НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд НИТХ-ын даргын үүрэгт ажлаас С.Амарсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн НИТХ-ын төлөөлөгчдийн 73.68 хувийн саналаар дэмжээд байсан юм.

Өнөөдөр НИТХ-ын даргыг тодруулах хурал болж 19 цаг хүртэл түр завсарлаад байгаа билээ. Энэ удаад МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг дэвшүүлсэн бол завсарлага авахаас өмнө заалнаас Ц.Байгалмаа өөрийгөө нэр дэвшүүлснээр хурал түр завсарлаад байгаа юм. 

Төлөөлөгч Ц.Байгалмаа “Миний бие ХУД-т МАН-аас нэр дэвшиж төлөөлөгч болсон. Өнөөдөр манай 100 жилийн түүхтэй намаас Р.Дагва төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж байна. Хотын иргэдийн маань 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа. Мөн НИТХ-ын 10 төлөөлөгч нь эмэгтэйчүүд байна. Тэр утгаараа эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангах үүднээс өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна” гэсэн юм.

Ийнхүү МАН-ын бүлгээс хоёр төлөөлөгч НИТХ-д нэр дэвшсэн тул НИТХ дахь МАН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авсан юм. НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан 19:00 цагаас буюу тун удахгүй үргэлжилэх гэж байна.