Энэ сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр түүний найз залуу Б гэгчийг татан шалгаж байгаа ба хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Болсон явдлын талаар талийгаач Ц-ийн аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.


-Хүнд хэцүү үед тань ярилцах хүсэлт гаргасанд уучлаарай. Та охиныгоо нас барсан тухай хэзээ мэдсэн бэ?

-Ах нь хэрэг болдог шөнө хотод байгаагүй, хөдөөгүүр ажилтай явж байсан. Тэр өдөр орой хот руу 10:00 цагийн үед орж ирсэн. Гэрийнхээ гадаа иртэл манай давхрын шатан дээр дүү маань тамхи татаад сууж байсан. Хэзээ ирсэн бэ, юу болов гэхэд дүү маань “Ахаа ийм юм болсоон. Дүү өнгөрчихлөө” гэсэн. Энэ тухай сонсоод ухаан алдах шахсан. Тэр шөнийн болсон явдлыг тухайн үедээ ойлгох сөхөө байгаагүй. Тэгээд цагдаа дээр очиход, мөрдөгч надад болсон явдлыг тайлбарлаж өгсөн. Мөрдөгчийн хэлж байгаагаар  анхны мэдүүлгээр Боргил гэдэг нөхөр бол хэрэлдэж маргалдсан, маргаан болж байхад цонхоор өөрөө үсэрчихсэн гэж мэдүүлсэн байна лээ.

-Охиныг амиа хорлосон гэдэгт та хэр үнэмшилтэй хандаж байгаа вэ?

-Тэгэхэд би мөрдөгчид хэлсэн. Ийм хэмжээний маргаан болох үед миний охин хаана ч амиа аваад гарчих сэргэлэн хүүхэд, хүний гарт зүгээр л өртчихөөр хүүхэд биш, өөрийгөө хаа ч аваад явчихдаг хүүхэд. Энэ хэрэгт ямар нэгэн гадны нөлөө орсон. Амь насаа өөрөө хохироох тийм ухамсартай хүүхэд биш. Манай амьдрал яахаа алдчихсан хэцүү биш ээ. Хүн ирээд хоноход идэж уух зүйлгүй, олон ам бүлээрээ биш. Миний амьдрал ч тийм муу биш. Дундаж л тэгш сайхан айл. Үр хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй, өмссөн зүүсэн бүрэн бүтэн байлгахын төлөө амьдралыг авч явж байгаа хүн шүү дээ.

Манай хүн өнгөрсөн арванхоёрдугаар сард бурхан болсон. Гэтэл ээжийгээ өнгөрлөө гээд сэтгэл санаагаар унаад амиа хорлосон гэдэг мэдээлэл гадуур гарчээ. Хэний ч гэсэн аав ээжий бурхны жам ёсоор өнгөрдөг. Тэгээд л аав ээжийгээ өнгөрсний төлөө хүн болгон сэтгэл санаагаар унаад амь насаа хохироогоод байна гэвэл энэ улсад хүн байхгүй болно шүү дээ. Ийм хэмжээний ухамсар дорой, сэтгэлийн хатуужилгүй хүүхэд биш юм.

-Хэргийн сэжигтэн Боргилтой талийгаач ямар холбоотой байсан юм бэ? Зөвхөн үерхдэг байсан уу эсвэл гэр бүл болох хэмжээнд байсан уу?

-Миний охин мэдлэг боловсролтой. Хичээлээ маш шаргуу хийдэг охин. Ирэх таван сард сургуулиа төгсөх байсан. Шалгалт шүүлэг гээд завгүй гүйж явсан. Тэгээд л орой сургууль дээрээ 6, 7 хүртэл суух гэхээр нөгөө этгээд зургаан цагаас ажлаа тарж хүрч ирээд л “чи наанаа хэнтэй заваараад юу хийгээд байгаа юм, хурдан гарч ир” гэдэг. Миний охинд бол тийм завхай зайдан зүйл байхгүй. Нэг ч удаа миний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гадуур хонож үзээгүй . Гэтэл жилийн өмнө нэг удаа хоносон. Утсаар ярихад “Аав ээжээ би та хоёртой очиж уулзая. Найз залуутай болсон. Тусдаа амьдрахаар болж байнаа” гэсэн. Юу яриад байгаа юм, битгий ийм юм ярь. Тэр хүнээ гэртээ авч ирээд бид хоёртой уулзуул гэхэд Боргилыг дагуулж ирээд танилцуулсан. Ирэх жилээс хурим найраа хийнээ гээд гуйгаад явсан. Би ч одоо 22, 23 настай хүүхдийг хориод байхгүй шүү дээ.

-Таныг хэргийн газарт ороход ямар нөхцөл байдалтай байсан бэ? Сэжигтэй зүйлс ажигдагдсан уу?

-Шүүхийн шинжилгээ, цагдаагийн дөрвөн хүнтэй хамт би хэргийн газарт орсон. Яг үүдээр нь ороход миний охин гэрээсээ авч явсан том цүнх, бүтээлэгт хувцас хунараа хийчихсэн, айлаас хөөгдөж байгаа хүн шиг гарах гэж байсан байна лээ. Маргалдсан болохоор л “Би харилаа” гэсэн бололтой хамаг юмаа үүдэндээ овоолчихсон байсан.

Тэр гэрт ороод харахад бүх зүйл ойлгомжтой байсан. Хууль мэдэхгүй би ч хараад энэ бол гадны нөлөөтэй гэдгийг мэдэж байсан. Яагаад вэ гэхээр, охины маань унасан цонхны урд талд нэг метр орчим өргөнтэй цагаан өнгийн буйдан байгаа юм. Тэр өндөрт байгаа цонхоор охиныг өөрөө үсэрсэн гэж яриад байгаа. Энэ цонхоор үсрэх гэж байгаа хүн буйдан дээр нэг хөлөөрөө ч гэсэн заавал гишгэнээ дээ. Гэтэл тэр буйдан дээр хүн гишгэсэн гэх ямар ч ул мөр байхгүй. Тэр цонх руу гарахын тулд цонхны урд талын буйдан дээр гишгэлгүйгээр гарна гэдэг боломжгүй зүйл байгаа юм. Боргилын анхны мэдүүлэг бол “Гал тогоонд ус уугаад байж байхад өөрөө үсэрчихсэн” гэсэн байгаа юм. Мэдээж хэрэг хүнийг зодоод юм уу түлхээд алчихсан хүн би алчихсан гэж хэзээ ч мэдүүлэхгүй. Иймэрхүү хэргийн байдлууд байхад 72 цаг саатуулаад архийг нь гаргангуутаа, Баянзүрх дүүргийн н.Ариунсанаа батлан даалтаар гаргаад явуулчихсан байгаа юм.

үргэлжлэлийг эндээс