Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-р сарын 2-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.