Одоо зарим нэг зүүднээсээ сэрцгээе. Тэр нэг өөрийгөө Чингисхаан гэдэг хүүхэд бол инээдэм биш харин бидний хамгийн том эмгэнэл юм. Тэр хүүхдэд ч, бидэнд ч ялгаагүй Чингисхаан шиг бүхнийг нэгтгэсэн удирдагч баатар гарч ирээд шударга ёсыг тогтоож энэ нийгмийг аварна гэдэг хийсвэр комплекс бий.

Олон жил ийм эндүүрлээр бид бөхийн аварга, сумогийн аварга, булчинтай ерөнхийлөгч, мужик ерөнхий сайд гэх мэт төсөөлөлтэйгөө хамгийн ойрхон "Баатрууд"-г сонгож улс орноо удирдуулж үзлээ нэмэр байсангүй. Энэ бол тэр хүмүүсийн гэхээсээ илүү бидний алдаа байлаа. Хэн нэгэн мундаг хүнд бүхнээ даатгаад, бүх зүйл сайхан болохыг хүлээж суух гэсэн бэртэгчин, хувиа бодсон, гэнэн алдаа. Гэм хийчихээд тахилга номонд нэрээ бичиж явуулдагтай агаар нэг зүйл. Нийгэм, улс гэдэг үнэ цэнийг ХҮН бүтээдэг. Маш олон хүмүүс ... Осоржамаа, Оргил, Сарнай бас ЧИ ! Энэ хүмүүс, эд эс бүхэн ухаарах, сэрэх ёстой болохоос тэр удирдагч бүхнийг өөрчилөх чадалтай биш юм. Чиний үзэн яддаг лаяк, шээр, аз бурзай болгоныг аймшигтай нь нэг нэг хүн, нэг нэг долоовор хуруу, нэг нэг оюун тархи бүтээж байгаа юм. Тэрийг чи хар масс гэж доромжилно уу яана уу хамаагүй, тэд энэ улсын ирээдүйг шийднэ, удирдагчдийг сонгоно. Тэд саналаа БУРЗАЙ-р сольчихвол чиний хүүхдийн хоолыг хулгайлах боломж нээгдэнэ. Чи шоолох үзэн ядах биш туслах, ядаж чирэх ёстой юм.

Ах нар ! Хаха тийм зүйл байхгүй. Ойлго ах нар байх тусмаа гай болно. Хүмүүсийн нөгөө ТЭДЭЭД оныхон үхээд өгвөл гээд байгаа чинь тоглоом мэт шоглоом юм. Залуу үе өөрчилөлт хийдэг. Тэдэнд тийм тэнэг зориг, бас чадал байдаг. Уламжлалгүй шинэчлэл гэж үгүйгийн нөгөө талд уламжлалыг эвдээгүй шинэчлэл гэж бас байхгүй. Энэ утгаараа МИНИЙ МУУЖГАЙ ҮНЭХЭЭР БҮЖМЭЭР БАЙВАЛ ОДОО БҮЖИХ Л ЁСТОЙ. АХ болох тусмаа аймхай хулчгар болж, амьдралд уяатай хуулбар нэгэн болдог. Одоо аймшигтай нь 2-р үеийн цүнх баригчид буюу нас нь дөнгөж 30 гарч байгаа хэрнээ илүү хортой, илүү хулгайд мэргэшсэн, илүү нүүрээ нуусан нам дагасан шимэгчид дунд түвшний улс төрд гарч ирж байна, бас үе залгамжилж байна. Энэ бол дордуулсан залуу үе шүү. Харвардын коммунист гэж яриад байгаа нь тийм учиртай. Их мундаг сургууль төгсөж, дэлхийн боловсролыг эзэмших хэрээрээ эх орноо хөгжүүлдэг үү гэвэл бас үгүй ажээ. Залуу сайн малчин, аймагтаа сарлагийн ноолуураар брэнд гаргаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгч залууг би хэзээ ч Стэнфорд төгссөн хүнээс доогуур гэж харахгүй. Учир нь Монголд бодитоор ямар үр ашиг авчирж байна вэ ? гэдэг нь илүү чухал байдаг. Алдартай цуутай гэвэл энэ нийгэмд хог нэгээрээ байна ихэдсэнүү гэхээс багадаагүй, Монголд нийгэмд ямар үр ашиг авчирж байна гэдэг өөрөө номер нэг үзүүлэлт. Хуваалцаж чаддаггүй мэдлэгийг үзүүлэнд тооц.

Энэ хүртэл нуршиж уншихад хэцүү. Бидний сэтгэхүй ч угаасаа тийм болж байгаа, ТИК ТОК-н 10 секундын сонирхолтой бичлэг биш учраас миний санаа түмэнд түгэх нь юу л бол. Гэхдээ л АХ НАР, БААТАР, ЧИНГИСХААН энэ бүхнээ март дүү нар минь. Өөрийгөө толинд хар, юу хийж чадахаа бод, Монгол улс Зимбаб болох уу заяа нь түших үү гэдгийг тунгаагаад тэр ЗАЯА нь зөвхөн чи байх цаг ирсэнийг хүлээн зөвшөөр ! Залуу үе, эрүүл залуу үе шинэ Монголыг авчирах болно. Аль залуу үедээ орохыг нь мэдэхгүй ч чадлаараа түүнд хувь нэмрээ оруулахыг нэр төрийн хэрэг гэж ойлгох болно.

Ч.Ганжавхлан
2019.12.17