БНСУ-д ажиллаж буй Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч АУ-ны доктор Б.Хашчулуунтай ярилцлаа.


-Саяхан та цахим хуудсандаа Солонгос руу үйлдсэн эхний чартер нислэгийн талаар шүүмжлэлтэй хандсан байсан.Тус нислэгээс хоёр ч хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.Харин та тэр хүмүүсийг шинжилгээнд хамруулж болох байсан талаар бичсэн байсан.Боломж байсан уу?

-Дэлхий даяар тархаж буй цар тахал болох “COVID-19” өвчлөлийн үед Монгол Улс гадаадад суугаа монгол иргэдийн эх орондоо буцах хүсэлтийн дагуу ард иргэдээ хүнд байдалд удаан байлгахгүйн тулд татах ажиллагааг маш түргэн шуурхай хийсэн нь мэдээж талархууштай. Эхний яаралтай чартер нислэгийн хувьд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажиллагаан дээр дутагдалтай байж хоёр хүн дээр “COVID-19” халдвар илэрсэн нь ихэд харамсалтай явдал болсон.Мэдээж анхны чартер нислэгийн бүртгэлдээ “COVID-19” халдварын шинжилгээг өгсөн байх шаардлагыг ард иргэддээ тавьсан бол магадгүй өвчин тархалтын тоо нэмэгдэхгүй байх боломж байсан гэж миний өөрийн хувьд бодож дүгнэсний дагуу сошиалаар илэрхийлсэн юм л даа.Анх бол Солонгост шинжилгээ, эмчилгээ үнэгүй байсан. Тиймээс иргэдээ шинжилгээнд хамруулах хүсэлт бүхий бичиг баримт л хавсаргачихад болох байсан.Одоо харин чартер нислэгээр авах иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа юм билээ.

-Өмнөд Солонгост “Covid-19” халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ.Таны хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа учраас бодит байдлыг харж байгаа болов уу?

-Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БНСУ-д нийт 10,156 хүнд халдвар илэрч, эмчлэгдсэн хүний тоо 5828, нас баралтын тоо 177 байгаа. Үүнээс дүгнэхэд нийт халдвар авсан иргэдээс эдгэсэн хүний тоог харьцуулж харахад эдгэрэлт нь 58 хувьтай байгаа нь БНСУ-ын эрүүл мэндийн систем, техник технологи, эмч мэргэжилтнүүдийн чадварын түвшинг харуулж байгаа.Одоогийн байдлаар ид дэлгэрч байх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд буурч байгаа.

-Та одоо хийж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу.Таны ажилладаг эмнэлэг Солонгостоо хэр томд тооцогддог вэ?

-БНСУ-ын эмнэлгийн тогтолцоо нь гурван шатлалтай байдаг. Нэгдүгээр шатлалын эмнэлэгт анхан шатны үзлэг оношилгоо үзүүлдэг, манайхаар бол өрхийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг хамруулсан байдаг. Хоёрдугаар шатлалын эмнэлэгт нэг төрлийн үйлчилгээг үзүүлдэг(гоо сайхан, үр шилжүүлэн суулгах гэх мэт хувийн эмнэлгүүд). Гуравдугаар шатлалын эмнэлэгт хувийн болон улсын харьяа их дээд сургуулийн эмнэлгүүд ордог.Энэ нь сургалт, судалгаа, бүх төрлийн хагалгаа хэвтэн эмчлүүлэх бүгд багтсан 1000-гаас дээш бүх эмнэлгүүд хамрагддаг.Миний хувьд одоо Гванжу хотын Чосуны Их сургуулийн эмнэлэг Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын тасагт мэргэжил дээшлүүлэх эмчээр ажиллаж байна.

-Таны нэг өдрийн ажлын хуваарийг сонирхож болох уу?

-Нэг өдрийн эхлэл маань өглөөний 6:30-аас эхэлдэг. Өмнөх өдрийн хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгч нарын биеийн байдлыг шалгаж, ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлаар эхэлнэ.Түүний дараагаар тухайн өдрийнхөө төлөвлөгдөж буй үйлчлүүлэгч нарын урьдчилсан үзлэг бэлтгэл хийж хагалгаандаа бэлдэж хагалгааг эхлүүлдэг.Нэг өдөртөө дунджаар зүрх судас, цээжний хөндийн хагалгаа 4-5 орчим хийгддэг.Бүх хагалгаа дуусгасны дараагаар эмч нарын нэгдсэн оройн үзлэг хийнэ.Оройн цагаар өөрийн судалгааны ажил дээр түлхүү ажилладаг.

-Та Монголоос анх удаа Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтад тэнцсэн эмч юм байна.Энэ сургалтад хэрхэн тэнцэж байв?

-Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг гэж бий. Тэднийх жил бүр нэг эмчийг сонгон шалгаруулалтаар авч нарийн мэргэшүүлдэг.Энэ эрхийг авахын тулд Азийн хэмжээнд өрсөлдөөн явагддаг.Харин тэдэн дундаас ялгарах чадвартай байх нь чухал.Миний хувьд солонгос, англи хэлний мэдлэг болон идэвхтэй байдал маань давуу тал болсон гэж боддог.Өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.Намайг яагаад сонгох ёстой вэ, энэ нийгэмлэгт орж мэс засалчаар ажиллахад юу хийж чадахаа бүрэн, зөв илэрхийлэх хэрэгтэй.Өнөө үед дипломын дүн тийм ч чухал биш.Харин яагаад чамайг сонгох ёстой вэ, багаар ажиллаж чаддаг уу, намайг сонголоо гэхэд улс орондоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл гэх мэт зүйлсийг л чухалчилдаг.

-Дээрх сургалтад сууснаар ямар боломж нээгддэг вэ?

-Энэхүү сургалтад сууснаар Азийн хэмжээний томоохон эмнэлгүүдэд очиж ажиллах бүрэн боломж нээгддэг. Миний хувьд Сөүлийн их сургуульд очиж ажилласан.Хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Бунданг, Москвагийн Нэгдүгээр Төв эмнэлэг, Сингапурын “Heart Center” мөн Энэтхэгийн эмнэлгүүдэд богино хугацаагаар очиж ажиллаж өөрийн хийсэн судалгаагаар илтгэл тавьж байсан. Мөн Японы “Tokyo Medical Univer­sity hospital”, “The University of Tokyo Hospital”, “National can­cer center” гээд Японы гурван том эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмнэлэгт сар гаруйн хугацаатай ажилласан. Өнгөрсөн жил цээжний хөндий, уушги, улаан хоолойн хавдар, голтын хавдар, цээжний хөндийн дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.Ингэхдээ 4-5 орноор явж судалгаа хийж, хагалгаанд оролцож, профессор, эмч нартай нь уулзаж туршлага судалдаг.

-Та дунд сургуулиа Солонгост сурсан атлаа их сургуулиа эх орондоо дүүргэсэн байх юм. Хаана төрж өссөн, мөн хаана мэргэжил эзэмшсэн гээд өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Хүүхэд нас маань УБ хотын III,IV хороололд өнгөрсөн. Бүрэн дунд сургуулийн боловсролыг БНСУ-ын Сөүл хотын “Тэшин” сургуульд эзэмшсэн. Түүний дараагаар эмч болох, тэр дундаа зүрхний мэс заслын эмч болохыг хүсдэг байсан учраас Монголд “Ач” анагаах ухааны их сургуулийг дүүргэж, АШУҮИС-ийн ерөнхий мэс заслын резидентийг дүүргэж доктор болон нарийн мэргэжлээ БНСУ-д эзэмшсэн.

-Монголд ажиллаж байсан уу.Азийн олон оронд ажилласан байсан.Тухайн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны талаар?

-Монголд Улаанбаатар Сонгдо эмнэлэгт ажиллаж байсан. Азийн орнуудаар очиж ажиллаж байхад эмч нарын ажиллах орчин, эмийн чанар, эрүүл мэндийн даатгалын систем ихээхэн сонирхол татаж байсан.Тухайн орны хөгжлөөс шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамаарч байдаг.Европын орнуудтай харьцуулахад Азийн орнуудын дундаж наслалт өндөр, хүн амын тоо ихтэй учир эрүүл мэндийн даатгалын төлбөрийг урт хугацаагаар төлж, эмчлэгч болон эмчлүүлэгчийн харилцан үйлчилгээний чанарыг төрөөс зөв зохицуулалт хийж өгсөн байдаг. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн үйлчилгээг авахад нийт төлбөрийн 70-80 хувь нь төлөгдөнө. Мөн хувь хүн өөрөө хувийн даатгалд хамрагдсан тохиолдолд нэг хүн эмнэлэгт хэвтээд гарахад бараг л орлоготой болоод гардаг. Ингэснээр бүх эмнэлэгт даатгал үйлчилж үйлчлүүлэгч аль эмнэлэгт, хаана, ямар эм сонгохоо өөрөө сонгох боломжтой болдог.Үүнийгээ дагаад эмнэлгүүдийн хооронд менежмэнтийн өрсөлдөөн болж үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өрсөлдөж, үүнийгээ дагаад анагаахын шинжлэх ухааны салбар хөгжихөд нөлөөлөх томоохон хүчин зүйл болно.

-Зүрх судасны өвчлөл Монголд өндөр үзүүлэлттэй байдаг.Манайх эмчилгээ болоод техник технологийн хөгжлийн хувьд хэр түвшинд яваа гэж боддог вэ?

