Бид аялах, ажил, сургуульдаа явахдаа үүргэвч хэрэглэдэг. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон үүргэвчийг илүү боловсронгуй болгох тал дээр “Lumzag” компани ажиллаж байгаа юм.

Лас Вегас хотод болсон технологийн үзэсгэлэн худалдааны үеэр долоон үйлдэлтэй шинэ загварын үүргэвчийг танилцуулсан байна. Тухайлбал, эзэн нь байнга авч явдаг зүйлээ мартсаныг сануулдаг системтэй. Энэ апплейкшныг гар утсандаа суулгаж идэвхжүүлснээр ашиглах боломжтой гэнэ. Нөгөө талаар үүргэвчний урд байрлуулсан камерын тусламжтайгаар өмнөө байгаа зүйлсийн зургийг авах боломжтойгоос гадна дугуй унадаг хүмүүст тохиромжтой гэж мэдэгджээ. Хэрэглэгч интернэтэд холбогдохын тулд 10 ам.доллараар карт худалдаж авснаар үүргэвчээ Wifi цацдаг төхөөрөмж хэлбэрээр ашиглах юм. Түүнчлэн гар утас, нөтбүүк, ipad цэнэглэгч системийг үүргэвчинд суурилуулсан аж. Харин цэнэглэхийн тулд гар утас болон бусад цэнэглэхийг хүссэн зүйлээ ямар ч USB, утас хэрэглэлгүйгээр үүргэвчиндээ хийхэд болно. Өөр нэг үйлчилгээ нь үүргэвчээ нээхэд гэрэл асна. Энэ нь гэрэлтүүлэг багатай газар эд зүйлсээ хайхад тусална. Шинэ санаачилгын нэг давуу тал нь үүргэвчээ хаяж гээсэн, мартсан тохиолдолд байршлыг нь илрүүлэх GPS төхөөрөмж суулгасан явдал юм.

Ингэснээр үүргэвчээ хаа нэг газар мартаж гээх асуудал гарахгүй болох юм. Тухайлбал, үүргэвчний эзэн үүргэвчнээсээ холдсоноор гар утас нь дуугарч эзэндээ мэдэгдэх юм байна. Түүнээс гадна хулгайчаас хамгаалах систем суурилуулсан байна. Энэ хамгаалалтын системийг идэвхжүүлэхийн тулд гар утасныхаа аюулгүйн горимыг идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр эзэнд нь мэдэгдэлгүйгээр хэн нэгэн үүргэвчийг нээх гэж оролдсон үед дуугарч мэдэгдэх ажээ.