Өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны 22 цагийн орчимд орон сууцанд гал гарч хоёр хүний амь  эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, БЗД-ын 26 дугаар хороо Саруул хотхоны ... дугаар байрны зургаан  давхарт гал гарч улмаар 23 настай иргэн Б зургаан давхрын цонхоор үсэрч газар дээрээ амиа алдсан бол түүний ээж болох 46 настай иргэн Н нь тухайн байранд нас барсан байдалтайгаар олдсон байна.

Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар 46 настай иргэн Н гадны нөлөөтэйгөөр амиа алдсан болох нь тогтоогджээ.

Манай сурвалжлах баг хэргийн газар очиж, хэрэг гардаг шөнө яг юу болсон талаар талийгаачдын хөрш зэргэлдээх айлуудаас тодруулахад “Бидний мэдэж байгаагаар талийгачид тус байрыг түрээслэн оршин суудаг. Өмнө нь хоорондоо маргалдах эсвэл чимээ шуугиан гаргаж байгаагүй. Ямар хүмүүс оршин суудгийг нь ч сайн мэдэхгүй.”  гэж байлаа.

Иимд бид тухайн хорооны хэсгийн ахлагчаас тус хаяг дээр ямар хүмүүс оршин суудгийг тодруулахад яг энэ хаяг дээр оршин суугчдын мэдээлэл байдаггүй гэдэг хариултыг өгч байсан юм. Түүнчлэн Хэргийг БЗД-ын Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд “Энэ хоёр хүн нэг гэр бүлийн гишүүд гэдэг нь үнэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байлаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН