Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн дунд генетикийн тест гэх зүйл нэлээд газар авах болжээ. Энэ нь нэг үгээр хүүхдийн тань ирээдүйг тодорхойлох шинжилгээ ч гэж болохоор юм. 

Биометрийн тестийн програм болох Genetic test нь дерматоглификийн шинжлэх ухааны олон удаагийн судалгааны үр дүнд бий болж,  уг тестээр хүний зан чанар, чадварыг тодорхойлохын тулд дерматоглификийн шинжлэх ухааныг ашигладаг. Тестийн үр дүн нь өөрийгөө ойлгох, авьяас чадвараа тодорхойлох, өөрийгөө хөгжүүлэх зэрэгт тустай хэмээн тухайн салбарын мэргэжилтнүүд тайлбарладаг. 

Хурууны хээний тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох сонирхол 17-р зуунаас үүссэн байна. Хурууны хээний талаарх тэмдэглэл Марчелло Мальпигийн анатом болон эмбриологийн талаарх ажилд тусгагдсан байсан. Тухайн үедээ нэртэй биологч Ян Пуркинье хурууны хээг ангилж байсан байдаг. Дерматоглифик гэх нэр томьёо нь сүүлд 20 дугаар зуунд гарч ирсэн бөгөөд орчуулбал арьсны хээ гэсэн утгатай үг аж. 

Сэтгэл судлал болон социологийн шинжлэх ухаануудын хувьд хүмүүсийг IQ-ийн хэмжээгээр болон зан байдлаар нь ангилах олон аргууд байдаг. Дерматоглифик нь хувь хүний чадвар болон сонирхлыг шинжлэх ухааны үндсэн дээр тодорхойлдог аргуудын нэг юм. Дерматоглификийн сэтгэл зүйн тестээс ялгаатай тал нь суурь өгөгдлийн хувьд өөрчлөгддөггүй талаараа онцлог ялгаатай байдаг. Учир нь гол өгөгдөл болох хурууны хээ нь тухайн хүний бүх л амьдралын туршид нэг л хэвээрээ байдаг бөгөөд ямар нэг нөхцөл байдлаас болж өөрчлөгддөггүй аж. 

Генетик тестээр тухайн хүний авьяас, ур чадвар, чадамж, байгалиас өгсөн өгөгдөл нь юу байгааг 85-95 хувийн магадлалтайгаар гаргадаг хэмээн тайлбарладаг.  Монгол Улсад энэ мэргэжил судлалын чиглэлийн анхны магиструудыг бэлтгэж мэргэжилтнүүд  нь дээрх мэдээлэл дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ өгч олон хүний анхааралд өртөж байгаа үйлчилгээ юм. 

Манай улсын мэргэжилтнүүд олон улсад өргөн хэрэглэдэг генетик тестээр оношлоод жил орчим болж байгаа.  Энэ хугацаанд 900 гаруй хүнийг оношилсон гэсэн тооцоо гарчээ. XII ангиа төгсөх гэж байгаа, ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй хүүхдүүд бөөнөөрөө ирж ч үйлчлүүлдэг гэнэ. 

Хүүхдийнхээ авьяас, ур чадвар, чадамжийг эрт тодорхойлох нь олон төрлийн ач холбогдолтойгоос гадна янз бүрийн дугуйланд хүчээр явуулж, цаг заваа алдаж туршилт хийж, цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсах асуудлаас сэргийлнэ гэж тус салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг байна.  

Түүнчлэн энэ тестээр хувь хүний биометрийн 17 үзүүлэлтийг график ба тоон мэдээллээр гаргадаг. Үүнд тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх, практик ажлын чадвар, шинжлэн судлах, бүтээж туурвих шинж чанар, спортлог байдал, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн эрсдэл, илүүдэл жин, хэт хамаарлын магадлал гэсэн мэдээлэл илэрдэг.

Бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, мэдрэлийн тогтолцооны чадавх, баг хамт олон, нийгэмд дасан зохицох чадвар, темперамент төрөлх зан төлөв, шинэ зүйлийг хүлээн авах чадварыг тодорхойлдог гээд их мэдээлэл өгдөг аж. 

Гэвч энэ үнэхээр үнэн зүйл гэдэгт эргэлзэх магадлал ч их байгаа юм. 

