Энэ оны хоёрдугаар  сарын эцэст ажилгүй иргэдийн тоо өсжээ. Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орсон аж. Гэвч 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 (13.2%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65 (8.4%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (21.6%) мянган хүнээр тус тус буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (14.1%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2%) хүнээр нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сард 4.5 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.

2020 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байгаа хэмээн үндэсний статистикийн хорооноос гаргав.