Дансанд чинь яг одоо хэдэн төгрөг байгаа вэ? Эрх чөлөө, эрүүл мэнд авч хүрэхээр хэмжээний мөнгө байгаа юу? Таван оронтой тоо бодож суугаа нэгэн байхад тавын ард зургаан тэг, магадгүй 9 тэг нэмж суугаа нь байхыг ч үгүйсгэхгүй. Харин таваар эхэлсэн гурван оронтой тоо дансандаа үлдээгээд бусад бүх мөнгөө өр төлбөртөө өгч суух мэдрэмжийг ч бидний зарим нь мэднэ.

За тэр яахав, энэ удаад би та нараасаа "мөнгөтэй хүн жаргалтай байдаг уу?" гэж асуух гэсэн юм. Ердөө өнгөрсөн долоо хоногт доо, твиттер дээр эчнээ танил болсон, Тагтаа гэсэн хаягаар жиргэдэг залуу "мөнгө чухал биш гэж боддог байсан үеэ дурсахад би өөрөө ядуу байсан учраас л тэгж итгэхийг хүсдэг байсан юм байна" гэж жиргэсэн байхыг уншсан юм. Тэр залуу сүүлийн үед гэрээсээ Upwork дээр ажиллаж, доллараар цалинжиж байгаа. Мөн Монголчууддаа энэ боломжийг бас олгомоор байна, жаахан л англи хэл сурчих гэж уриалж байгааг нь хараад бахархаж сууснаа нуух юун.

Үнэхээр бид мөнгөгүй учраас мөнгө чухал биш гэж ярьдаг уу? Мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл гэж тийм олон байдаг уу? Би яг санадаг юм. 2 жилийн өмнө л мөнгө чухал биш энэ тэр гэж хариулж байснаа. Гэхдээ одоо харахад мөнгө бүх зүйлийг худалдаж авч чадахгүй ч эсрэгээрээ бараг л бүх зүйлийг бий болгож чадах юм байна гэж боддог болсон. Энэ нь би баяжсан гэсэн үг биш бөгөөд ядуу хэвээрээ байгаа ч мөнгийг харах өнцөг бага зэрэг өөрчлөгдсөнтэй холбоотой юм уу.

Жишээ нь эрх чөлөө, эрүүл мэнд бас цаг хугацааг худалдаж авч болно. Мөнгөтэй бол өөрөө бүх зүйлийг хийх шаардлагагүй, багахан мөнгө төлж бусдаар хийлгээд, харин түүнд зарцуулах байсан цаг хугацаандаа өөр илүү чухал ажил амжуулах боломжтой болно. Мэдээж тэр төлсөн мөнгө тань таны өөртөө гаргасан цаг хугацаагаас багаар үнэлэгдэж байгаа тохиолдолд.
Эрүүл мэнд. Үүнийг бид сүүлийн жилүүдэд ялангуяа маш сайн ойлгож авч байгаа. Мөнгөгүй бол улсад хэдэн жил зүтгэсэн, юу хийж бүтээснээс үл хамааран заавал бусдаас тусламж гуйж байж өндийх "эрхтэй" болдог. Аз нь таарвал шүү, гэхдээ. Арыг маань бүрэн дааж чадахаар улсад төрсөн байсан бол ч яахав, гэхдээ ойрын хэдэн жилдээ хандив хүссэн пост тасрахгүй байх вий гэдгээс жаахан айх шиг. Мөнгөтэй бол хамгийн сайн эмчилгээг авч, хамгийн эхний ээлжинд эмчлүүлж, хамгийн чанартай зүйлс хэрэглэж, урьдчилан сэргийлж бас чадна.

Мөнгөөр бас эрх чөлөөг худалдаж авч болдог. Сэтгэлийн болоод биеийн. За өнөөдөр нөгөө лизинг, цалингийн зээл татагдчихвал цаана нь хэд үлдэх билээ, дараа нь юугаа идэх билээ гэж тооны машин барин суухад хүний хэдэн ширхэг эс үхдэг бол? Хүссэн үедээ гараад зугаалах мөнгөтэй байсан бол хэн өнөөдөр сайн дураараа гэртээ стрессдээд сууж байх байсан бэ?

Мөнгөгүй болохоор л хоорондоо хэрэлдээд сууж байгаа нь нууц биш шүү дээ.

Мөнгөтэй бол хүн сүүлийн үед хүн хүндлэл, хайр дурлалыг ч бас худалдаад авчихдаг болчихсон ч юм шиг. Гэхдээ энэ хэсгийг та өөрөө бодож тунгаагаарай гээд түрдээ гурван цэг тавиад өнгөрье.

Батзандан тэргүүтэй УИХ гишүүд "тийм" хуулийн төсөл оруулахаас даруй 4 хоногийн өмнө би твиттер хэрэглэгчдээс "Танд нэг тэрбум төгрөг яг одоо май гээд өгвөл юу хийх байсан бэ?" гэж асуухад 154 хариулт ирснээс 67 нь хугацаатай дансанд хийж хүүгээр нь амьдарна гэж хариулсан бол 34 нь ямар нэг хувьцаа авна, хөрөнгө оруулалт хийнэ гэж хариулжээ. Харин үлдсэн хариултууд дунд дэлхийгээр аялна, гэрийнхэндээ тарааж өгнө, байрнууд худалдаж авч түрээслүүлнэ гэх зэрэг сонголтууд мөн дурдагдсан байсан.

Одоо харин танаас асууя, тэрбум төгрөгтэй бол юу хийх вэ? Эрх чөлөө, эрүүл мэнд худалдаж авахад хангалттай юу? Мөнгөгүй ч жаргалтай байна гэж үнэн сэтгэлээсээ, өөрийгөө хуурахгүйгээр хэлж чадах уу?

Ц.Ариунаа