байгаа дүрс үлдсэн байдаг. Харин н.Давааням маргалдаж байгаад удалгүй шар айрагны аягаар толгойн тус газарт нь цохиж, удалгүй ширээн дээрээс архины шил авч дахин толгойн тус газарт нь цохиж гэмтээж байгаа нь дүрс бичлэгээс тодорхой харагддаг. Тэгвэл дээрх хэрэг юу болсон талаар нэхэн сурвалжилж, хүргэж байна. 

Ч.Ганбаатар, н.Давааням нар дотны найзууд аж. Тухайн өдөр өдрийн хоол хамт идэж, улмаар архидсан гэнэ. Ингээд хоорондоо маргалдаж, нэгнийгээ хүнд гэмтээсэн нь ийнхүү ил болоод байгаа юм. Одоогоор дээрх хэргийг шалгаж буй газар байхгүй. Энэ талаар “Хохирогч хууль, хяналтын байгууллагад огт гомдол гаргаагүй. Цахим орчинд тархсан бичлэгийн дагуу прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эсэхээ тодорхойлох ёстой. Удахгүй Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны дараа мөрдөн шалгах ажиллагаа эхэлнэ” хэмээн албаны эх сурвалж онцолж байлаа. Гэхдээ прокурорын байгууллага уг хэргийг шалгах эсэх талаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа бололтой. Харин өөр нэгэн эх сурвалж “Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт шалгалтынхан дээрх хэрэгтэй холбогдуулан дотооддоо шалгалт эхлүүлсэн байна. Удахгүй хурандаа н.Даваанямын асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх байх” гэлээ.  

“ӨВЧТНИЙ ЗУЛАЙ ШИЛЭНД ГҮНЗГИЙ ЗҮСЭГДЭЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС АЛДСАН БАЙСАН”

Шар айрагны аяга, архины шилээр толгойдоо цохиулсан Ч.Ганбаатарын биеийн байдал ямар байсан талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгэн эмчтэй холбогдсон юм. Тэрбээр “Ч.Ганбаатар гэх иргэн манай эмнэлэгт гуравдугаар сарын 18-ны орой ирж, яаралтай тусламж авсан. Тархины зулайн хуйх нь шилэнд гүнзгий зүсэгдэж, их хэмжээний цус алдсан байсан. Тархины хуйх том хэмжээгээр зүсэгдэж, гавлын яс ил гарсан байсан. Тухайн өдрийн жижүүр эмч яаралтай тусламж үзүүлж, зүсэгдсэн хуйхны завсар орсон байсан шилийг хямсаагаар түүж, оёдол тавьсан. Мөн томографикийн шинжилгээ хийлгэсэн гэсэн. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Хувийн эмнэлэгт очсон байх” гэсэн юм. 
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэгэн тасгийн дарга Ч.Ганбаатар нь Төв аймгийн Зуунмод хотод төрсөн юм байна. Түүний аав Улсын ерөнхий прокурорын орлогч, ШШГЕГ-ын дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Ж.Чойжанцан гэнэ. Тэгвэл ах нь Улаанбаатар хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан  Ч.Болдбаатар хурандаа гэнэ. Харин  эгч нь  Ч.Энхтуяа гэж прокурор байдаг ажээ. 

ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛ Н.ДАВААНЯМД ХУРАНДАА ЦОЛ ӨГЧЭЭ

Хурандаа н.Давааням нь Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэлийн гарын хүн гэнэ. Д.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс генерал хэмээх эрхэм цолоо аваад удалгүй өөрийнхөө ойр дотны хүмүүст цол олгосон байна. Ингэхдээ “Генералын хишиг” хэмээн н.Давааням гэх залууд хурандаа цол олгосон гэх утга бүхий мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын зарим эх сурвалж бидэнд  өгч байлаа.  

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН