Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна.

Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна.

Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн ханш тогтвортой, валютын нөөц түүхэн өндөр түвшинд байгааг онцолжээ. Зээлдэгчид бүтцийн өөрчлөлт хийлгэх эсэхээ өөрийн банктайгаа тохирох шаардлагатай.