-Монголд циркчдийн үнэлэмж дэндүү доогуур байна-

Монголын циркчдийн ур чадвар, эр зориг, авхаалж самбаа шаардсан нарийн техниктэй үзүүлбэрүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд даруй 20 гаруй жил болжээ. Дэлхийн хэмжээний шоунд монгол циркчин залуугийн үзүүлбэр од болж, аялал жуулчлалын төв Чежү аралд монголын морьтон циркчдийн үзүүлбэр олныг гайхшруулж байна

. Энэ мэт монгол циркчид эх орныхоо нэрийг олон улсад сурталчилж, тэр чигээрээ монгол ахуй, соёл уламжлалыг таниулж явна. Гэтэл циркчдээ дотооддоо үнэлдэггүй байдал хэвээрээ л байна. Улсдаа ганц циркийн байр нь баар, худалдаа үйлчилгээний төв болчихсон, үндэсний циркчдийн тамирчид нь сард 15 сая төгрөгийн түрээс төлж бэлтгэл хийх жишээтэй. Түүнчлэн бэлтгэл сургуулилалт хийх стандартын заал, тогтсон цалин ч гэж байхгүй. Тоглолт хийлээ гэхэд цэцэрлэгийн багачуудаас өөр үзэгчгүй зэрэг зовлон олон. Тиймээс циркчид нэгдэн хамтлаг байгуулж, өндөр ачаалалтай бэлтгэл хийн улмаар Солонгос, Хятад цаашлаад Европт очиж тоглолт хийх нь тэдний ганц аврал гэлтэй. Циркийн “SUHEE AND GUYS” хамтлаг л гэхэд байгууллагдаад гурван сар болж байгаа бөгөөд Хятадад гэрээгээр ажиллахаар бэлтгэл хангаж байна.

Тэд хүйтэн зааланд сард 400 мянган төгрөгийн түрээс төлж, цалин хөлсгүйгээр өдөрт 6-8 цагийн бэлтгэл хийдэг аж. Тэдний ард гэр бүл, хань үр хүүхэд нь бий. Хэрвээ бэлтгэлээ сайн хийж, үзүүлбэрээ баяжуулж, чанаржуулж чадвал гадны зах зээлээс илүү мөнгө олно. Дотооддоо үнэлэгддэггүй циркчдийн итгэл найдвар ганц энэ болжээ.

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин