УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүүлийн үед гэнэт л С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өмөөрч байгаа. Гурван шатны  шүүх хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргүүдийг үндэслэн ял оноочихсон байхад алуурчдыг суллана гэдэг боломжгүй үйлдэл. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүний үйлдэл шүүхийн нэр төрд халдсан үйлдэл байв. 

Гэтэл түүний ийнхүү улайран тэмцэж байгаа нь цаанаа учиртай байсан аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас гарч, өөрсдөө Шинэ нам байгуулан өрх тусгаарласан билээ. Тиймээс Ж.Батзандан гишүүний сонгогдсон тойрог энэ сонгуулиар АН-ын хувьд хоосроод байгаа. Харин энэ хоосон орон зайг нөхөх хүн нь түүний "дайсагнаад" байдаг этгээд юм. Ж.Батзандан гишүүний сонгогдсон Баянзүрх дүүрэгт Солонгос улсад элчин сайдаар суух нь цуцлагдсан  Б.Хурцыг нэр дэвшүүлэхээр болсон байна.  Батын Хурц Баянзүрх дүүргээс ҮБХ болсон нь 2020 онд түүнийг  нэр дэвших нь үнэн болохыг баталж байгаа юм.

Хэрвээ сонгуулиас өмнө Б.Хурц ял авчих юм бол Ж.Батзандан дахин сонгогдох боломжтой болно. Харин сонгуулиас өмнө Б.Хурц ял авахгүй бол тэрбээр  БЗД-т Ж.Батзандантай санал хуваах болно. Тиймээс Ж.Батзандан орилж байгаад ч хамаагүй сонгуулиас өмнө өрсөлдөгчөө зайлуулахаар зэхэж байгаа бололтой юм. 

Улс төр бохир гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ ийм аргаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулна гэхээр ёс зүйгүй л харагдуулж байгаа. 

Одоогоор Б.Хурц чимээгүй байж Ж.Батзанданд "нүдүүлсээр" байгаа. Харин сонгуулийн үеэр БНХАУ-ын иргэдтэй холбоотой хэргийн баримтуудаар няц даруулах вий дээ... 

Сонгуулийн өдөр хүртэл тэдний энэ тулаан хэрхэхийг харж л сууя даа...