УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэж буй асуудлаас завсар­лага авах эрхтэй. Гэхдээ хуулийн энэ боломжоо амьдрал дээр цөөнхийн бүлэг л илүүтэй ашигладаг.

Яагаад гэвэл, ороод ирсэн асуудлыг нэг бол босгох, эсвэл унагах эрх нь кнопны тоогоод дагаад олонхид бэлэн байдаг билээ. Тиймээс ч УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар олонхийн бүлэг завсарлага авах нь бараг л байдаггүй үзэгдэл. Түрүүчийн парламентад цөөнхийн бүлгийг даргалж байсан Ч.Сайханбилэг “Олонхи яагаад завсарлага аваад байгааг ойлгодоггүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан  нь ч үүний баталгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах хуулийн төс­лийг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Сайд нарын “давхар дээлийг тайлах” агуулгатай энэ төслийг Ерөнхийлөгч санаачилж, АН-ын бүлэг дэмжиж буйгаа өмнө нь илэрхийлж байсан удаатай. Гэтэл төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийх үед АН-ын бүлгийн дарга “Энэ жижигхэн хууль ч гэсэн нарийн нандин юмтай холбоотой. Гишүүдийн, намын бүлгүүдийн ойлголт буруу байна. Иймээс АН-ын бүлэг завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байна” гээд тав хоногийн хугацаатай завсарлага авсан нь зарим таамаг дэвшүүлэхэд хүргэсэн юм.

 

Таамаг 1.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэ­нэ­батын томъёолж хэлснээр МАН-ын бүлэг отон тоглолт хийхдээ гаргуун байгаа гэх. Сөрөг хүчний бүлгийн иймэрхүү отож хийсэн үйлдлүүд зарим тохиолдолд үр дүнд хүрээд буйг ч АН-ынхан мэ­дэг­дэж байсан удаатай. Тухайл­бал, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх ту­хай хуу­лийн төслийг Засгийн газ­раас санаачилсан ч УИХ дээр олонхийн бүлэг унагачихсан. Шууд утгаараа тэд эсрэг санал өгөөгүй ч ирцээ бүрдүүлж чадах­гүй байсаар хуулийн төслийг буцааж байсан билээ. Тиймээс сайд нарын “давхар дээлийг тайлах” хуулийн төсөл дээр АН-ын бүлэг ирцээс болоод цөөнх болсон байх магадлалтай. Хэдий­гээр энэ төслийг хэлэлцсэн чуул­га­ны нэгдсэн хуралдаанд 50 гаруй гишүүн оролцсон ч АН-ын нэг бус гишүүн бүлгээсээ эс­рэг байр суурьтай байсан би­лээ. Сайд нарын давхар дээ­лийг тайлах хуулийг энэ ондоо багтаж хэрэгжүүлэх санал Д.Ганбат гишүү­­нээс гарсан, Ерөнхий­лөг­чийн өргөн барьсан төслийг яг тэр агуулгаар нь батлах ёс­той гэж М.Батчимэг гишүүн мэдэг­­дэж байсан удаатай. Иймээс л АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулганы танхим дахь уур амьсгалыг мэдрээд тав хоногийн завсарлага авсан байх магадлалтай.

 

Таамаг 2.

Засгийн газрын 19 сайдын 17 нь Ерөнхийлөгчийн хэлснээр өнөөдөр давхар дээлтэй байгаа. УИХ-ын гишүүний үүрэгт ажил дээрээ сайдын албыг давхар хавсарч буй эдгээр эрхэм санал хураалтад оролцох уу, үгүй юү гэдэг асуудал байсан юм. Өмнө нь Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хувьдаа сургуультай гэсэн шалтгаанаар Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарт УИХ-ын дарга З.Энхболд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай хуулийг сануулж байсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар сонирхлын зөрчилтэй гэж үзвэл тухайн гишүүн санал хураалтад оролцох ёсгүй. Тиймээс л сайд нар санал хураалтад оролцох эсэхийг эхлээд тодорхой болгох ёстой гэж үзсэн байх магадлалтай. Нэг талаас дээрх хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг УИХ-ын даргад ирсэн бөгөөд нөгөө талдаа спикерийн зүгээс сайд нарт хандаад байгаа. Юу гэхээр, УИХ-ын дарга  З.Энхболд Засгийн газрын 17 гишүүнд хандаж энэ хуулийг хэлэлцэхэд сонирхлын зөрчилтэй эсэхээ тодорхойлж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлээд байгаа юм. Тиймээс энэ бичгийн хариуг авахын тулд АН-ын бүлэг завсарлага авсан байх магадлалтай.

 

Таамаг 3.

Сайд нарын давхар дээлийг тайлах санаачилга үе үе л УИХ дээр гарч ирдэг. Иймэрхүү агуулгатай төсөл өмнө нь сул гишүүдээс, сөрөг хүчнээс, УИХ дахь олонхийн бүлгийн гишүүдээс хүртэл гарч байсан удаатай. Гэхдээ шоу хэлбэрээр яригдаад өнгөрдөг байсан болохоор сайд нар өнөөг хүртэл “давхар дээл”-тэйгээ л яваа юм. Тиймээс энэ удаагийн УИХ ч гэсэн энэ сэдвээр шоудаж байх талтай. АН-ын бүлгийн авсан завсарлага ч энэ таамгийг улам лавшрууллаа гэхэд болно. Юу гэхээр, АН хуулийн дагуу ажлын тав хоногийн завсарлага авсан. Шаардлагатай гэвэл энэ завсарлагаа дахин гурав хоногоор сунгах боломжтой. Эхлээд АН, дараа нь “Шударга ёс” эвсэл гэсэн дарааллаар энэ завсарлага үргэлжлэх юм бол энэ чуулганы хугацаа уг төсөлд хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулган хуулийн дагуу хоёрдугаар сарын 10-нд завсарлах учиртай. АН-ын энэ завсарлагын дуусах хугацаатай зэрэгцэн сар шинийн баяр эхэлж буй болохоор сайд нарын дээлийг тайлах энэ төсөл ч олон нийтийн анхаарлаас гарах магадлал өндөртэй билээ.

 

Ч.САНСАР