-Зүрх судасны өвчлөл нь зөвхөн Монголд гэхгүйгээр хүн төрөлхтөн хотжисонтой холбогдсон хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, таргалалт, сахарын өвчин, стресс зэрэг хүчин зүйлүүд нь зүрх судасны өвчлөлийг дэлхий нийтэд нэгдүгээр байрнаас буух боломжийг олгохгүй байгаа юм. Манай эмч нарын хувьд Олон улсын эмч нарын адил стандартад нийцсэн ном сурах бичгийг яг л адилхан үзэж байна.Харин хэрэглэгдэж буй эм, техник технологийн хувь хоцрогдолтой байгаа нь үнэн.Өөрөөр хэлбэл, адил зам дээр шинэ машинтай явах, хуучин машинтай давхих хоёрын ялгаа ямар билээ. Тийм л байна.

-Коронавирустэй холбоотойгоор манай улс уушги орлуулах аппарат анх удаа авахаар болсон.Солонгост энэ төрлийн аппарат түгээмэл байдаг уу?

-Энэхүү аппарат сэхээнд байгаа уушги болон зүрх судасны хүнд өвчтэй хүнд хэрэглэгддэг ЭКМО гэдэг аппарат юм. Коронавирусийн хувьд амьсгалын хурц дутагдалд оруулдаг учир хууч болон уушгины өвчлөлтэй хүмүүс маш хурдан эндэж байгаа.Энэ үед уушги орлуулах аппарат буюу ЭКМО-г заалтын дагуу ашигладаг.Одоогоор миний ажиллаж байгаа эмнэлэгт коронавирустэй дөрвөн хүнд энэхүү аппаратыг хэрэглээд гурав нь бүрэн эдгэрч, нэг хүнд эмчилгээ явагдаж байгаа.Солонгост 1600орчим аппарат эмчилгээнд хэрэглэгдэж байгаа. ЭКМО аппаратыг ХӨСҮТ-д амьсгалын дутагдалтай хүнд хэрэгтэй, ер нь бол Монгол Улс даяараа олон хэрэгтэй. Ялангуяа Улсын Гуравдугаартөв эмнэлэгт зүрх судасны төв байгаа учраас хэд хэдэн аппараттай болгох хэрэгтэй болов уу.

-Аппаратыг ажиллуулахын тулд заавал сургалтад хамрагдах шаардлагатай байдаг уу?

-ЭКМО аппарат нь түрүүний хэлсэнчлэн зүрх судас, амьсгалыг бүрэн орлодог аппарат ба хүний бие дэх цусыг аван хүчилтөрөгчжүүлэн биеийн хэмд, зүрхний цохилтын хэмд тааруулан эд эсийн эвдрэл гэмтэлгүйгээр үйлчлүүлэгчийн эд эрхтэнд хүчилтөрөгч, бодисын солилцоог хүргэх аппарат юм.Иймд зүрхний мэс засалд оролцдог зохиомол эргэлтийн эмч зайлшгүй шаардлагатай.Монголд бол энэ талын мэргэжлийн эмч нар бий.

-Та докторын судалгааныхаа талаар товч танилцуулаач. Олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн гэсэн?

-Хавдрын олон төрлийн маркерууд дундаас СЕА гэдэг хортой хавдрын үед ихэсдэг хавдрын маркерын талаарх судалгаа юм. Энэ нь уушгины хавдарт хэрхэн нөлөөлж байгаа, хавдрын аль үе шатанд нь ихсэхтэй холбож эмчилгээний протоколын үр дүнг сайжруулах зорилготой гэж ойлгож болно.Сөүлийн их сургуулийн “Бунданг” эмнэлгийн профессортой хамтарч хийгдсэн судалгаа маань “PUBMED” Америкийн олон улсын сэтгүүлд хэвлэгдэж докторын зэргээ хамгаалсан.

-Таны хэтийн зорилго?

-Ер нь эмч хүн бүрийн зорилго бол үндсэн нэг чиглэлтэй байдаг болов уу. Үйлчлүүлэгчдэдээ дэвшилтэт аргаар, өвдөлт зовиургүй, үр дүнтэй үйлчилгээг үзүүлэхийн төлөө байдаг байх гэж би хувьдаа боддог.Үүнийхээ төлөө зорилго тавин гадаадын орнуудад доктороо хамгаалан, зүрх судас, цээжний мэс заслыг хичээнгүйлэн суралцаж байна. Үүнд цээжний хөндийн дурангийн мэс заслыг шаргуу суралцан өөрийн ажиллаж байгаа Чосуны их сургуулийн эмнэлэгт “Single Port” буюу 1.5см жижиг зүслэгээр уушгийг тайрах мэс заслыг анх удаа энэ жил 100 гаруйг хийлээ. Зүрхний мэс заслын том зүслэгээр хийгддэг хагалгааг суралцсан ч цаашдаа зүрхний мэс заслын жижиг зүслэгээр хийгдэх хагалгаануудыг илүү түлхүү суралцъя гэсэн зорилготой байгаа.

-Монголдоо очиж ажиллах бодол бий юү?

-Ирэх жилийн эхний хагаст Монголдоо очих бодолтой байна.