Энэхүү генетикийн тестийн талаар Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Жавзан цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Генетикийн тест гэж шоу хийхээ болчих тэгэх үү. Саяхан Хятад бүр хэрэглэхийг хориглосон байна. Эцэг эхчүүд генетикийн тестийн үр дүнтэй хүүхдийн сонгох мэргэжил, чадвар 2 тохирохгүй байна гэсэн гомдолыг олонтоо гаргасан тул "banned from China" буюу Хятадаас хөөжээ гэсэн байна.
Энэтхэгийн олон компаниуд хурууны хээгээр олон талт оюун ухааныг оношлож болно гэж хурууны хээний давтамж дээр тулгуурлан үзүүлэлт гаргасан ч одоо болтол хүүхдийн ирээдүйн амжилтыг урьдчилан тодорхойлж чадсан байна гэсэн нэг ч судалгааны өгүүлэл та хайгаад ч олж уншихгүй. Иймээс Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Оросын зарим мужуудад өргөн тархаж, Оросын ямар ч билээ их сургууль судалгааны ажил эхлүүлсэн яваа тест юм.

Өндөр хөгжилтэй орнуудад тархаагүй зарим газар мэдээлэл ч байхгүй оношлогоо юм. Оношлогооны багаж хэрэгсэлийн баталгаат найдвартай чанар муутай судалгааны багаж. Мэдээллийн эх сурвалж судалгааны өгүүлэлүүдийг хавсарган удахгүй ШУ-ны баталгаат найдварт чанарыг судалж тогтоосон мэдээлэлтэй пост оруулна.
Энэ компьютер программыг "dermatogyphics" арьс гэсэн үгтэй холбоотой гэдэг бөгөөд таниас мэргэжлийн онцлог ур чадварыг харгалзахгүй үнэтэй болон үнэгүй худалдаж авах боломжтой компьютер программ юм. Та Энэтхэгээс 300$ орчим болон түүнээс бага үнэтэй худалдан авах болмжтой ба IQ оноо шиг чадварын түвшин тогтоодоггүй юм.
Тус тестээр хэл ярианы чадвар сайтай гэж гарсан хүүхэд IQ тестээр математик логик сэтгэлгээ өндөр гарсан зөрүүтэй үр дүн гарч байсан. IQ чадварын дасгал дээр тулгуурладаг тул хүүхдийн аль талын чадвар илүүг бодитойгоор харуулдаг юм. Хурууны хээгээр энэ дэлхий дээр оршин буй хэзээ ч хурууны хээ нь давтахгүй хэдэн тэр бум хүний IQ тогтоодог гайхамшигтай машинтай болсон юм бол сэтгэл судлал гэдэг салбар оршихгүй, сэтгэцийн эмч нар сэтгэцийн эмгэгийг хурууны хээгээр оношлож, үнэлгээ оношлогоо хийх гэж зовохгүй, энэ олон тестийн стандарчилал хийдэг эрдэмтэд судалгааны ажлаа зогсоох байсан биз. Багш, эцэг эхчүүд хурууны хээг нь уншуулаад сургуульд юу сурсныг, ямар чадварт суралцсаныг тогтоогоод шалгалт авах шаардлага байхгүй. Сонирхолтой нь анагаахтай хавсарсан тул шизофрен өвчтэй хүнийг оношлох магадлалтай гэсэн өгүүлэл харсан. Арьсаар, Хурууны хээгээр хүний сэтгэцийн онцлогийг оношлочихдог гайхалтай багажтай болсон юм бол derma-нэртэй өөр төхөөрөмжөөрөө цус, шээс зэрэг шинжлэхгүй, MRI, томограф хийлгэхгүй ямар ч өвчний онош тогтоочихмоор юм. Хүний оюун ухааны чадвар, сэтгэцийн онцлогт өвчин шиг физиологи өөрчлөлт ил байхгүй, хүний уураг тархины маш нарийн үйл ажиллагаар явагддаг гайхалтай онцлогтой юмсан. Сэтгэцийг MRI төхөөрөмжөөр хардаггүй харин уураг тархийг төхөөрөмж хардаг юм.
Нэг туйлшрихаарай гайхамшигтай туйлширдаг хүмүүс шүү. Нөгөө тестэндээ ээж итгэсэн хүүхдээ Англи хэлний багш болгоно гээд зүтгүүлсэн, хэрвээ хүүхэд математик логиктой сайн учир энэ чиглэлээрээ цаашид явбал илүү их амжилтанд хүрэхээр байсан юм. Гол нь буруу оношлогоо таныг хүүхдийн хувь заяаг буруу тийш нь залах хамгийн аюултай гэдгийг бүү мартаарай гэж нийтэлсэн байв.

Хоёр талын байр суурь нэг иймэрхүү л байна. Харин хүүхдийнхээ ирээдүйг тодорхойлохыг хүссэн эцэг эхчүүд дээрх мэдээллийг сайтар нягталж өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ мөн өгөөрэй.