“Давхар дээл” гэгч зүйл уул нь гишүүдийн өмссөн дээлийг хэлээгүй л юмсан. Гэтэл зарим нэг нөхөд нь дээлээ тайлж байна хэмээн өмссөн хувцсаараа хуучнаар "Сүхбаатар жанжны талбайд" шоу хийх нь инээдтэй. Ямарваа нэгэн зүйлийг шоу болгож заавал сүр дуулиан бадруулан жагсаал цуглаан хийж "давхар" дээлээ тайлж байх хэрэг байна уу!

Ингэж улс төрийн шоу хийж байхын оронд давхар албан тушаалаа татгалзаад л хуулиа баталчихаж болмоор санагдах юм. Хаврын улирал улс төрчдийн синдром хөдөлгөдөг ч гэсэн хүн ард амар тайван гадаа налайж суух цаг уул нь. Гэтэл ийн амар суухын ч арга алга. Учир нь хаа сайгүй зүйл бүрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Дэлгүүр рүү орж хоолны материал, талх боорцогоо цуглуулдаг хүн бүр үүнийг мэдэж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ 10-50 төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй.

Гэтэл парламент дахь улстөрийн намууд хийх ёстой ажлаа хийгээд батлах хуулиа баталчихаж болохгүй юу байна аа. Бүгд л сандал ширээнээс зууралдаад авсан бол тэрийгээ тавихаас айж мэгдсэн улстөрчид. Эрх мэдэл, албан тушаал улстөрчдийн хувьд улс орны хувь заяанаас илүү үнэтэй тусаж байна гээд хэлчихэж үнэнээс хол зөрөхгүй, тэднийг ард түмэн чинь ингэж л харж буй. Улсын төсөв хэлэлцэх үеэрээ ингэж их бодож үзээгүй дээ. Тэд монгол улсын төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөгтэй тооцсон улс.

Ээ хөөрхийс гэж. Ийн хэлэхийн учир нь УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар хоёр ч намын бүлэг тодорхой асуудлаар завсарлага авснаар чуулганаар нэн даруй хэлэлцэх байсан “авлигажсан төсөв”, “давхар дээл” тайлах төслүүд гацаанд орлоо. “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж буй УИХ-ын гишүүдийг дан дээлтэй болгох хуулийн төслөөр  завсарлага аваагүй байсан бол 2014 оны төсвийн тодотголыг бүрдүүлэх авлигажсан төсөв буюу 2014 оны төсвийн тодотгол гацах учиргүй. Ийн завсарлага авах болсон шалтгаан нь Ардчилсан намын "Шударга ёс" эвслийг хүчиндсэн гэх. Завсарлага авахуулсан гол зорилго нь давхар дээлтэйгээ байх гэж хугацаа хожиж байгаа. Өмнө нь чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан гэдгээс тод харагдана. Ийн АН-ын завсарлах хугацаа дуусангуут нь "Шударга ёс" эвслийн бүлгээр завсарлага авахуулж хугацааа хожиж өнөөх өөрсдийн найруулдаг хороо хутгаж яваа бололтой.

Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагийн хувьд “Шударга ёс” эвслийн бүлэг тийм ч амархан сайд нараа тавиад туучихгүй. 

Эл хоёр намын улстөрийн тоглолтоос болоод энэ онд төсвийн хөрөнгөөр хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудын төсвийн асуудал дахин саатлаа.

Улс орны бүтээн байгуулалтын ажлыг царцаасан төсвийн барилгуудын дүнгээс шалтгаалах байсан ч МАН завсарлага авснаар тав хоног хойшилж, Төсвийн тодотгол ч мөн тэр хэрээр хойшиллоо.

Урин дулааны энэ цаг үетэй зэрэгцэн ид өрнөж эхлэх зам засвар, барилгын ажил ийнхүү улстөрчдийн ашиг сонирхлоос болж тушаанд орж буй нь энэ.  Улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сайн сайхны төлөө гэж амлалт өгч, УИХ-ын гишүүн гэх зөөлөн сэнтийд заларсаныхаа дараа ийн хор найруулан улстөрийн тоглолт хийдэг нь сөрөг хүчний гол зарчим биш л баймаарсан. Засгийн газрын гишүүд ч мөн адил "давхар" дээлээ тайлж, "дан" дээлтэй үлдэнэ гэхээс зүрхээ зогстол айж буй, өрөвдөлтэй ч амьтад аа. Үүнээсээ болж шөнө ч нойр нь хүрэхгүй дээл дээл...

Улстөрийн түүхийн хуудсыг сөхөж харвал, 1996-2012 оны хооронд буюу таван удаагийн УИХ-ын чуулганы хугацаанд 10 удаагийн Засгийн газар ажилласан байна. Энэ хугацаанд Засгийн газарт 129 сайд алба хашсанаас 44 нь дан дээлтэй, 85 нь давхар дээлтэй. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, Засгийн эрхийг барьсан ч дөрвөн удаа Ерөнхий сайд нь солигдож байсан түүхтэй.

Х.Даваа